• Эхлэл
  • Хятадууд жоом ашиглан баяжиж байна

Хятадууд жоом ашиглан баяжиж байна

2018/05/07

Бидний эчнээ танил жоом 250 сая жилийн өмнөөс үүсэлтэй. Өдгөө дэлхийд 4000-аад тєрлийн жоом байдгаас ихэнх төрөл нь халуун оронд амьдардаг. Гэхдээ бас хойд, өмнөд туйлд ч жоом байдаг. Яагаад гэвэл тэд -32°c-ийг ч тэсвэрлэх чадвартай юм байна. Хамгийн том жоом далавчаа дэлгэхэд 18 см болдог, 25-30 төрөл нь хүнд төвөг уддаг, өвчин тархаадаг гэх мэтчилэн олон тоо баримт байдаг. Гэхдээ л бидний ихэнх нь жоомноос айж сэжиглэж устгахыг боддог бол цаана чинь хятадууд жоомыг ашиглан мөнгө олоод эхэлжээ. 

Хятадын баруун өмнөд Сычуань мужид 6 тэрбум тоо толгой жоомны асар том аж ахуй байдаг ажээ. Бүр хөл бөмбөгийн хоёр талбайтай тэнцэхүйц том, нарны тусгалгүй, 4 давхар чийглэг дулаахан байшинтай. Байрны оршин суугчид болох жоомнуудад хэн ч саад болдоггүй бөгөөд үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. 

Энэ ферм Хятаддаа томоохонд тооцогдог. Хятадад үүнтэй адил Жоом үржүүлгийн газар олон байдаг. Тус жоомны ферм нь хиймэл оюун ашиглан ажлаа явуулдаг, байрны температураас эхлээд жоомны генийн мутаци зэрэг 80 орчим үзүүлэлтийг хянаж байдаг гэнэ. 

Ийм их жоомоор юу хийдэг вэ гэж үү. Насанд хүрэгчдэд зориулсан хандмал хэлбэрийн эм хийдэг гэнэ. Энэхүү эм нь цай шиг өнгөтэй, үнэр амт нь загасны шөл шиг, уушгины үрэвсэл, ходоодны шархлаа,  хоол боловсруулах эрхтний хямралын үед хэрэглэдэг. Сычуань мужийн 4000 эмнэлэг уг бэлдмэлийг тогтмол захиалан хэрэглэдэг гэнэ. 

Эртнээс Хятадын уламжлалт анагаах ухаанд жоомыг эмийн чухал орцонд хэрэглэж ирсэн бөгөөд хоолны шингэлтэнд сайнаар нөлөөлдөг гэж үзэж байжээ. Энэ нь ямар ч ач холбогдолгүй гэж үзэх нэгэн байхад үнэхээр бодитой үр дүнтэй гэж үзэх ч хүн байгаа ажээ. Бас зарим өвчтөн юу хэрэглэж байгаагаа ч үнэндээ мэдэхгүй байж болох юм. 

Ямартаа ч энэ эмний борлуулалт асуудал биш бөгөөд харин эсрэгээрээ түүхий эд болох жоом нь хомсдох гээд байдаг гэнэ шүү. 

Мөн газар хөдлөлт зэрэг тооцоолшгүй байгалийн гамшгийн улмаас жоомны аж ахуй нурахад хүрвэл угийн дулаан чийглэг уг мужид асар их хэмжээний жоом тархаж газар тариалан, халдварт өвчин тараах зэрэг аюул байгаа гэнэ. 

Жоом амьдрах чадвар сайтай, ямар ч нөхцөл, бүр томоохон гамшгуудыг даван туулж чаддаг тул шавьжны хувьсал гарах вий гэсэн айдас хүртэл байдаг гэнэ. 

Жоом угаасаа л супер шавьж байжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин