• Эхлэл
  • Засгийн газрын хаалттай хуралдаан: Эрдэнэт

Засгийн газрын хаалттай хуралдаан: Эрдэнэт

2018/02/06

“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан маргаан Олон улсын Арбитрын шүүхэд дөрвөн жил дамнан, гурав дахь удаагаа ялагдан, Засгийн газар, “Эрдэнэт” үйлдвэр 100 гаруй сая ам.доллар буюу 250 орчим тэрбум төгрөг төлөх шийдвэр гардан аваад байгаа. Энэ шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд гардан авснаа тас нууж байсан Засгийн газар өдгөө энэ мөнгийг хэн төлөх вэ гэсэн асуултад ээрэгдэж байна.

Уул уурхайн сайд Ч.Сумьяабазар байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрсөн бол, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газар хамаагүй, “Эрдэнэт” үйлдвэр асуудлаа шийднэ гэсэн үг унагасан. Гэвч Эрдэнэт үйлдвэр төллөө ч гэсэн энэ одоогийн эрх баригчдын хэлэх дуртайгаар “Ард түмний өмч”.

Ийн ацан шалаанд ороод байгаа Засгийн газрын “Эрдэнэт”-ийн хэмээх асуудлаар хаалттайгаар хуралдсан мэдээлэл байна. Өмнө нь албаны эх сурвалж Эрдэнэт үйлдвэрийн дансыг хааж битүүмжлэх хүртэл нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж байсан бол яг энэ хуралдаанаар Олон улсын Арбитрын шүүхийн нэхэмжлэлийг хангаж, “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, хөрөнгийг нь хураах болсон тухай хэлэлцсэн бололтой.

“Эрдэнэт”-ийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг байгуулан, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа юм байна.

Одоогоор Олон улсын Арбитрын шийдвэрийн дагуу сардаа 900 мянган ам.доллар буюу өдөрт 75 сая орчим төгрөгийн хүүгийн торгууль нэхэгдэж байгаа учраас энэ асуудлыг шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэгэхээр өнөө маргаашгүй “Эрдэнэт”-ийн данснаас мөнгө төлөгдөхийг үгүйсгэх аргагүй юм. Гэвч албаны эх сурвалжууд сурсан ёсоор ийм мэдээллийг нуугаад өнгөрөх магадлалтай.

Дээд шүүхээс “Эрдэнэт”-ийн ТУЗ-аас 49 хувь эзэмшигчдийг хассан нь хууль бус гэсэн шийдвэр гаргасан ч төлөөлөл ТУЗ-д орж чадахгүй байгаа учраас ийм мэт “дансны хөдөлгөөн”-ийг ч мэдэж чадахгүй, нууцаар хийгдэж болзошгүй байдалтай байна.

Ингэхэд ард түмний өмч гэж хэлэх дуртай “Эрдэнэт”-ийн данснаас “Жаст”-ийн өрийг төлөх нь зөв үү, та юу гэж бодож байна?    

А.Туяа

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу. 

“Эрдэнэт”-ийн ээдрээ

49 хувийн хувьцаа ба 51 хувийн өр

“Эрдэнэт”-ийн 49 хувь ирэх сонгуулийн бооцоо

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин