• Эхлэл
  • Миний ажил, амьдралд ФБ саад болдоггүй ээ

Миний ажил, амьдралд ФБ саад болдоггүй ээ

2018/05/16

Baak MB бэйсбуукийн нэрээрээ танил эрхмийн хөгжилтэй постуудад олон хүн дуртай. Түүнтэй бид өмнө нь богино ярилцлага өрнүүлж байсан. Энэ удаад мөн FB-д харагдахаар байж найзууд нь үгүйлж байгаа. Дахин блоклуулаад байгаа түүнтэй дахин ярилцав. Угаасаа чөлөөт хэв шинжтэй түүний  яриаг тэр чигээр нь буулгав

-ФБ-т блоклуулахаар чинь ярилцлага авах бараг уламжлал болох нь уу даа? Яагаад ингээд блоклуулаад байдаг юм бэ?

-Би гадаад хэлэндээ муу болохоор ФБ-ын тавьдаг шаардлагыг нь уншаад бүрэн ойлгодоггүй байх аа хаха...

-Энэ мэдээж наргиа байх. Таныг харин хэтэрхий сахилгагүй зураг тавьснаас болж блоклуулдаг гэж найзууд тань "оношлоод" байгаа?

-Үгүй яахав тавьдаг зурагнаас л болдог биз. Түүнээс Монголоор "Капиталистууд сөнөг!" гэж бичсэн ч Чихэр-Уулынхан тоохгүй шд. ФБ өөрөө бас дээр дороос шүүмжлүүлээд байгаа бололтой юм билээ, амьхандаа бодлогоо чангалж байгаа нь энэ биз. За зүгээр дээ, хэхэ...

Гэхдээ монгол хүн хартай тул манийгаа репортлоод байдаг хүн байдаг юм биш биз гэж сүүлдээ бодох болсон шүү. Гүй тэгээд мэдэхгүй дээ...

-За тэгээд энэ хооронд юу хийж байна? Завтай болоод юу амжуулав?

-Би ямар өөрийн зүсэн бүрийн зураг тавьчихаад Жимсээ, Баагий нар юу гэх бол, өнөөдөр захиалгат пост, комментоо хийж амжсангүй, эзэн алах вий,  ойрдоо ФБ-ээр юу ч зарж, борлуулсангүй гэж санаа зовох биш дээ. Хийх бага сага ажлаа амжуулаад л явж байна. Өвлийн амралт сунжирч, тус тусын ажлаас хамааран хэсэг зуур холдсон найз нартайгаа буцан цугларч, Хоовон ах бид нар хоёр, гурван дуунд клип хийж дуусгалаа. Дашрамд хэлэхэд, ФБ найз нар минь таалбал клипнүүдийг минь лайкдаж, шэйрлэхээ мартав. Аймаар рекламдсан...

Ер нь миний ажил, амьдралд ФБ саад болдоггүй ээ. Угаас энэ муу утас, зөөврийн жижиг компүүтрээр л хувийн бөгөөд хувьсгалын ажлаа амжуулдаг юм чинь. Энэ хоёроо халамцуу явж байгаад гээх юм бол капут. Түй, түй, түй. Өнөөдөр гэртээ очоод утсан дотор байгаа бүх юмаа флэшэнд ч болов хадгалахаас

-Танай студи юу хийдэг вэ? Нэр нь юу билээ? 

-"Халхын төв оффис"-ыг ФБ найз нар минь мэдэх байх, умгар урлан байдаг юм хэхэ. Студи минь бас л Халхын хамгийн жижигт орох байх. Ажилладаг багийн нэр нь Allianz. Германаар "эвсэл, холбоо" гэсэн үг. Анхаарал татсан төсөл дээр хэнтэй ч хамтран ажиллаж, эвсэл болоход бэлэн гэсэн утга. Найруулагч Р.Тулга, зураглаач, графикч Д.Батбилэг бид гурав сайн дурын үндсэн дээр эвсэн ажиллаж байна. Ажил болгон дээр өөр найз нартайгаа нэгдэн нийлдэг. Зураач С.Батсайхан, гэрэл зурагчин Ө.Баттайван, найруулагч У.Пүрэвжав, телевизийн найруулагч С.Алтансүх гээд олон хүн бий.

Би өөрөө баримтат кино сонирхож ирсэн. Клипний хувьд өөр мундаг продакшнуудаар хийлгэх боломж хомс учраас өөрсдөө чадан ядан хийж байна.

-Хятад судлаач мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллаж, ном зохиол орчуулж байна уу?

-За ёстой үгүй. Би социализмын нэг гаж бүтээгдэхүүн. Орос цэцэрлэг, сургуулиас шууд МУИС-ын хятад хэлний ангид орж суралцсан Баагий. Өөрийн монгол хэлийг ихэд голно. Гэтэл сайн орчуулагч нэн түрүүнд төрөлх хэлэндээ гарамгай байх ёстой. 

Ер нь орчуулагч хүн өргөн мэдлэгтэй, тэсвэр тэвчээртэй, хэлний авьяастай байх хэрэгтэй. Харамсалтай нь надад аль аль нь хангалттай хэмжээнд алга. Хааяа танилууддаа хөлсөөр хэл залгуулах юм даа,  лайф аа гэж. 

Миний хувьд хааяа сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд жижиг өгүүллэг, дууны үг тэсэлгүй хийчихдэг.  ФБ-ийн сүсэгтэн олон минь өршөөн хэлтрүүлнэ биз.

-Хятад судлаач хүнээс Монгол-Хятадын одоогийн харилцааны талаар юу боддог тухай нь асуулгүй өнгөрч болмооргүй байна?

-Асар том цар хүрээтэй асуулт байна. Би өөрөө гурван Г-гийн зарчмаар амьдрахыг ихэд хичээдэг. Тэр болгон чаддаггүй л дээ. ГОРЬДОХГҮЙ, ГОМДОХГҮЙ, ГОНШИГОНОХГҮЙ. Манайхан хэн нэгний худал үгэнд амархан итгэн, бусдад аймаар гомддог, өөрөөсөө бус, гаднаас үргэлж дайсан хайдаг. Ихэнхдээ тааруу амьдарч байна гэж гоншигонох мөртлөө дотроо хэн нэг нь  ивээлдээ авчих байх гэж горьдон, өөр хоорондоо хэмлэлдээд суугаад байх шиг санагддаг. Амжилтанд хүрье гэсэн хүн бусадтай эвтэй найртай харьцан, тэсвэр тэвчээртэй байж, өөртөө найддаг байх ёстой биз дээ? 

-ФБ-т "Баак хэзээ блокноос гарах юм бэ?", "Баак блокноос гарчээ" гэсэн постнууд байх юм? Хэзээ пост бичих бололцоотой болох вэ?

-ФБ болон мессэнжэрт орж болохгүй ч онлайн байх тохиолдолд ногоон гэрэл асдаг юм билээ. Зарим нь намайг хариулахгүй байна гэж гомдоод ч байх шиг. Би ер нь Баярцогтыг нөгөө юунаас гарахад л блокноос гарах байх. Өшөө хоёр долоо хоног орчим бий. Энэ дашрамд Баярцогт миний хамгийн хүндэлдэг улс төрч гэдгийг хэлье. Одоо бас л репортлуулах байх даа...

Баак:Би аядуу зөөлөн фэйсбуукчин шд


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин