• Эхлэл
  • АХБ-ныхан асуудалтай газар дээр нь танилцана

АХБ-ныхан асуудалтай газар дээр нь танилцана

2018/05/17

Филиппиний нийслэл Манила хотод болсон Азийн хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн тайлан хуралд Монголын иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцоод ирлээ. Энэ талаар “Оюутолгой” ТББ-ийн тэргүүн Д. Сүхгэрэлтэй ярилцлаа.

-Филиппин яваад ирсэн ажил бүтэмжтэй юу?

-Бүтэмжтэй. Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкинд өмнө нь гомдол гаргаж байсан туршлагатай. Анх удаа Азийн хөгжлийн банкинд гомдол гаргаж байна. Сөрөг нөлөөлөлд өртөөд байгаа хүмүүсийн эрх ашигийг хамгаалдаг ТББ-ийн төлөөлөл болох “6 Буудал ТББ, “Утааны эсрэг ээж аавууд”, “Газар чөлөөлөлт ба иргэдийн эрх ашиг” ТББ-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй яваад ирсэн.

АХБ нь жилд нэг удаа хувь нийлүүлэгчдийн тайлангийн хурлаараа тус банкны төсөл хэрэгжиж байгаа газар дээрээс төслийн үр дүнг хэлэлцэж, сөрөг нөлөөг хүртэж байгаа хүмүүсийг хүлээж авч уулздаг. Бид энэ удаа ТУЗ-ын захирлууд, улс орнуудыг хариуцсан үйл ажиллагааны газрын захирлуудтай биечлэн уулзсан. Монголыг хариуцсан захиралтай харамсалтай нь уулзаж чадаагүй.

-Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн гомдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээ, гэр хороололын хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл нь хүмүүсийг орон гэргүй, газаргүй, амьжиргаагүй, амьдрах нөхцөл бололцоогүй болгох өндөр магадлалтай ажил болоод байна гэсэн гомдол бид хүргүүлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүд хүмүүст ямар сөрөг нөлөө бий болгосныг танилцуулсан.  Сөрөг нөлөөг төсөл ингэж бууруулна, сааруулна, арилгана, арилгаж чадахгүй бол нөхөн олговор олгоно, нүүлгэх шаардлагатай бол нүүлгэлтийн хөтөлбөр боловсруулж, зөвлөлдөж ажилладаг, өртөх эсвэл өртсөн хүмүүстэй хамт гарцыг боловсруулж хэрэгжүүлдэг байх ёстой. Энэ зарчим, бодлогууд бүгд зөрчигдсөн. Мэдээлэл дутмагаас болж хүмүүсийг элдэв хэлбэрээр төөрөгдлүүлж хүмүүсийн газрыг хууль бусаар авч байна. Дээрх гомдлыг шийдэх арга хэмжээг авч эхлэсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны захирлууд бидэнтэй уулзаж, АХБ-ны хамгааллын бодлого хэрэгжихгүй тухай гомдлыг шийдэх арга хэмжээ эхэлсэн ч асуудалтай байгааг Филиппин дэх төвийн захирлууд нааштай хүлээн авч газар дээр нь ирж шалгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Мөн АХБ-ны ерөнхийлөгчтэй иргэний байгууллагуудыг уулзуулж, асуулт асууж хариулт авах боломж олгодог. Надад асуулт тавих боломж олдсон. Монгол Улсад хэрэгжиж буй АХБ-ны хөтөлбөрүүд нь газар чөлөөлөлтийн явцад хүн амын газаргүй, өмчгүй, амьжиргаагүй болгож танай Банкны бодлогуудыг зөрчихөөс гадна ядуурлыг бууруулах зорилгыг чинь ч зөрчиж байна. Та АХБ-ны төслүүд Монгол дахин нэг ч өрхийг орон гэргүй болгохгүй гэж амлаж чадах уу? гэж асуусан. АХБ-ны ерөнхийлөгч Такехико Накао “Манай гомдлын газар энэ асуудал дээр чинь ажиллаж байгаа” гэж хариулсан. Үүнийг бид нэг ч өрхийг орон гэргүй, амьжиргаагүй болгохгүй гэж амлалаа гэж ойлгож байгаа.  

-Филипинд хэд хоногийн хугацаатай явсан бэ?

-Таван сарын 3-6-ны хооронд хурал болсон. Гомдлын асуудлаас гадна агаарын бохирдол, хотжилт, барилгажилтын асуудал хөндөж, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд Парисын гэрээний хүрээнд авсан Үндэсний тодорхойлсон амлалтуудад нийцсэн, тогтвортой эсэх талаар бас ярьсан. Барилгын яамнаас гаргасан судалгаагаар 80 мянган барилга эзэнгүй байгаа, барилгын салбарын “савангийн хөөсөнцөр” хэдхэн жилийн дараа хагарна гэсэн олон улсын судалгааг бас дээр уншиж байсан. Ийм нөхцөл бүрдээд байхад Азийн хөгжлийн банк барилгад улам их хөрөнгө оруулалтыг зээлийн өрөөр хийж байна. Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь Улаанбаатарт хотод оршин сууна, газар, хөрс, агаарын бохирдол арилгана гэх үндэслэл бичсэн байдаг. Одоо Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах төсөл боловсруулж байгаа. Бас л барилгажуулах, хүн амыг төвлөрүүлэх, бензиний октаныг дээшлүүлэх буюу төвлөрлийг сааруулахгүй ирээдүйдээ тогтворгүй болгох төслүүд боловсруулж байна.

-Ирэх жилээс түүхий нүүрс ашиглахгүй 100 хувь шахмал түлж ашиглана гэж ярьж байгаа үүний хэрэгжилт хараа хяналтын талаар?

-Энд 3 талын асуудал байна: 1-т түлш боловсруулна гэдэг нь нүүрсээ угаана гэсэн үг. Гэвч тийм их усны нөөц байна уу? Туул голоос усаа авна, энэ их цэнгэг усаа бохирдуулах үндэслэл, шаардлага байгаа юу? Удахгүй хүн нь хэрэглэх усгүй болно гэсэн судалгаа бас байгаа шүү дээ. 2-рт Боловсруулсан түлш түүхийгээсээ илүү өндөр үнэтэй байвал гэр хорооллын хүмүүс түүнийг худалдаж авч чадах уу? Угаагаад боловсруулаад түүнийгээ түүхий нүүрсний үнээрээ өгч чадах уу? гэх асуудлууд гарч ирнэ. 3-т: Цэвэршүүлсэн шахмал түлш агаарын бохирдолыг арилгаж чадна гэдгээ бүрэн нотлогдоогүй. Утаа гарахгүй гэсэн баталгаагүй зүйлээ ашигла гэж шахаад байсан үр дүнгүй болсон төслүүд бий.

-Нийслэлийн хотын төвлөрөл, үүнийг дагасан утаа, хотжилтын сөрөг нөлөөлөл үнэхээр хурцаар тавигдаж байгаа. Хэдийгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч энэ бүхэн шийдэхгүй л байна. Таны бодлоор хамгийн зөв гарц нь юу вэ?

-Зам бариад байвал машин нэмэгдэнэ, барилга бариад байвал хүн нь нэмэгдэнэ  энэ бүгд эцсийн дүндээ хүн дээр яаж бууж байгаа вэ гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй. Аймгийн төвүүдээ хөгжүүлэх бодлого баримтлах хэрэгтэй, нэг хот дотор төвлөрүүлэх биш. У.Хүрэлсүх сайд Солонгос яваад зээл гуйлаа, БНХАУ яваад зээл гуйлаа, одоо Орос явж зээл гуйх гэж байна-өрөө төлөх чадваргүй айл зээлээр хөгжихгүй гэдгийг хэзээ ойлгох вэ? гэж бичээд байна. Өнөөгийн улс төрч ирээдүйн хүн амыг өрөөр дарахдаа үнэхээр зөв хөгжилд чиглэсэн зээл авмаар байна. Залуучууд ирээдүйд тэр өрийг төлөх тул хяналтаа тавих хэрэгтэй байна.  Залуучууддаа энэ талаар сайн ойлгуулах хэрэгтэй, тэдний ирээдүй шүү дээ.

Б. Солонго


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин