• Эхлэл
  • Эдийн засгаараа тэргүүлэгч гүрнүүд

Эдийн засгаараа тэргүүлэгч гүрнүүд

2018/06/12

Аливаа улс орны эдийн засгийн байдал, ард түмний амьжиргааны түвшинг илэрхийлэх макро эдийн засгийн гол хэмжигдэхүүн нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) юм. Энэхүү үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй томоохон эдийн засаг бүхий улс орныг жагсаавал: 

1. АНУ

АНУ-ын эдийн засаг 18.569 их наяд ам.доллар бөгөөд энэ нь дэлхийн нийт эдийн засгийн 24.5 хувь юм. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 3.3 хувьтай ба мөнгөн тэмдэгт нь дэлхийн үндсэн валютын нөөцөд тооцогддог. Импортоор дэлхийд нэгдүгээрт орох бол экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд хоёрт ордог.

2. БНХАУ

Хятадын эдийн засаг сүүлийн 20-30 жилд асар хурдацтай өсөж дэлхийн хоёрдогч үйлдвэрлэлийн төв болж чадсан. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт нь 6.6 хувьтай байгаа нь бусад орнуудаас өндөр үзүүлэлт юм. Засгийн газраас төрийн өмчит хувьцаат компаниудад бүтцийн өөрчлөлт хийх, үр өгөөж багатай компанийг хаах зэрэг шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлсэн. Дэлхийд ашиг орлогоор тэргүүлэгч 500 компанийн 95 нь Хятад компани байдаг ба дэлхийд тэрбумтны тоогоор хоёрт ордог.

3. ЯПОН

1960-1980 онд Японы эдийн засаг хурдацтай өсөж 1990 он гэхэд өнөөгийн Хятадын эдийн засгийн хэмжээтэй байсан бол түүнээс хойш огцом өсөлт үзүүлээгүй. Гэсэн ч Япон улс инновацийг нэвтрүүлсэн, хамгийн олон патент эзэмшдэг орон. Электрон аж үйлдвэрийн салбар асар их хөгжсөн, авто машин үйлдвэрлэлтээр дэлхийд гуравт ордог. Ажилгүйдлийн түвшин 4 хувьтай нь харьцангуй бага үзүүлэлт юм.   

4. ГЕРМАН

Герман улс чадварлаг ажиллах хүчин, томоохон капиталын нөөцтэй, инновацийн өндөр хөгжилтэй орнуудын нэг. Мөн авлига бага. Үйлчилгээний салбар нь дангаараа ДНБ-ий 71 хувийг бүрдүүлдэг. Ажилгүйдлийн түвшин 4.7 хувьтай байгаа нь Европын холбооны 28 орноос хамгийн багад тооцогдож байна. Автомашины аж үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлддөг, экспортын хэмжээгээр дэлхийд гуравт ордог.

5. ИХ БРИТАНИ

Их Британийн 2.629 их наяд ам.долларын нэрлэсэн ДНБ-ий тоогоор Германы дараа орж байна. ДНБ, ажлын байрны хангамж, ажил эрхлэлтээр Европын холбоонд тэргүүлдэг. Лондон хот нь дэлхийн санхүүгийн зах зээлийн төв юм. Экспортоор дэлхийд есдүгээрт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээгээр зургадугаарт ордог. Экспортын гол барааг алт, хийн хөдөлгүүр, боловсруулсан газрын тос эзэлдэг.    

Зарим шинжээчид Их Британийг 2018 онд эхний топ таван байрнаас ухарч зургаад орно гэж ч үзэж байна. ЭНЭТХЭГ улс зарим үзүүлэлтээр Их Британитай өрсөлдөж давах хандлагатай байна. Дараах байруудад өмнөх оныхоос өөрчлөлт гарсангүй, ФРАНЦ, БРАЗИЛ, ИТАЛИ, КАНАД улсууд жагслаа.

Эх сурвалж: ECONOMICS


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин