• Эхлэл
  • Төв талбайн дөрвөн өнгө

Төв талбайн дөрвөн өнгө

2018/05/17

  Д.Сүхбаатарын талбай. 2018.05.17-ны 14:00 цаг 

Хаврын урь оронгуут хөл хөдөлгөөн, жагсаал, тэмцэл нэмэгддэг нийслэлийн төв талбай зуны эхэн сарын шинийн хоёрны өдөр амьдралын өнгө, өнгийн дүр зураг гэмээр хөл хөдөлгөөн эхтэй байна.
Тэнд хонхны баяраа тэмдэглэж байгаа өнгө өнгийн ганган хувцастай хүүхэд залуус зургаа татуулж, баярын цэцгэн баглаа тэврэн алхаж байх зуур энд "Нийслэлийн Засаг даргыг огцор" гэсэн шаардлага тавьж байгаа Гэр хорооллын хөдөлгөөнийнхөн жижигхэн шаргал өнгийн майхнууд жирийлгэн суулт хийж байх.

Түүний яг голд нь өчигдөр зарим нь үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн эрүүл мэндийн салбарынхан өдгөө тав дахь өдрөө суулт хийж байх.
Үүнтэй зэрэгцээд цагаан хоолойгоор

“Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө хөндөж битгий хаяарай" гэсэн дуу цууриатаж, жижиг талбайд жагссан талбайд ковер дуучид ая дуугаа өргөөд сүйд. Хажуугаар нь өнгөрөх “хонхны баярын жаалууд” дууг дагаж дуулан тэрүүхэн доороо бүжиглэн, инээд хөөр хангинуулна.

Энд Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй Цусны даралтаа хянах өдөрлөг зохиогдож буй. Тэнд цэнхэр хантаазтай эмнэлгийнхэн эмч нар үсээ хусан тэмцлээ өрнүүлж байх зуур энд цагаан халадтай эмч сувилагч нар хүмүүсийн даралтыг үзэж, өндрийг хэмжиж, зөвлөгөө өгч байх.  Цаана нь “Хотын дарга огцор, огцор” гэсэн уриа дуу хадаастай.

“Цусны даралтаа хянаж байгаарай” гэсэн уриатай урлагийн самбарын наана 70 гарсан настай байрын эмээ тэрүүхэн дороо бүжиглэн, ноорхойдуу гэмээр хувцастай залуу алга ташин, дууг түрж, эргэлдэн бүжих нь бас л нэг амьдралын өнгө.

Төв талбайн нэг өдрийн өнгө өө гэж. Монголын амьдралын бас нэгэн өнгө юм даа. Цаашид, ялангуяа ойрын өдрүүдэд энд ямархан “өнгө” үргэлжлэхийг таашгүй.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин