• Эхлэл
  • Уяачдын холбоо:Морьд эргэхэд бүрэнхий байсан

Уяачдын холбоо:Морьд эргэхэд бүрэнхий байсан

2018/03/20

Морин спорт, уяачдын холбоос хэвлэлийн бага хурал зарлаж, Дүнжингарав уралдааны үеэр гарсан асуудлын талаар тайлбар өглөө. Гуравдугаар сарын 18-нд болсон уралдааны үеэр 16 хүүхэд гэмтэж, гурван хүүхдийн бие муу байгаа. Харанхуй болж байхад морь уралдуулж, маш их машин дагалдсанаас маш олон хүүхэд гэмтсэн. Мөн 12-аас доош насны хүүхэд уралдуулж болохгүй гэх журам байдаг атал 11 настай хүүхэд гэмтэж бэртсэн гэсэн асуудал гараад байгаа юм. Мөн харанхуй болж буй, тоостой орчинд уралдаж буй морь машин мөргөн годройтон унаж буй видео бичлэг сошиал сүлжээгээр тархаад байгаа билээ. /Видеог ЭНД дарж үзнэ үү/

Харин зохион байгуулах комиссоос соёолон насны морьдын уралдааныг хойшлуулах санал тавьсан ч "Өнөөдөр дуусга" гэдэг шаардлагыг уяачид, унаач хүүхдүүд өөрсдөө тавьсан гэв.  

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дүнжингарав 2018 уралдааны үеэр цаг агаар дулаан +4 градус, цасгүй байсан бөгөөд зөвшөөрөлгүй машинуудаас болж шороо тоос ихтэй байсан. Уралдаанд 12-оос дээш насны уралдаанч хүүхдүүдийг бүртгэж уралдуулсан бөгөөд үүнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. 

Дүнжингарав 2018 хаврын төвийн бүсийн уралдааны үеэр нийгэмд тусламж дэмжлэг хэрэгтэй гурван өрхөд гэр гардуулсан" гэв. 

Ерөнхий сайдын зөвлөх Б.Сэргэлэн "Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. 

Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдаан сунжирсан. 

Соёолон насны уралдааныг хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан.

Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий байсан. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа" гэлээ. 

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тавдугаар сар хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Яагаад зохион байгуулсан бэ?

-Сүүлд Засгийн газрын тогтоол гарч хаврын уралдаанд 12-оос дээш настай хүүхдүүд уралдуулъя гэсэн. Энэ уралдаанд Засгийн газар тогтоол гаргаагүй. Харин уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас энэ шийдвэрийг гаргасан. Дүнжингарав уралдаан 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ уралдааны үеэр ноцтой гэмтэл бэртэл гарч байсан тохиолдол байхгүй. 

Бүсийн Дүнжингарав уралдаан жилдээ ганц л болдог. Төсөв мөнгийг нь уяачид өөрсдөө гаргадаг.

-Ерөнхий сайд энэ асуудалтай холбоотой хариуцлага хүлээлгэх үүрэг өгсөн. Ямар хариуцлага хүлээх вэ?

-Ерөнхий сайдын өгсөн чиглэлтэй холбоотой энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол бид хариуцлага хүлээхэд бэлэн. 

Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Манай зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга гэмтлийн эмнэлэг дээр ажиллаж байна. Манай уралдаанд орсон 11 настай хүүхэд тархины хагалгаанд орсон асуудал байхгүй.

 ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу

Морьд машин мөргөн унаж байгаа видеог ЭНД дарж үзнэ үү 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин