• Эхлэл
  • Сөүл хотноо “тал нутгийн эзэнт гүрэн Монгол” үзэсгэлэн нээлтээ хийв

Сөүл хотноо “тал нутгийн эзэнт гүрэн Монгол” үзэсгэлэн нээлтээ хийв

2018/05/17

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Солонгосын Үндэсний төв музейд болов.

Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд А.Ганбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг,  Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал С.Дагвадорж, Богд Хааны ордон музейн захирал М.Отгонбилэг болон Солонгосын эрдэмтэн судлаачид, албаны бусад хүмүүс оролцов.

Элчин сайд Б.Ганболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, манай хоёр улс түүх, соёл, соёлын өвийг хамгаалах салбарт түншлэлийн үлгэр жишээ болохуйц урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглээд  “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнг дэлхийн хамгийн олон үзэгчидтэй музейн нэг Солонгосын Үндэсний төв музейд анх удаа гаргаж буйд туйлын баяртай байна. Монголын түүх, соёлын хосгүй олдвор, дурсгалт зүйлийг Солонгосын ард иргэдэд дэлгэн үзүүлснээр Монголын түүх, соёл, урлагийн талаар өргөн ойлголтыг өгөх төдийгүй манай хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

“Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэн нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж ирсэн “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан төслийн 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй бөгөөд БНСУ-д болж буй олон улсын соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний үеэс орчин үеийг хүртлэх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг багтаасан байна. Үзэсгэлэн энэ оны 7 дугаар сарын 17-нийг хүртэл гарна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин