• Эхлэл
  • Б.Чимид: Мод шилжүүлэн суулгах чинь бодлоготой ажил

Б.Чимид: Мод шилжүүлэн суулгах чинь бодлоготой ажил

2018/05/18

Сүүлийн үест ойгоос мод авчирч нийслэл хотод шилжүүлэн суулгаж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн санал шүмжлэл өрнөж байгаа болохоор ой үржүүлэг, мод бут үржүүлж таримлах,талаар 45 жил ажиллласныхаа 21 жилийг нь хотын ногоон байгууламжийн чиглэлээр  ажилласан дендрологич, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан  Б.Чимидтэй уулзаж ярилцлаа.

-Хамгийн эхлээд хотын ЗДТГ нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж ойгоос мод авчирч суулгаж байгаа нь буруу гэсэн шүүмжлэл яваад байх юм.....?

-Ойгоос мод огтлох чинь дөрвөн зориулалттай байдаг юм. Гэрэлтүүлэх, сайжруулах, залуужуулах, арчилгааны зориулалтаар гэж. Бид бол ойг сайжруулах, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор авч байна. Ойд нэг га газарт 500 мод байвал зохистой байдаг. Гэтэл өнөөдөр хот орчмын ойд нэги га газарт бараг 5000 мод болчихоод байна шүү дээ....Энэ чинь түмэр гарах, ургах нь удаашрах гээд сөрөг нөлөөтэй.....Тэгээд ч ойн түймэрт өртөж сүйрч байгаа мод чинь өнөөдөр хот руу зөөж байгаагаас хэдэн арав, зуу дахин их шүү дээ....Сүүлийн 10 жилд 270 мянган га ой түймэрт шатсан байна....Харин хотод авчирч суулгаж байгаа мод бол ихэнх нь ургаж байна шүү дээ.

-Ойн сан маань манай нийт нутаг дэвсгэрийн 12 орчим хувь байснаа одоо 8-9-хөн хувь болчихоод байхад модыг ухаж зөөгөөд нийт дүн нь нэмэгдэхгүй шүү дээ гээд байна л даа, хүмүүс...?

-Түрүү би түймрийг хэлсэн. Үүнээс гадна зориудаар тайрч огтолсоор л байгаа шүү дээ. Өндөр хүчдэлийн шугамын доорх, уул уурхайн эдэлбэр, зам тавих гээд.....Эд бол зүгээр л тайраад цулгуй газар болгож байгаа. Харин шилжүүлэн суулгах бол өөр ажил....

Ойн сангийн хэмжээ өөрчлөгдөхгүй гэдэг бол худал. Аймаг орон нутгийг ойн аж ахуйнууд авч байгаагаас хэдэн арав, зуу дахин их талбайд ойжуулах ажил хийж, хэдэн мянган суулгац суулгаж байгаа.

-Суулгац тарьж болдоггүй юм болов уу л гээд байна л даа хүмүүс?

-Ойгоос ямар мод авчирч суулгаж байгааг хүмүүс ер нь анзаарч байна уу......Шинэс, гацуур, хуш, нарс гээд дан шилмүүст мод шүү дээ... Шилмүүст мод их эмзэг. Ердөө үзүүрийг нь хугалахад л үхдэг. Жижиг суулгац суулгахаар хүн, хүүхэд хугалаад байдаг, тэгээд л үхчихдэг юм.

-За тийм бай. Ойгоос авчирч суулгасан том мод ч гэсэн удахгүй үхээд байна гээд л....?

-Өнгөрсөн хоёр жилд ойгоос 3800 мод авчирч хотод шилжүүлэн суулгасан дүн байдаг. Үүнээс ердөө 11 мод л үхсэн. Ер нь тэгээд мод чинь амьд ургамал, арчилж тордохгүй, усалж байхгүй бол үхэхээс яахав.

-За бас зүгээр ургаж байсан модыг тайраад байна гэцгээж байна. СУИС-ын өмнөх моддыг бүр угаар нь тайрсан зураг хөрөг сүлжээгээр яваад л...

-Сая би хэллээ. Мод ургамал чинь амьтай зүйл. Ургаж цэцэглэдэг хөгширдөг, үхдэг.. Үхсэн модыг тайрахаас яахав. Бид үхсэн мал амьтан, хүнээ холдуулж хөдөөлүүлдэг биз дээ. Ялгаа юу байна, үхсэн модыг зайлуулах л хэрэгтэй шүү дээ. Бүр 2011 онд Их тэнгэрээс бид үхсэн 500 модыг нь тайрч холдуулж л байсан....Тэгэхэд хүмүүс чимээгүй л байсан......Одоо оронд нь сайхан ой болчихсон л байгаа.

-Манай хотын цэцэрлэгжсэн талбай ер нь өнөө байх ёстой стандарт хэмжээнээс хэдий хэр байдаг юм бол?

-Дэлхийн дунджаар хот суурин газрын нэг хүнд 12-15 хавтгай дөрвөлжин метр ногоон байгууламж байх ёстой гэж үздэг. Манайд дөнгөж зургаа орчим хавтгай дөрвөлжин метр л байна. Тэгэхээр дэлхийн жишигт хүрч хүн ардаа эрүүл агаартай байлгая гэвэл хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байнаа л гэсэн үг.

-Хотын ногоон байгууламж нь агаар цэвэршүүлэх, нөгөө талаар хотын үзэмжид нөлөөлөх ландшафт болж байх ёстой болов уу....?

-Үгүй яахав хэр хэмээгээрээ хийж л байна....Энхтайвны гудамжийг дагасан модыг бүхэлд нь таримал хайс хашаатай болгохоор хайлс, шар хуйас тарьсан.....Явуугийн цэцэрлэг бол боломжийн, хүн амарч саатахаар боллоо. Хамгийн гол нь хөрөнгө зардал, хүн хүч гэж нэг бэрхшээл байна шүү дээ...

-Манай хот үүндээ хэр анхаардаг юм бол доо....?

-Нийслэл Улаанбаатарын ногоон байгууламждаа зардаг жилийн төсөв нь 7,5 тэрбум төгрөг. Гэтэл хятадын хилийн Эрээн хот гэхэд л  үүндээ 150 тэрбум төгрөг зарж байна шүү дээ... ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод дендрологич, ногоон байгууламжийн архитектор 80 хүн ажиллаж байна. Гэтэл манай хотод ийм мэргэжилтэн нэг л байна гээд боддоо.

-Цөөхөөн хүн тарьж арчлах гээд л, иргэд маань хайрлаж хамгаалахгүй л байх шиг.....Манай иргэдийн экологийн боловсрол, хүмүүжил.....?

-Үнэхээр хангалтгүй.....Дунд сургуульд чинь амеб, шаахай гээд л үзээд байдаг....Мод бут тарьж ургуулах, арчлах, хайрлах ямар ч боловсрол, хүмүүжил, соёлгүй л хүмүүс төгсөөд байх юм. Бидний цөмөөд байдаг самрыг суулгахад хуш, мойлын ясан үрийг суулгахад монос ургадаг гэдгийг л мэдэхгүй байна шүү дээ....Айл бүрийг хашаандаа мод тариач гээд нэг хэсэг үзсэн. Манай хашаанд мод тарих зай байхгүй...Зайл цаашаа, нохойгоо тавилаа шүү” гэж байгаа хүмүүсийг яахав.....

За өөрсдөө нэг их тариад, арчлаад ургуулаад байхаа байг гэхэд тарьж ургуулж байгаа мод зүлгийг хайрлан хамгаалаад, хугалахгүй, гишгихгүй байж болно доо.....

ЭХ СУРВАЛЖ: 24tsag.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Иргэн
    Бага тэнгэрийн аманд 500 мод тарьсан хөгшин шүү бас чиг. Даанч үхээ л байгаа
    2018 оны 05 сарын 18
Сонин хачин