• Эхлэл
  • Орон нутгийнхны эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна

Орон нутгийнхны эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна

2018/03/23

Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгойн хэмжээний орд илрүүлэхэд улам хүнд болж байна

“Монголын геологи, хайгуул- 2018” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 10 дахь жилтэйгээ золгож буй энэ удаагийн чуулган урьдын жишгээр салбарт тулгарч байгаа сорилт, хүндрэлээ хэлэлцэж байна. Улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр нийт 42 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд геологийн судалгааны зардал хоёр дахин нэмэгдэж, 13.3 тэрбум төгрөгт хүрчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Цаашид улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажил болон төсвийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Геологийн судалгааны ажлын төсөв нэмэгдсэн ч хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа нь тус салбарын хөгжлийг хойш татаж байна. Уул уурхайн салбарыг бүхэлд нь зохицуулж буй Ашигт малтмалын тухай хуульд 2008 оны арванхоёрдугаар сараас өдийг хүртэл 29 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Эл байдал нь “Монгол Улсыг олон улсын түвшинд хууль эрх зүйн тогтворгүй орчинтой, хөрөнгө оруулагчдыг үргээдэг найдваргүй орны тоонд тоонд оруулахад хүргэж байна” хэмээн Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан өгүүллээ.

Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил хайгуулын ажилд оролцож эхэлснээр боловсон хүчний хомсдол геологийн салбарт бий болсон байна. Геологи, уул уурхайн зөвлөгөөний “ЧБНБ ” компанийн захирал Г.Чинбат “Геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуульд техник геологийн түвшинд бус нарийн мэргэжлийн болон зураглалын чиглэлээр бэлдэж төгсгөх шаардлагатай” гэв. Геологи, хайгуулын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор ажлын байр хумигджээ. Геологийн судалгааны салбар уул уурхайгаас 10-30 жилээр түрүүлж явах учиртай гэж үздэг. Гэтэл энэ хоёр салбарын байр өөрчлөгдөж, Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгойн хэмжээний орд нээж илрүүлэхэд улам хүнд болж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийт 1745 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа аж. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ашигт малтмалын хайгуулын ажил өнгөрсөн онд ялимгүй сэргэсэн байна. Хайгуулын ажлын мөнгөн дүн 300 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэх аж. Улсын нөөцийн санд өнгөрсөн онд мөнгөний 10 тонн, алтны 5.9 тонн, төмрийн хүдрийн 45.6 сая тонн, нүүрсний 3.5 тэрбум тонн нөөц хүлээн авчээ.

Тухайлбал, гянтболдын нөөц 3.8 мянган тонноор нэмэгдсэн байна. Эрдэс баялгийн нөөц тодорхой хувиар нэмэгдсэн ч хайгуулын ажлын гол саад нь орон нутгийн удирдлага, иргэдийн эсэргүүцэл болжээ. Үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд тухайн жилд гүйцэтгэхээр төлөвлөсөн хайгуулын ажил гацахад хүрчээ. Орон нутгийн эсэргүүцлээс болж үйл ажиллагаа нь зогссон гэрээлэгч компаниудын тоо ч өсөх төлөвтэй байна. Энэ нь Монголын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийх гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болжээ. Тэрчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг энэ удаагийн чуулган хөндсөн юм. Чуулга уулзалтыг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр тус чуулганаар одоо хэрэгжиж буй геологи, хайгуулын төслүүдийн явцыг танилцуулах юм. Тухайлбал, Зөөвч Овооны ураны ордын нөөц болон Олон Овоотын бүсийн алтны ордуудын хүдэржилтийн онцлог, Нарийн сухайтын нүүрстэй хотгорын хайгуулын үр дүн үүнд багтжээ.

5.4 тэрбум ам.долларын төсөл танилцууллаа

“Монголын геологи, хайгуул- 2018” чуулга уулзалттай зэрэгцээд энэ өдөр Төрийн ордонд “Эрдэс баялаг-У ул уурхай-2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо.

Геологийн зураглалыг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд хүргэнэ

Монгол Улсын ДНБ-ий 22 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлэх тус салбарт хэрэгжиж буй төслийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, хөдлөх боломжтой төслүүдэд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгааг дуулгасан юм. Уул уурхайн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж буй. ТЭЗҮ бэлэн болчихсон, хөрөнгө оруулалтын дүн нь тодорхой аж үйлдвэрийн дөрвөн төслийн нэг нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. Уг төсөлд 1.5-2.1 тэрбум ам.доллар шаардлагатай байна. Хэрэгжүүлэх хугацаа нь нэг жилээр хоцорч яваа төслийн бүтээн байгуулалт дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх юм. Мөн хөрөнгө оруулагчдад уул уурхай, металлургийн цогцолбор төслийг санал болголоо. Ойролцоогоор 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтын дүнд бий болох энэхүү төслийг Дархан-У ул аймаг байгуулахаар төлөвлөжээ. Хоёр үе шаттай хэрэгжих төслийн бүтээн байгуулалт 2025 он хүртэл үргэлжлэх юм. Чуулга уулзалтад оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газар бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулсан. Тус зөвлөл нь хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд хуулийн хүрээнд тогтвортой хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсөж, хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ өсөлтөд эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн жин дарж байгаа юм. “Эрдэс баялаг-У ул уурхай-2018” чуулга уулзалт өнөөдөр үргэлжилнэ. Хөрөнгө оруулагчдад хандсан энэхүү чуулганаар уул уурхайн салбарын ойрын зорилтыг танилцуулсан юм. Салбарын сайдын хэлснээр, геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Уул уурхайн салбар Монголын эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол эх сурвалж нь болж байна. Үндэсний хэмжээний томоохон тоглогчид энэ талбарт олширч, төрийн өмчит компаниуд давамгайлж буй. Тус чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт компанийнхаа ирээдүйн хөгжлийн зураглалаа ил болгосон юм. Аж үйлдвэрийн салбарын уул уурхайн орлогын 20 хувийг “Эрдэнэс Монгол” бүрдүүлж байна. Энэ оны хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, дотоодын болон олон улсын зах зээлд IPO гаргахаар зэхэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд 300 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд Хөгжлийн банкинд төлөх учиртай үлдсэн 50 сая ам.долларыг удахгүй барагдуулна гэж чуулганы индрээс хэллээ. Нүүрсний үнэ тогтвортой байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлт сайжрах эхлэл болжээ. Хөрөнгийн зах зээлд гарахаар зэхэж буй тус компанийн хувьд засаглалаа сайжруулах шаардлагатай тулгарч байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин