• Эхлэл
  • Монгол Улсад анх удаа давхар бүртгэлтэй үнэт цаасны арилжаа эхэллээ

Монгол Улсад анх удаа давхар бүртгэлтэй үнэт цаасны арилжаа эхэллээ

2018/06/05

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрөгч тавдугаар сарын 23-ны хуралдаанаараа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX) компанийн Монгол Улсад хувьцаа гаргах 4,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэсэн. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлд анх удаа дэлхийн нэр хүнд, нөлөө бүхий томоохон хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаа давхар арилжаалагдах боломж бүрдсэн юм. Тэгвэл өнөөдөр тус хувьцааны арилжааг эхлүүлж, нээлтийн цан цохих ёслолын ажиллагаа “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн арилжааны танхимд боллоо.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, 'Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн' компанийн ерөнхийлөгч Петер Акерли нар оролцож, Монгол Улсад анх удаа хийгдэж буй давхар бүртгэгдсэн хувьцааны арилжааны үйл ажиллагаанд оролцсон бүх мэргэжилтнүүд, байгууллагуудад баяр хүргэв. Торонтогийн болон Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй үнэт цаас, түүний арилжаа манай улсын хөрөнгийн зах зээлийн идэвх, иргэд, хөрөнгө оруулагчдын сонирхол, оролцоог дээшлүүлээд зогсохгүй санхүүгийн салбаруудын үйл ажиллагаа, уул уурхайн компаниудын засаглалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Хорооны дарга С.Даваасүрэн, ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Монголын хөрөнгийн зах зээлд хөгжлийн түүхэн шинэ бүлэг нээгдэж байгааг онцлоод, дэлхийн стандарт шаардлагыг хангаж Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн компани манай үнэт цаасны зах зээлд хувьцаагаа арилжаалах нь эргээд дотоодын хувьцаат компаниуд, улмаар зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэлээ. Мөн тэрээр, хөрөнгийн зах зээл иргэд, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны арилжаанд оролцох, бизнесийн байгууллагуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, засаглалаа сайжруулах, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг босгох боломж олгодог бол төр, засагт ядуурлыг бууруулах, баялгийг зөв хуваарилах нөхцөл бололцоог бий болгож өгдгөөрөө онцлог болохыг дурдав.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өнгөрсөн жил гаруйн хугацаанд Хороо иргэдийн идэвх, сонирхлыг татахуйц шинэ бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээл дээр танилцуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цаашид ч үргэлжлүүлэн илүү идэвх чармайлттай ажиллах болно гэсэн юм.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX) компани Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны шийдвэрийн дагуу 2005 оны 12 дугаар сараас Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэйгөөр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тус компани шинээр гаргаж буй хувьцаагаараа татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуулын өрөмдлөгийн ажил, мөн Монгол Улс дахь төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар бизнес төлөвлөгөөндөө тусгаад байгаа юм.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монголын зах зээлд хувьцаагаа давхар арилжиж буй 'Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн' компанийн хамт олонд амжилт хүсэж, бидний хамтын ажиллагаа эдийн засагт эерэг өөрчлөл авчирна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Уул уурхайн баялгаасаа хувь хүртэх, хувьцаа эзэмших боломжтой болж буй нь чухал үйл явдал болохыг сайд онцолсон бол 'Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн' компанийн ерөнхийлөгч Петер Акерли, нягт хамтран ажилласан байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, компанийхаа 14 жилийн хугацаанд хайгуулын ажилд 50 сая гаруй ам.доллар зарцуулж, одоо үр шимийг нь хүртэх гэж байгааг хэлээд Монголын хөрөнгийн биржийн 5736 дахь арилжааг нээж цан цохилоо.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин