• Эхлэл
  • Н.УЧРАЛ: Манайд шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй

Н.УЧРАЛ: Манайд шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй

2018/02/21

УИХ-ын гишүүн Н.Учралын ярилцлагыг хүргэж байна.

-Манай улсын боловсролын салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Боловсролын салбарын бодит нөхцөл байдлыг харахад нэгдсэн бодлого байхгүй, учраа олохгүй байгаа байдал харагдаж байна. Бодлогоо ойлгохгүй байна, хамтын ажиллагаа, багийн зохион байгуулалт алга. Дэлхийн боловсролын байгууллагууд индексийг гаргадаг. Бага сургуулиа төгсөөд дунд сургуульд ороход нь шалгалт авдаг. Тэнд ямар дүн үзүүлсэн бэ гэдгээр нь боловсролынхоо үнэлгээг гаргадаг юм. Ерөнхий боловсролын сургуульд нэг ангийн онц сайн сурдаг ганц нэг хүүхдээр үнэлгээгээр гаргах биш нийт хүүхдийн сурлагын дунджаар дундачлалыг гаргах ёстой юм. Манай боловсролын салбарт ганц нэг сайн үнэлгээ тоон үзүүлэлт болгож ашигладаг тал бий. Боловсролын дундажийг гаргаж, манай улсын боловсролын салбар ийм байна гэдгийг зарлаж, үүний дараа монгол хүүхдийн генетикийн судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх ёстой. Финланд, Шведэд гэхэд бага боловсрол, цэцэрлэгийн багш нарт хамгийн өндөр цалинг олгодог. Суурийг сайн тавьж боловсрол хөгжинө гэж үзэж байна. Гэтэл манай улсад сургуулийн хүртээмжийн байдал хүнд хэвээрээ л байгаа. Өнөөдөр сургуулийн хүртээмж 18 хувиар өссөн байгаа ч боловсролын салбарт ямар бодлого, хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тодорхой биш байна шүү дээ. Гаднаас сургалтын хөтөлбөрийг шууд хуулбарлах биш монгол хүүхдийн генетикийн судалгааг юуны өмнө гаргах ёстой. Үүндээ суурилсан хөтөлбөр боловсруулах ёстой. Их, дээд сургуулиуд судалгааны байгууллага болъё гэсэн зорилт дэвшүүлээд яваа нь мөн л хоцрогдсон арга. Судалгааны сургууль болъё гэж уриа дэвшүүлэх биш судалгаагаа яаж дэмжих вэ, мэдлэгийг хэрхэн бий болгож байна вэ гэдэг нь чухал. Дээд боловсролын салбарт шинэ мэдлэгийг хэрхэн бий болгож байна вэ, баялгийг хэрхэн бүтээж байна вэ гэдэг үндсэн хоёр үзүүлэлтээр улс орны хөгжлийн үндсийг өнөөдөр тодорхойлдог болчихсон. Их сургууль бол шинжлэх ухааны технологийн мэдлэг, аж үйлдвэрийн мэдлэгийг бүтээдэг. Шинжлэх ухааны технологийн мэдлэг гэхээрээ олон улсын сэтгүүлд хичнээн өгүүлэл бичив, шинэ нээлтүүд юу хийв гэх мэтийг тоон үзүүлэлтээр авч үзэхийг хэлнэ. Аж үйлдвэрийн мэдлэг гэхээрээ гарааны хичнээн компани байгуулагдав, зах зээлд гарч хичнээн хүнийг орлоготой болгов гэх мэт үзүүлэлтүүдээр тооцно. Манай их, дээд сургуулиудад дээрх тоон үзүүлэлтээр авч үзвэл шалгуурт тэнцэх нэг ч сургууль байхгүй. Манай улс аж үйлдвэрийн мэдлэг олгох юм уу эсвэл судлаач нар бэлдэж байгаа юм уу. Үүнийг эхлээд тодорхойлчих ёстой. Ер нь манай боловсролын салбарт нэгдсэн бодлого алга, ямар хөтөлбөрөөр явах гэдэг нь суралцагчдад нээлттэй тодорхой биш байна.

-Боловсролын салбарт шинэ сайд ирэх тоолондоо эсвэл нам, засаг солигдох тоолонд сургалтын агуулга, хөтөлбөр өөрчлөгдөөд байдаг. Үүнд та ямар сууринаас ханддаг вэ?

-Боловсролын салбарынхнаас би ганцхан асуултыг асуудаг юм. Монголын боловсролын үндсэн хөгжлийн хөтөлбөр гэж юу вэ гэдгийг асуудаг. Суралцагч нар эхлээд ямар хөтөлбөрөөр, ямар бодлоготой байх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Үүнийг нь сургуулиас нь зарлах ёстой. Их, дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэгт ийм хөтөлбөрөөр энэ мэдлэг, мэдээллийг олж авах юм байна гэдгээ хоёр талаасаа танилцаж мэдсэн байх ёстой. Одоо бол ерөнхий боловсролын байгууллага цөм хөтөлбөрийг хэрэгжүүлээд байх шиг байгаа юм. Сурах бичиг нь гэхэд есдүгээр сарын 1-ний өдөр сурагчдын гар дээр ирэхээ байсан завхрал гардаг болсон байна лээ. Бараг арванхоёрдугаар сар хүргэж байж сурагчдын гар дээр сурах бичиг нь ирж байх жишээний. Сурах бичгийнхээ агуулга дээр ажиллаж амждаггүй гэсэн тайлбарыг өгч байна. Манай улсад боловсрол соёл шинжлэх ухааны салбар нь хэзээ ч улстөржиж болохгүй салбарын нэг. Аль нам нь хамаа байхгүй, нэгдэж суугаад боловсролын салбарт хөгжлийн үндсэн энэ хөтөлбөрийг барих юм байна гэдгээ салбарт ажиллагсад тодорхойлчих хэрэгтэй. Тэгээд үүний цаана хэрэгжилтийг хийх хэрэгтэй.

-Та салбарын сайд Цогзолмаагаас хэр их үр дүн хүлээж байна?

-Цаг хугацааны хувьд одоо урт биш хугацаа үлдлээ. Би тоо ярь гэж хэлдэг. Хичнээн багш, оюутнууд судалгааны өгүүллээ нийтлүүлэв, хичнээн гарааны компани байгуулагдаж хичнээн төгрөг олов, их сургуулиуд төсөвт хичнээн төгрөгийн орлого оруулав гэх мэтээр тоон чанараар энэ салбарын бодит үнэлгээг харна шүү гэдгийг хэлж байгаа. Өнөөдөр их дээд сургуулиуд гэхээрээ улсын төсвөөс дандаа мөнгө авдаг биш эргээд мөнгө оруулдаг байхаар ажиллах боломж хүртэл байна.

-Цалингаа нэмүүлнэ гээд жагсаад байсан багш нар эцсийн ямар шийдэлд хүрсэн бэ?

-Багш нарынхаа асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол нэг удаагийн гал унтраах маягаар шийдэх ч юм биш л дээ. Миний санаачилсан Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажлын хэсгийнхэн уншиж танилцаж байгаа гэсэн. Уг нь энэ хууль батлагдчихвал багш нарын асуудал системээрээ зөв болно. Боловсролын салбарт багшийн чанарыг сайжруулах нь нэн түрүүний хийгдэх гол ажлын нэг. Багшийн хөгжлийг дэмжиж, нийгэмд багшийн нэр хүндийг өсгөж байж багш болох сонирхлыг нийгэмд өдөөж өгнө. Ингэж чадвал мэдлэг боловсролтой сайн залуус багшийн мэргэжлийг сонгоно.

-Ойрын үед агаарын бохирдол ихэссээр байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар ажлууд хийгдэх ёстой вэ. Таны сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүрэг бол утааны гол голомт байдаг газрын нэг?

-Би Сонгинохайрхан дүүрэгтээ өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Утааны асуудал маш хүнд байгаа. Улаанбаатар хотод дүүргээр нь бүсчлэх шаардлагатай. Би урьд нь утааны асуудал дээр бодитой хэд хэдэн ажлуудыг хийж, ярьж байсан. Өмнөх Засгийн газрын үед Шинжлэх ухааны академи хүрээлэнгээр хийлгэсэн бодитой санаачилгууд танилцуулж байсан. Шөнийн тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор өдөр нь дулаанаа барьдаг зуух утаа гаргахгүй технологи бий. Шаардлагатай бол энэ зуухыг авч ажиллуулж үзмээр байна. Ерөнхий боловсролын сургуулиудад агаар шүүгч тавилаа гээд агаарын бохирдол шийдэгдэхгүй. Гал унтраах төдий ажил болчихоод байна. Манай тойрог дээр гурван айл дээр хэрэгжүүлж байгаа лагаар гааз гаргадаг технологийг бас туршиж хэрэглэмээр байна. Төв аймагт утаагүй зуух туршигдаад Зуун-Мод сум утаагүй болчихсон байна гэнэ. Шинэ дэвшилттэй технологийг эрэлхийлж, эх оронч худалдан авалтыг дэмжчихвэл утааг бууруулах тодорхой алхам болох юм. Одоогийн байдлаар агаарын бохирдлыг бууруулах 16 тэрбум төгрөг байна. Нүхэн жорлонг шийдэхээр Азийн хөгжлийн банкны гурван сая ам.доллар Байгаль, орчин ногоон хөгжлийн яаманд байна. Зөв оновчтой шийдлээ сонгох тухай болохоос биш төсөв мөнгө байхгүй гэдэг бол шалтаг. Цаашид утааг бууруулахын тулд дагуул хотуудаа хөгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Нийслэл хотын удирдлагууд жил бүр 560 сая төгрөгөөр шатахууны зардал гэж авдаг юм байна лээ. Монголчууд өөрсдөө цахилгаан автомашин үйлдвэрлээд эхэлсэн байна. Хэрвээ цахилгаан автомашинаар нийслэлийн дарга нар явах юм бол 560 сая төгрөгөөс жилдээ 56 сая төгрөгийг л түлшинд зарцуулж цаана нь мөнгө хэмнэнэ. Хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болох ажлуудыг төсвийн байгууллагуудаас санаачилга гаргаж хийх хэрэгтэй байна. Агаарын бохирдлоос шалтгаалаад ханиад томууны өвчлөл маш хүнд байгаа. Ирэх нэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэг сарын хугацаатайгаар амраах шийдвэр гарсан нь зөв шийдвэр юм. Дэлхийн улс орнууд утаанаасаа салсан арга нь ядуурлыг зогсоож хүмүүсээ ажилтай болгож, эх оронч худалдан авалтыг дэмжсэн байдаг. Жишээ нь цахилгаан автобусыг сургуулиудад явуулах хэрэгтэй. Агаар шүүгч авах гэж байгаа бол Монголд үйлдвэрлэсэн компаниудаасаа авчих хэрэгтэй. Ажил орлоготой болсон хүмүүс нүүрс түлэхээс өөр шийдлийг бас хайж эхэлдэг юм байна лээ. Дан ганц утаатай тэмцэх биш ядууралтай хамтдаа тэмцэж байж агаарын бохирдлын тухай асуудлыг шийднэ.

 

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН СОНИН 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин