• Эхлэл
  • Д.Ганбаатар:Эхнэр маань миний найдвартай ар тал

Д.Ганбаатар:Эхнэр маань миний найдвартай ар тал

2018/03/16

-“Макс” группын Ерөнхийлөгч Д.Ганбаатар: Сайхан сэтгэлтэй хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг. Бурхан надад сайхан хань бэлэглэсэнд баярладаг-

 

"Макс" группын Ерөнхийлөгч Д.Ганбаатарын ярилцлагыг хүргэж байна.  

-Таныг хүмүүс Монголын мисс сайхан бүсгүйтэй  гэр бүл болсон азтай, одтой залуу гэдэг. Гэр бүлийн чинь хүн таны ажилд нөлөөлдөг үү?

-Мэдээж ямар ч хүнийг тодорхой хэмжээний амжилтанд хүрэхэд гэр бүл чухал байлгүй яахав. Хань маань миний ажилд нөлөөлдөг. Миний найдвартай ар тал гэж хэлж болно. Сайхан сэтгэлтэй хүнд бурхан  сайн хань заяадаг гэдэг биз дээ. Бурхан надад сайхан хань бэлэглэсэнд баярладаг. Би ханьдаа хайртай, хүүхдүүддээ хайртай, гэр бүлдээ хайртай. Эд чинь миний том эх орон доторх жижигхэн эх орон шүү дээ. Бас сайхан хамт олон сайн баг ажлыг амжуулдаг даа.  

-Таны гэргий Уянгалхуа “Макс” группын охин компанийг удирддаг гэсэн Өөрөөр хэлбэл таны бизнесийн ажилд тусалдаг гэж ойлгож болох уу?

-Манай хүн өөрөө тусдаа бизнес эрхэлж байгаа. Миний хувьд Уянгаагийнхаа энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Бизнес хийнэ гэдэг  нарийн ухаан зардаг ажил учраас ханийгаа их зүйл сурна гэдэгт итгэлтэй байгаа.

-Таны ах Д.Цэрэнжигмид та хоёрыг Монголд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэнүүд гэж олон нийт үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Манай компанийн бүх үйл ажиллагаа нийгэмд нээлттэй байдаг. Биднийг мэдэх хүмүүс ерөнхийдөө мэднэ. Бид бизнесээ бүр тэгээс нь эхлэж байлаа. Аль болох хэлсэндээ байж шударга ажилладаг хамт олныг бүрдүүлж чадсан. Том жижиг гэлтгүй аливаа ажлыг хийхэд ямар ч хүнд сайхан сэтгэл гэж байх ёстой. Сайхан сэтгэлтэй хүнд аз заяадаг гэж бурханы номонд байдаг шүү дээ. Би энэ үгэнд итгэдэг. Миний хувьд би гэхээсээ илүү бид гэж ярих дуртай. Тиймээс бид болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзлээр ажилд ханддаггүй. Хэрхэн ажиллавал шинээр ажлын байр бий болгох вэ гэж тэрийг л эрэлхийлж яваа ийм л хамт олон гэж ойлгож болно. Яахав ах бид хоёрыг нийгэм тэгж хүлээн зөвшөөрч байгаа бол бид хүлээн зөвшөөрөгдөхөөр л ажиллаж байгаа юм байна.

-Таныг нийгэмд “Макс”-ийн Ганбаатар гэдгээр чинь  илүү мэднэ. Та хэзээ нэгэн цагт улс төрд орох уу?

-Надад хийхээр төлөвлөсөн ажил их байгаа учраас би улс төрд орох бодолгүй байна. Ер нь хүн хийж чаддаг чаддагаа хийгээд явах сайхан ш дээ. Сонирхдоггүй салбартаа очиж цаг алдаж байхаар өөрийн чадах зүйлээ хийгээд  явбал өөрт ч хэрэгтэй улс нийгмийн хөгжилд ч хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр манай групп 1200 гаран ажилчидтай болж байгаа. Ахиад 1000 ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Бизнест амжилттай яваа хүн улс төрд найзгүй байна гэж байдаггүй. Өнөөгийн улс төрд таны найз хэр олон байдаг вэ?

- УИХ-ын гишүүн Р.Гончигдож байна. Мөн МАН-ын  дарга М.Энхболд байна. М.Энхболд сайдтай бид нэг галд явдаг. М.Энхболд гуай моринд их сонирхолтой хүн бид их ойр байдаг л даа. Надад нам намын сайхан найз нөхөд олон бий. Би морь сонирхдог болохоор мориор дамжиж олон сайхан найз нөхөдтэй болсон. Ер нь нэг хобби гэдэг чинь олуулаа болж найзалж нөхөрлөнө гэсэн үг ш дээ.

-Таныг хотын даргаар дамжуулаад хотын төвийн хамаг л газрыг аваад байшин барилга барьсан гэж хэвлэлд бичсэн байсан. Та үнэхээр авилга өгөөд газар аваад барилга барьсан юм уу?

-Намайг ямар газар аваад ямар хэмжээний байгууламж бий болгосныг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Би М.Энхболд сайдтай сайхан ах дүүгийн харилцаа дээр нь адилхан нэг хоббитой хүн. Би тэр хүний эрх мэдлийг өөрийн бизнестээ ашиглаагүй. Надад тийм хүмүүжил байхгүй. М.Энхболд гуай ч тийм ёс зүйтэй хүн биш. Манай компаний төв оффис байгаа “Maks tower”-ийн байр бол үнэхээр хотын төвийн “А” зэрэглэлийн газар нь үнэн. Энийг бид “Монгол ном” компанийн склад байхад нь худалдаж авсан.  Төв шуудангийн хажуу талд баригдаж байгаа барилгын газар байна. Энийг бид 1998 онд дуудлага худалдаагаар тухайн үед маш их үнээр авч байсан. Дөрвөн зам дээр баригдаж байгаа “Maкс center” байна. Энийг бид Ж.Энхбаяр гэж гишүүнээс худалдаж авч байлаа. Арван есдүгээр хороолол дахь обьектийг “Солонго ая” компаниас худалдаж авсан. Бидний бүх аваа өгөө  хууль ёсны дагуу зах зээлийн зарчмаар явагдсан. Үнэндээ хотын захиргаанд дээгүүр алба хашиж байгаа танил талаа ашиглаад газар авч болох боломжууд надад зөндөө байсан. Бидэнд хангалтай мөнгө байсан учраас шударга ажиллах зарчмыг баримталж ажилласан. Тэгсний хүчинд өнөөдөр манай хамт олон элдэв нэр хоч зүүж байгаад алдаагүй гэж үзэж байгаа. Бид асар их үнээр авсан шигээ  эргээд асар их ашгийг олж чадсан.

-“Макс” группийн мэдэлд хичнээн компани үйл ажиллагаа явуулдаг вэ. “Berlinburger”, “Broadway” зэрэг нэр хүнд бүхий хоолны сүлжээ газрууд танай компанийн мэдэлд байдаг биз дээ?

- акс группийн доор арав гаран компани байгаа. Бүгд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Бид компаниа байгуулснаар хойш хориод  жил хоолны бизнес эрхэлж байна. “Broadway”-ийг Максийнх гэж хүмүүс их андуурдаг л даа. Манайх биш. Харин “Berlinburger” манай салбар компани. Манай хамт олон 20 жилийн турш хоолны бизнес эрхлэхдээ ганц удаа ч шулсан мах захаас худалдаж авч байгаагүй. Тийм болохоор үйлчлүүлэгчид маань манайд их итгэдэг. Миний үйл ажиллагаа ганцхан минийх биш ардаа хэдэн зуу, мянган хүний аж амьдрал хэдэн зуун мянган хэрэглэгчтэй шууд холбогддог болохоор би хамт олондоо үргэлж чанарыг захидаг. Нөгөө талаар бидний ажил сайн байвал улсын хөгжил сайжирна гэж ойлгодог.

-Танай компани дотооддоо ганцаарчилсан томоохон үйлдвэр аж ахуйн газар байгуулах боломж байгаа юу. Макс группийг их мөнгөтэй гэдэг шүү дээ?

-Барууны оронд томоохон компани, корпорациуд дампуурчихаар төрөөс мөнгө өгөөд дэмждэг шиг Монголын засаг тэгж чадахгүй юмаа гэхэд эрүүл бодлогоор зөв дэмжээд явах хэрэгтэй. Өнөөдөр монголын эдийн засгийн 80 гаран хувийг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ үүрч яваа. Тийм болохоор цаг үедээ тохирсон хууль дүрэмтэй бизнес нь төрөө хүндэтгэдэг төр нь бизнес эрхэлж буй компаниудаа дэмждэг байвал сайн л байна. Бид салбар салбартаа өөрчлөлтийг ардчилсан зарчмаар хийвэл зүгээр байх. Өнөөдөр байгаа хатуу үнэн гэвэл захаас цувдай бүтэнээр нь авч идэж чадахгүй олон олон айл өрх монголд аж төрж байна. Бид хамтдаа энэ олон өрхийг аль болох бага байлгах хэрэгтэй. Макс групп алсдаа томоохон аж ахуйн газрыг  байгуулах бүрэн боломж бий. Харин цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байна.

-Зээлгүйгээр ямар ч бизнес урагшаа явдаггүй гэж ярьдаг. Та болоод танай компани дотоодын банкнуудад зээлтэй юу?

- Мэдээж зээлтэй байлгүй яахав. Томоохон эргэж байгаа компаниуд зээлгүйгээр урагш алхахгүй ш дээ. Хамгийн гол нь тухайн зээл том байж болно, жижиг байж болно. Төсөл нь амжилттай хэрэгжээд явах баталгаатай байх ёстой. Өнөөдөр монголын банкууд дотоодын компаниудын хэрэгцээг хангачих хүчин чадалтай юу гэвэл тийм байж чадахгүй л байна. Нэг төгрөг өгөхдөө таван төгрөгний барьцаа нэхдэг хэвээрээ л байгаа. Монголд нэлээн том төслийг санхүүжүүлэх хэмжээний том банк одоогоор дутагдаж байна.

-Та ямар машин унадаг вэ. Дэлхийн брендүүдээс алийг нь сонирхдог юм. Одоо хичнээн машинтай болж байна?

-Эр хүнийг унаж яваа хүлгээр нь шинж гэдэг биз дээ. Би дэлхийн томоохон фермийн машинуудыг сонирхдог.  Гэхдээ Монголынхоо нөхцөлд тохируулаад LIXUS-570 маркийн машинийг ундаг. Надад хоёр машин байдаг. Хүн хорвоод нүцгэн ирээд ирсэн шигээ нүцгэн буцдаг гэдэгтэй санал нийлдэг учраас янз бүрийн юманд цаг заваа зараад байдаггүй. Сэтгэлд нийцсэнээ л анхаарч үздэг гэж болно.

-Таныг морь уядаг моринд нэлээн сонирхолтой гэдэг. Өөрийг чинь Араб азаргаа нэлээн үнэ хаяж авсан гэж байсан. Нууц биш бол та Араб азаргаа хэдээр авсан юм бэ?

-Морь уяна гэдгийг зарим хүмүүс зугаа цэнгэл мэтээр ойлгодог. Морь уяа гэдэг бол нүүдэлчдийн том соёл шүү дээ. Улс үндэстэн бүр өөрийн гэсэн соёлтой. Миний хувьд морь уяна гэдэг улсынхаа тэр олон соёлоос ганцыг нь ч болов хамгаалж хайрлаж байгаа хэрэг гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил ганц нэг Араб адуу худалдаж авсан. Мэдээж үнэгүй авахгүй нь ойлгомжтой. Гэхдээ тийм өндөр биш ээ. 

-Таныг АНУ-д болдог морин уралдаанд өөрийн Араб адуунаас уралдуулсан гэж сонссон юм байна. Тэнд очиж морио уралдуулна гэдэг амаргүй даваа шүү дээ?

-Дэлхийн том уралдаанд морио түрүүлүүлэх мөрөөдөл надад байгаа. 2003 онд дэлхийн хэмжээний уралдаанд хоёр адуу явуулсан. Бусад жижиг уралдаануудад оролцож байсан. Ер нь монголчууд мориор дэлхийг дийлэх боломж байгаа. Харин хэн, хэзээ дийлэх бол гэдэг нь цаг хугацааны асуудал. Гадаадад мундаг сайн уяачид байдаг. Тэднээс монголчууд арай илүү дээ илүү. Удахгүй монголчууд нэг юм дуулгах байх. Би тэрэнд итгэлтэй явдаг шүү.

-Хэзээнээс морь уяаж эхлэв. Одоо та хэдэн азарга адуутай болж байна?

-Яг морь уяад 12 жил болж байна. Морио дээдэлдэг Монгол хүний хувьд надад 20 гаруй азарга адуу бий.

ЭХ СУРВАЛЖ:СЭРҮҮЛЭГ СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин