• Эхлэл
  • Баак:Би аядуу зөөлөн фэйсбуукчин шд

Баак:Би аядуу зөөлөн фэйсбуукчин шд

2018/02/12

Сошиал ертөнц, тэр тусмаа FB-д өнгө өнгийн сонирхолтой хүмүүсийн сонирхолтой ертөнц амилж, амьдарч байдаг. Тэдгээрийн нэг болох Baak MB-тэй богинохон ярилцлага өрнүүллээ. Түүнийг сонирхолтой, хөгжилтэй постоор нь олон хүн мэддэг. Харин сүүлийн хэдэн өдөр FB-д Baak-ийг "хайх" хөдөлгөөн өрнөх шахаж, яагаад сүүлийн үед FB-д харагдахгүй байгаа юм бол гэж олон хүн гайхаж байна. Ингээд хэрхсэнийг түүний ярилцлагаас уншаарай. 

-ФБ-ийн ачаар мэдсэн нэг сонин хүн та юм. ФБ найз болсон хойно зарим бүтээлтэй чинь танилцсанаа хэлж байна л даа...?

-Нэгдүгээрт, өөрийг болон өөрийн хийсэн зүйлээ магтахад ФБ-ийг ашигладагт би дургүй. Зарим хүний постыг сайн тайлж уншвал юу ч өгүүлсэн өөрийг бөгөөд өөрийн "нандин" чанаруудыг магтсан байдаг. Би их амар зам сонгосон. Онигоо постлож, бусдын наргисан постыг харах дуртай. 

Хоёрдугаарт, хийсэн бүх аар саархан зүйлээ "бүтээл", хийх болгоноо "туурвих" гэж ярих марзан шд. Тэр бүү хэл "миний шавийн туурвисан бүтээл" гэж ярьж байхчуу лээ. Шавь туурвиж байгаа бол багш бүр алж өгнө биз дээ? Би хийсэн ажлаа ажилбар гэж нэрлэдэг. Яагаад тэгдгээ мартчихжээ.

Гуравдугаарт, хүн болгон адилгүй тул тэдний ФБ-д орсон шалтгаан бас өөр, өөр. Танигдах гэж орсон хүмүүс голдуу паблик бичиж, маш олон хүний араншинг хүлцэн, бусадтай чөлөөтэй харьцдаг. Би бол сонгосон хэдэн найзтайгаа стрессгүй наргиж, хэрэгтэй хэдэн гадгаад, дотгоод сайтны мэдээллэл хардаг. Бас хүмүүсийг аждаг. Тийм гаж хоббитой

-Хөгжмийн зохиолч Г. Энхбаяр нэгэн удаа зурагтаар ярилцлага өгөхдөө таныг дууны үгээ яруу найраг гэж хэлүүлэх дургүй, бүр уурладаг гэж байсан. Яагаад вэ?

-Уурладаг нь ч юу юм. Урлагийн гавьяат зүтгэлтний урдаас шалтгаангүй уурлаж болохгүй шд. Миний дууны үгнүүд яруу найраг биш ээ. Зүгээр л дууны үг. Хар залуугаас дуу, хөгжим сонирхож ирсэн хүний сэтгэлийн илэрхийлэл, нөгөө л ажилбар. Биелгээ, балет хоёр өөр биз дээ?

-Дууны үг гэснээс хэзээнээс бичиж эхэлсэн бэ?

-Хөгширчихөөд гэнэт бичээд эхэлсэн юм ч бас биш. Их сургууль төгсгөөд Монголын радио, телевизэд очиход тэр үеийн лагуудыг харж, танилцах боломж олдсон л доо. Бадар-Ууган, Долгион, "Инээмсэглэл"-ийн Цогдэлгэр, Балхжав, "Хонх"-ын Энхбаяр болон бусад ах нарыг ажиглаж, Хоовон Энхбаяр, "Хонх"-ын Цогтсайхан, Нохойн орны Төрмөнх, "Он энд Офф" продакшныхантай үерхэж эхэлсэн. Тэдний эд гялалзаж явсан үе шүү дээ, базарваань. Гадгаад хөгжим их сонсдог, монгол дуугаа амаа мэдэхгүй шүүмжилдэг, цор цор гэдэг мангар бацаан байсан. Ихэнхийг нь "чи, ми" гээд л... Нэлээд хожуу өөрийнхөө өчүүхнийг мэдээд больсон доо. Маш өгөөжтэй, сайхан он жилүүд байжээ

-Телевизийн мэргэжилтэй билүү?

-Үгүй л дээ. Би хятад судлал, хятад хэлний орчуулагчийн дипломтой. МУИС төгсгөөд Монголын радиогийн Хятад хэлний редакцид ажилд орсон юм. Нэвтрүүлэгч, хожим редактор байлаа. Хятад хэл их хэцүү. Сүүлд бодохнээ би хятад хэлний хэлмэрч л юм билээ.

-Миний мэдэхийн сүүлийн үед Хоовон ах Та хоёр хамт хоёр, гурван дуу хийчихлээ. Бүгдээрээ л хайрын тухай юм. Тийм дурламтгай хүн үү?

-Хайр сэтгэл нь ая дууны хамгийн гол сэдэв гэж боддог. Яахав улстөрч, бөх, компани, аймаг, сумын тухай дуу байна л даа. Гэхдээ миний бяд хүрэхгүй, шахаад шахаад гарахгүй. 

-Одоо тэгээд юу хийж байна?

-Би өөрийгөө сул иргэн гэж нэрлэдэг. Фрийлэнсэр буюу халтуурчин. Чөлөөт уран бүтээлч гэхээр билэг танхай зохиолч, найрагч, видео, киночид хангинаад байдаг юм. Уг нь харьяалалгүй, хэн нэгнээс тогтмол цалин пүнлүү авдаггүй хүнийг чөлөөт уран бүтээлч гэмээр. Манайх урьд нь үзэл сурталд баригдаж байсан болохоор эрэлхэг зоригтой, билэг танхай хүмүүсийг чөлөөт уран бүтээлч гэдэг бололтой. Бие даасан гэвэл арай дээр юм уу?

-ФБ-т нэлээн задгайдуу гэмээр пост тавьдаг санагдсан. Имиж үү? Мөн чанар уу?

-Мэдэхгүй цус. Миний насны сул иргэн бусад хүн өөрийнх нь тухай юу гэж бодох бол? гэж хэт эмзэглэх илүү газар байлгүй дээ. Гэхдээ улс төр, урлаг соёл, ТВ-ийн шоунуудын талаар талцан хэрэлдэхэд огт оролцдоггүй аядуу зөөлөн фэйсбуукчин шд

-Таны нэгэн өгүүллэгийн комментуудыг уншиж байхад "Өөрийнхөө тухай бичдэг юм шиг" гэсэн сэтгэгдэл анхаарал татсан. Надад бас тэгж санагдсан?

-Ёстой үгүй. Харин найз, нөхдөө ажигласан, орчин тойрон, ахуй амьдралд харсан зүйл сэтгэлд үлддэг бололтой юм билээ.

-Онгодын талаар юу гэж боддог вэ?

-Надад ахадсан асуулт байна. Гэхдээ яадаг юм хариулнаа. Сэтгэлд бүрдээд, бодолд биежээд цаасан дээр буудаг болохоор онгод гэж байдаг байх аа. Маш өндөр мэргэжлийн хүн л төлөвлөгөө, тооцоотой "туурвидаг" байх 

-За баярлалаа. ФБ-т сахилгагүйтэж байгаад ээлжит удаа блоклуулсан гэсэн. Блокноос эртхэн гарахыг хүсэн ерөөе

-Хурай, хурай

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин