• Эхлэл
  • Ноён уулын 36 дахь шүүх хурал өнөөдөр болно

Ноён уулын 36 дахь шүүх хурал өнөөдөр болно

2018/03/15

Өмнө нь гуравдугаар сарын 5-нд товлогдоод хойшилсон Ноён уул дахь “Сентеррагоулд Монголия” компанийн лицензтэй холбоотой шүүх хурал өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-нд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болно. Энэ нь уг маргааны 36 дахь удаагийн шүүх хурал нь юм. Өмнөх хуралдаан гуравдагч этгээд болох Засгийн газрын төлөөлөл шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул хариуцагчийн хүсэлтээр хойшлогдсон.

Харин энэ удаагийн шүүх хурал дахин хойшлох эсэх нь тодорхойгүй байна. Саяхан буюу гуравдугаар сарын 12-нд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны шүүхэд Ноён уулын тусгай хамгаалалттай газрын шүүх хурал болж “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийнхний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Үүнд Ноён уулын тусгай хамгаалалттай газрын хэмжээг өөрчлөн багасгасан ИТХ-ын тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан нь Ноён уулын үндсэн шүүх хуралд нөлөө үзүүлэхүйц шийдвэр болсон гэж иргэний нийгмийн байгууллагынхан үзэж байгаа аж.

Сануулахад 2016 оны нэгдүгээр сараас шүүхэд үргэлжилж байгаа энэхүү маргаанд нэхэмжлэгчээр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд Монголия” компани, Засгийн газар оролцож буй билээ.

 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:“Шүүх хурал өнөөдөр 10.50 цагт эхэлж, Сентеррагоулд Монголия" компанийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүйгээс уг хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. 

 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

35 дахь удаагаа хойшилж буй алдарт шүүх хурал

Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

НОЁН УУЛ:Ж.Ганбаатар шүүхийн процессыг л удаашруулж байгаа хэрэг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин