• Эхлэл
  • Ч.Хүрэлбаатар: Монголын эдийн засагт үүр цайж эхэллээ

Ч.Хүрэлбаатар: Монголын эдийн засагт үүр цайж эхэллээ

2018/02/06

-ОУВС-тай хамтран мэдэгдэл хийлээ- 


Татвар нэмсний “буруутан” болох шахсан Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөгчид энэ сарын 25-наас Монголд ажиллан өнөөдөр ажлынхаа үр дүнгийн талаар мэдээллээ. Монгол Улс 2017 оноос ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж буй. Уг хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээ дүгнэлтийг хийхээр ОУВС-гийнхан 14 хоногийн хугацаатай ажиллахаар ирсэн билээ. Энэ хугацаанд ОУВС-гийнхантай ярилцаж тохиролцсоноор татварын нэмэгдлүүдийг буцаан хуучин хэвд нь оруулаад байгаа. Ингээд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар Сангийн яам, ОУВС-гийн төлөөлөгдийн хамтарсан мэдээллийг хүргэж байна. Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-гийн  ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа 


-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, 2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 
Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. 


Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжирч, нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Экспорт, гадаад худалдаа нэмэгдсэн, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орлоо. Одоо Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг байгаа гэх мэтчилэн эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаад маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллана, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Одоо эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтээ хадгалах, улам нэмэгдүүлэхийн тулд ОУВС-тай хамтарч ажиллах шаардлага байгаа.

ЖЕОФФ ГОТЛЕБ: 
ЗАСГИЙН ГАЗАР ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГОО ЗӨВ УДИРДАХ ЁСТОЙ


Жеофф Готлеб:Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн маш сайн байна.
Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол чухал зүйл бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС бусад түншлэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Хөтөлбөрийн үр дүн гарч байгаад талархалтай байна. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойшхи хугацаанд Монгол Улсын ойрын хугацаанд төлөгдөх гадаад бондын төлбөрийг төлсөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, Засгийн газрын өрийн хэмжээ  тодорхой хувиар буурсан зэрэг гол үзүүлэлтийг онцолж байна.
Энэ нааштай өөрчлөлтийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа нэмэгдэж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол Улсын эдийн засаг ямар нэг эрсдэлд өртөх магадлал буурсан нь харагдлаа. 


Эдийн засгийн өсөлт сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой ч Засгийн газраас тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч чадсан гэдгийг онцолж хэлмээр байна. Гэсэн хэдий ч эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид эерэг хэвээр хадгалагдана гэх баталгаа болж чадахгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа. Тухайлбал, экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх нь том эрсдэл авчрах магадлалтай. Тиймээс Засгийн газар энэ эрсдэлүүдээ тооцоолж тодорхой бодлогын арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоо зөв удирдаж чадвал эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарна.


Үүнийн дараа ОУВС-гийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлийб сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд мега төслүүдээ хөдөлгөх боломж байгаа юу?


-Томоохон төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа нь ОУВС-гийн шийдэх асуудал биш. ОУВС бол хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг илүү таатай байлгах бодлогын зөвлөмж өгч ажилладаг. 


-Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах ямар байв?


-ОУВС-гийн хувьд цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна. Ялангуяа төсвийн бодлогын хүрээнд. 


-Рояалти татварыг тэнцвэржүүлж болох уу. Ялангуяа Оюу толгойн асуудал байна. Хэлэлцээрийн явцад энэ асуудал хөндөгдсөн үү?


-Хөрөнгө оруулалтын орчин эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой. Татварын орчин маш чухал. ОУВС-гийн хувьд олон улсын шилдэг туршлагыг бодлогын зөвлөмж өгөхөд бэлэн байна. 
Тодорхой татвар дээр ямар байхыг Засгийн газар шийднэ. 


-3 жил хөтөлбөр хэрэгжээд авсан зээл маань үр дүнд хүрэх үү. Энэ тал дээр тооцоо хийгдсэн болов уу?


-Ирэх хоёр жил маань өнгөрсөн нэг жилийнх шиг сайхан байж чадвал бид их баяртай байх болно. 
Зарим зүйлс бидний хяналтад байж чаддаггүй. Тиймээс ЗГ болон ОУВС хамтдаа өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй.
 
Эрсдлээс  хамгаалах нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай.

 

-Халамжийн хөтөлбөрүүд дээр тодорхой шийдвэр гаргасан уу. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх боломжтой юу?


-Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. 
Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед ядуурлын түвшин нэмэгдсэн байсан. Тиймээс Засгийн газраас хамрах хүрээг нь нэмэгдүүлсэн нь зөв шийдвэр байж магадгүй.

Бидний зорилго бол ядуу иргэд шаардлагатай халамж, үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй.
 

-Банкны салбарт хийгдсэн Активын чанарын үнэлгээний үр дүн ямар байгаа вэ?


-Активын чанарын үнэлгээний үр дүнг ярилцсан байгаа. Монголбанкнаас удахгүй энэ талаар мэдээлэл өгөх байх. 
Бидний авсан мэдээллээр зохицуулж болох үр дүн гарсан гэж ойлгож байгаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин