• Эхлэл
  • А.Цэнгэл:Цэцэрлэгт хүүхдийн маш олон авьяас чадвар, суурийг тавих боломжтой

А.Цэнгэл:Цэцэрлэгт хүүхдийн маш олон авьяас чадвар, суурийг тавих боломжтой

2018/06/14

А.Цэнгэл:Цэцэрлэгийн насан дээр хүүхдийн маш олон авьяас чадвар, суурийг тавих боломжтой байдаг

 “Их Монголын үрс” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Боловсрол судлаач,  магистр А.Цэнгэлтэй хүүхдийн зан төлөвшил, хөгжлийн сэдвийн хүрээнд ярилцлаа.

-“Их Монголын үрс” цэцэрлэгийн гол онцлогийн нэг нь хөгжмийн суурь боловсролын чадамжийг түлхүү олгох сургалт явуулдаг. Энэ сургалт нь цэцэрлэгийн бага насны хүүхдэд ямар үр дүн өгдөг вэ. Хөгжмөөр хүмүүжүүлсэн хүүхэд ямар онцлогтой болж хөгждөг вэ?

-XXI зууны хүүхдийн боловсролд хамгийн хэрэгтэй хичээл нь хөгжмийн сургалт юм. Хөгжмийн боловсролыг бага насанд нь олгох нь маш чухал. Яагаад гэвэл хүүхдийн тархи 0-5 насанд хамгийн их мэдээллийг цуглуулж олон талт оюуны  болон сэтгэл хөдлөлийн ухааны суурь чадварууд нь хөгжиж, амьдралын дадал хэвшил суух хамгийн өндөр боломжтой үе нь байдаг. Энэ үед хөгжим сонсож, тоглож сурснаар:

    1. Өөртөө итгэлтэй болж, сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ зөв илэрхийлж сурдаг.
    2. Гоо зүйн хүмүүжилтэй, хүнлэг, эерэг сэтгэлтэй хүн болж төлөвшинө.
    3. Сахилга бат, эмх цэгцтэй болно.
    4. Хөдөлмөрч, уйгагүй тэвчээртэй,хариуцлагатай байдалд суралцана.
    5. Бэрхшээлийг даван туулах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй болно.
    6. Хийсвэрлэх болон дүрслэн бодох чадвар, математик сэтгэхүй, IQ нь өндөр хөгжихөд нөлөөлнө
    7. Хэл сурах чадварт нөлөөлнө.
    8. Нэг дор анхаарлаа төвлөрүүлэн олон зүйлийг зэрэг хийж чаддаг бүтээлч үйл ажиллагаатай болоход нөлөөлнө
    9. Бусадтай харилцах харилцааны зөв хүмүүжил, багаар ажиллах ба дасан зохицох чадвар хөгжинө.
    10. Хөгжмийн сонсгол болон хөдөлгөөний эвсэл, хэмнэл темптэй болно.

Ингэж хөгжмийн боловсролоор дамжуулж аз жаргалтай, сэтгэл хангалуун амжилттай амьдарахад хэрэгтэй олон  суурийг хувь хүнд нэгэн зэрэг төлөвшүүлж болдог ач холбогдолтой байна.

-2-6 насны бага насны хүүхдүүдэд хөгжим заах аргаас та хэлэхгүй юу. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хөгжим тоглох, суралцах боломж нь сургуулийн насны хүүхдүүдтэй харьцуулвал ямар түвшинд байдаг вэ?

-Бага насны хүүхдэд хөгжим заах арга нь хөгжим сонсгохоос эхэлдэг. Хүүхдэд сонсгоход тохиромжтой богино хэмжээний хөнгөн хэмнэл, ритмтэй дэлхийн  сонгодог сор бүтээлүүдийг өдөр бүр давтамжтайгаар сонсгосоноор хүүхдийн хөгжмийн сонсгол хөгждөг. Энэ суурин дээр үндэслэн 3 настай хүүхдүүдэд бөмбөр болон энгийн хөгжмийн зэмсгүүдээр  богино хэмжээний дуу  аялгууг тоглохыг зааж сургадаг. Дараагийн шатанд 4,5 наснаас нь суралцах хөгжмийн төрлүүдийг нарийсган төрөлжүүлж  царгил, товшуур, бишгүүр,  маримбо, үкүлэлэ гитар, хийл, төгөлдөр хуур зэрэг хөгжмүүдээр тоглох аргыг зааж хөгжим тоглох чадварыг нэмэгдүүлж хөгжүүлдэг.

Ингэхдээ хүүхэд нэг бүрт ганцаарчилсан сургалтыг цагийн нарийн хуваарийн дагуу менежмент хийж явуулдаг. Үүний үр дүнд манай цэцэрлэгийн хүүхэд бүр 2-3 хөгжим тоглох чадвартай болж төгсдөг. Гэхдээ цэцэрлэгийн насны хүүхдэд хөгжим зааж сургахад маш их уйгагүй ажиллагаа хичээл зүтгэл хэрэгтэй.  Яагаад гэвэл тэдний бие махбодь болон сэтгэцийн хөгжил нь сул, тэвчээргүй, сонирхол нь амархан буурдаг, анхаарал төвлөрөх чадвар нь  богино 15-20 минут байдаг. Сургалтын явцад багшийн ганцаарчилсан уйгагүй үйл ажиллагааны үр дүнд тухайн хүүхдийн хувийн сэтгэл зүй, зан төлвийн онцлогт тохируулан ажилласанаар хүүхэд аажим аажмаар хөгжим тоглох дур сонирхолтой болж чадвар нь хөгжиж эхэлдэг.

Түрүүлж хөгжим тоглож сурч чадваржсан хүүхдүүд бусад шинээр сурч байгаа найз нартаа нөлөөлж бие биедээ зааж өгч суралцдаг. Ингэж хүүхэд хүүхдээсээ суралцах нь хамгийн тааламжтай шилдэг арга болдог. Яагаад гэвэл хүүхдүүд бие биенийхээ дотоод ертөнцийг илүү сайн ойлголцдог. Манай цэцэрлэг хөгжмийн сургалтандаа 12 төрлийн 260 хөгжмийн зэмсгийг ашигладаг. Эдгээр  хөгжмийн зэмсгүүдийг хүүхэд яг л машин, хүүхэлдэй шиг л чөлөөтэй тоглож, тоглох явцдаа суралцаж болохоор ангид байрлуулсан байдаг. Бид ганцхан хөгжмийн боловсрол биш нийгэмшихүйн чадамж, хэл ярианы чадамж, математикийн чадамж, дүрслэн урлахуйн чадамж, байгаль нийгэм орчинтойгоо харилцах чадамжийг хөгжүүлэх 20 гаруй төрлийн сургалт, үйл ажиллагааг мэргэжлийн багш нар төдийгүй, багийн гишүүн бүр оролцож хүүхэд бүртэй дотно харилцан тэдний дотоод сэтгэлийг сонсож тэдний онцлогт тохирсон хөгжүүлэх сургалтыг ганцаарчлан өгч хүүхэд бүртэй тулж ажилладаг.

-Хүүхдийн хүмүүжлийн гол суурийг цэцэрлэгийн нас, бүр эхийн гэдсэнд байхаасаа эхлэн хүмүүжиж эхэлдэг гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар...?

-Аливаа хүүхдийн 0-3 насанд хүүхдийн суурь хүмүүжил нь тавигддаг. Гэр бүл болон цэцэрлэгийн орчинд бага насны хүүхдийн тархины 85% хүртэлх нь бойжиж, үлдсэн 15% нь бусад насанд бойжиж дуусдаг. Ингэхээр хүний хамгийн чухал үе нь  нялх нас болон цэцэрлэгийн насанд тавигдаж байдаг. Сургуулийн өмнөх боловсрол бол хүний амьдралын суурь цөм нь байдаг. Цэцэрлэгийн насны 2-6 настай хүүхдийг юу ч мэдэхгүй бага жаахан хүүхэд гэсэн өнгөцхөн байдлаар харж болохгүй. Манайхны хувьд анхаарах гол чухал насанд нь нэг их ач холбогдол өгөхгүй явсаар дуусгадаг тал бий. Цэцэрлэгийн насан дээр хүүхдийн маш олон авьяас чадвар, сууриудыг тавьж нээх боломж байдаг. Хэрвээ тэр хүүхдийн авьяас чадварыг нээж өгч, суурийг нь сайн тавихгүй бол сургуульд орох, нас биенд хүртлээ суурьтай болж тэр болгон чаддаггүй. Монголчууд эрт дээрээс “хүн болох багаасаа” гэж хэлдэг. Бага нас гэдэг чухам аль үеийг хэлдэг гэдгийг монголчууд хэдийнээ томъёолчихсон байгаа шүү дээ. Бидний алддаг зүйл гэвэл хүүхдээ сургуульд орсон цагаас эхлээд сургах, хүмүүжүүлэх тухай сая анхаарч эхэлдэг. Гэтэл хүүхэд сургуульд орохоосоо өмнө хэдийнэ тархины хөгжлийнхөө 85 хүртэлх хувийг авчихсан байдаг байх нь. Тэгэхээр бид энэ л насанд нь хүүхдийн авьяас чадварын суурийг нь тавьж, сонирхлыг нээн өгөх, хувь хүний зан төлөвшлийн сайн талуудыг суулгаж өгөхөд анхааран ажиллах ёстой юм.

-Бага насанд нь хүүхдэд ямар боловсрол, хүмүүжлийг олгох ёстой вэ?

-Манай улсын боловсролын систем, гэр бүлийн хэв маягийг хараад байхад ихэвчлэн мэдлэг, ур чадвар дээр анхааран үнэлж ирсэн. Өөрөөр хэлбэл, бид мэдлэг чадвартай болгохоос гадна амьдрах чадварыг бэлдээгүй орхигдуулж явж ирсэн гэсэн үг. Дээхнэ үед монголчууд өдөр тутмын ахуйн амьдралаасаа суралцдаг байлаа. Тухайлбал, бидний ахуйн амьдралын хэв маяг болох унага татаж, хонио хариулж байгаа эцэг, эхийг өдөр тутмын хийж буй ажил хөдөлмөрөөс нь бас аливаа зүйлд дүгнэлт хийж буй зэрэг олон нөхцөл байдлаас нь суралцаж, тэр нь эргээд амьдралын асар их туршлага болдог байсан. Орчин үед ялангуяа сургууль, цэцэрлэгт явдаг болсноос хойш амьдрах чадварын тал дээр хүүхдүүд нэг талаар дутмаг болчихсон. Зөвхөн уншдаг, тоо боддог, дуулдаг, бүжиглэдэг хүүхдүүдийг бий болгочихсон. Энэ нь амьдрах чадварт суралцахгүй байгаа гэдгийг харуулж байна. Амьдрах чадварт бэлтгэгдээгүй хүүхэд том болоод туршлагагүй гэр бүлийг бий болгоно. Амьдралд туршлагагүй гэр бүл ямар нэг бэрхшээлийн өмнө сорилтонд унадаг. Үүнээс болж нийгэмд гэр бүлийн салалт, тогтворгүй байдал үүсдэг. Сүүлийн үеийн гадны чиг хандлагуудыг харж байхад хүүхдэд амьдрах ухааныг дандаа давхар зааж сургах нь зөв юм байна гэсэн хандлага давамгайлах болжээ. Одоо манай боловсролын систем өндөр чадвартай хүүхдийг бэлдэнэ гэж яриад байгаагаас өрсөлдөх чадвартай хүүхэд яагаад бэлдэхгүй байгаа юм гэсэн асуултууд гарч ирж байна.

-Цаашдаа боловсролын чиг хандлага ямар болно гэж та харж байна вэ?

-Өнөөдөр дэлхий нийт боловсролын чиг хандлагын хувьд сорилттой тулгарч байна. Технологийн асар хурдтай хөгжлийг дагаад ямар хүн цаашид бэлтгэх вэ гэдэг асуудал сөхөгдөж байна. Ирэх 2040 он гэхэд хөдөлмөрийн бүтээмжид асар их өөрчлөлт ирэх нь тодорхой болчихлоо. Одоо байгаа нийт ажил хөдөлмөр, мэргэжлийн 40 хүртэлх  хувь  нь өөрчлөгдөнө гэж дэлхийн эдийн засгийн форум дээр яригдсан. Хүний хийж чадаж буй бараг ихэнх зүйлийг роботууд хийж гүйцэтгэх боломжтой болно гэсэн үг. Роботууд ажлыг хүнээс ч илүү, ямар ч алдаа гаргахгүйгээр цаг, мөнгө хэмнэж хийж чадаж байна. Тэгэхээр боловсрол олгож буй чиг баримжаа, хандлагууд эргээд маш их өөрчлөгдөх тухай хэдийнэ яригдаад эхэлсэн. Дэлхий нийтээрээ ийм сорилт, өөрчлөлттэй нүүр тулчихсан хариулт хайж байна.

Тэгэхээр бидэнд ямар чадвартай ямар хүн хэрэгтэй болох вэ? Хиймэл оюун ухааныг улам төгөлдөржүүлэх нь нэгэнт тодорхой болчихлоо. 2018 онд дэлхийн эдийн засгийн форум дээр боловсролын асуудлыг хөндөж ярьж байсан л даа. Тэгээд бидэнд ерөөсөө л өрсөлдөх чадвартай хүн хэрэгтэй юм байна. Өрсөлдөх чадварт арван том суурь асуудлыг хөндсөн. Нөгөө бидний тодорхойлдог арван Q юм. IQ, EQ, SQ гэх мэт нийт арван Q-ийн асуудлууд байна. Энийг багцалж нэгтгээд өрсөлдөх чадвартай хүн юм байна гээд ойлгочихсон. Өрсөлдөх чадвартай хүн гэдэг нь амьдрах чадвартай хүнийг хэлээд байгаа юм. Тэгэхээр үүнийг боловсролын системд хэрхэн тусгаж, хүргэх вэ гэдэг дээр улс бүр өөрийн аргачлалыг гаргаж байна. Дэлхийн 100 гаруй орон, ЮНЕСКО-ийн гишүүн, мөн улс орнуудын боловсролын системд хүн байх ухааныг, хүн чанарын боловсролыг, амьдрах ухааныг, өрсөлдөх чадварыг өөр өөрийн уламжлалт соёлын дагуу нэвтрүүлээд эхэлсэн. Манай улсад болохоор боловсролын чиг хандлага нь ч тодорхойгүй явж байна. Тухайлбал, Америкийн боловсролыг дуурайлаа гэхэд боловсролын чиг хандлага нь өөр байдаг. Гэтэл үүний нөгөө чиглэл нь Япон улсын жишээ байна.

Улс үндэстэн бүр өөрсдийн онцлог, өөрийн давуу тал дээр суурилж хандлагаа тодорхойлдог. Бид боловсролын аль хавтгайг сонгох вэ? Одоо манай цэцэрлэг сургуулиуд ямар түвшинд байна вэ гэхээр англи хэлтэй, ийм ч IQ-ийн юмтай, ийм шатрын дугуйлантай гээд баахан ур чадвар, мэдлэгийг давуу тал болгодог. Магадгүй онц сурдаг хүүхдийг сайн хүн гэх гээд байгаа юм уу? Эсвэл бусдадаа тусладаг хүнийг сайн хүн гэх гээд байгаа юм уу? Яг ямар хүнийг сайн хүн гэх вэ гэдгийн тодорхойлолтыг хэлж чадахаа байчихсан. Тэрийгээ боловсролдоо суулгаж чадахгүй байгаа юм. Мөн тэрхүү хүнийг бэлтгэх, түүнд тохирсон боловсон хүчний асуудал байгаа юм. Яг үнэндээ өнөөдөр манай боловсролын системд бэлтгэгдэж байгаа багш ажилчид үнэхээр тийм өндөр түвшинд байгаа юу гэвэл тун учир дутагдалтай байна гэж хэлнэ. Бодит байдал гэвэл цалингаас цалингийн хооронд, зээлтэй, амьдралын хүнд дарамтан дунд багш нар маань ажиллаж байна. Ийм тохиолдолд бид өрсөлдөх чадварын тухай ярихад тун бэрх болж байгаа юм.

-Танай цэцэрлэгийн хувьд ямар сургалтын арга барилыг барьж ажиллаж байгаа вэ?

-Манай цэцэрлэг нь өөрийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл дээрээ  тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хувь хүн гэхээсээ илүү багийн хөгжил, ур чадвар, багаар ажиллах чадварыг голлож ажилладаг. Сэтгэл нийлсэн чадварлаг, эвсэг баг хамт олон, хүүхэд нэг бүр хөгжих сэтгэл зүйн болон материаллаг, бас үйлийн орчинг бүрдүүлж, тэднийг аз жаргал, баяр хөөртэйгээр бүх талын чадварыг олж авах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж чаддаг л бидний онцлог болов уу. Цэцэрлэгийн алсын хараа нь хүнлэг, өндөр чадвартай, зөв хүний суурийг тавих юм. Хүнлэг хүн гэж ямар хүнийг хэлээд байгаа юм? Ёс зүйтэй, бусдыг хүндэлдэг, бусадтай харилцаж чаддаг хүнийг хэлнэ. Өндөр чадвартай хүн гэдэг нь академик чадвартай хүнийг хэлээд байгаа юм. Зөв хүн гэдэг нь зорилготой, тэмүүлэлтэй, хүсэл мөрөөдөлтэй, амьдралын зөв дадал зуршилтай хүнийг хэлнэ гэж бид үздэг. Энэ гурван хүрээгээ тойроод мөн ялгаагүй ийм түвшний хэмжээний боловсон хүчин шаарддаг.

-Танай цэцэрлэг боловсон хүчнийхээ хувь хүний хөгжилд хэр анхаарч ажилладаг вэ?

-Бидний хувьд гэвэл боловсон хүчнийхээ бүр хувь хүний хандлагаас нь эхэлж өөрчлөх замаар багш, ажилчдаа хөгжүүлж ажилласаар ирсэн. Сургалт явуулж буй манай боловсон хүчин өөрсдөө эхлээд чадварлаг, хүнлэг, ёс зүйтэй байх ёстой болчихож байгаа юм. Ингэхээр байгууллагын засаглалыг үргэлж хөгжүүлдэг байх ёстой болно. Багш нар өндөр чадвартай, суралцаж хөгждөг байх ёстой. Байгууллагаас ч багш нараа хөгжүүлэхийн төлөө ажилладаг байх ёстой. Тухайн байгууллага алсыг харсан том зорилго, мөрөөдөлтэй байх ёстой. Тэгж байж тэр зорилго мөрөөдөл дотроос багш нар, хүүхдүүд маань цэцэг шиг урган гарч ирж байх ёстой юм. Зөв бодлого, сайн засаглалтай байхад сайн бүтээгдэхүүн гарна гэж үздэг. Энэ үндсэн гурван багана хүрээлэлд тулгуурлаж бид нар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Аливаа байгууллагын үндсэн алсын хараа, зорилго мөн үйл ажиллагаа хүний нөөц дээр тулгуурлаж уялдаж явагддаг. Тиймээс багш нарыгаа хөгжүүлэхэд бид анхаарч сургалт олонтаа явуулдаг.

-Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд ямар хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг вэ?

-Сургуулийн өмнөх боловсрол бол хүний хөгжлийн үндэс буюу насан туршийн боловсролын суурь юм. Бид Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр дээр үндэслэн өөрийн цэцэрлэгийн “Бид хүнлэг, оюуны өндөр чадвартай зөв хүний суурийг тавина” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан хичээл, сургалт бүрийг задлан нарийвчилсан уян хатан хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна. Өөрөөр хэлбэл сургалт бүрийг мэргэжлийн багш хариуцан ганцаарчилсан ба хэсэгчилсэн аргаар хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж  хөгжүүлдэг гэсэн үг. Энэ нь ч үр дүн  сайн байгаа нь практикаар нотлогдон эцэг эхийн талархлыг хүлээн ажиллаж байна. Цаашдаа ч энэхүү хөтөлбөрөө засан сайжруулж хүүхэд хөгжүүлэх систем болгохоор төлөвлөн ажиллаж байна даа. Ер нь авьяасгүй хүүхэд гэж байдаггүй. Тухайн хүүхдийн зан характертай холбоотойгоор заах аргыг зөв чиглүүлвэл хүүхэд бүр хөгжинө. Манай цэцэрлэгийн онцлог бол хүүхэд бүртэй тулж тухайн хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, зан төлөвийн ялгаатай байдалтай нь холбож сургалтыг явуулдаг. Түүнээс биш хэн авьяастай, нүүрэмгий, сэргэлэн цовоо нь хөгжиж, хэн бүрэг даруу ичимхий нь ард нь үлдэж хоцорч байж болохгүй. Жишээлбэл, дээр ярьсан хөгжмийн сургалтаас гадна хэл ярианы бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан хэлний болон, хөдөлгөөний тусгай сургалт, зан чанарын харилцааны EQ сургалт, мөн бүжиг, найрал дуу, сэтгэх чадвар хөгжүүлэх IQ, сагсан бөмбөг, хөл бөмбөг, стептэй дасгал хөдөлгөөний сургалт, уран баримал буюу jumping clay, зураг, шавран урлалын сургалт гэх мэт хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх бүхий л боломжит сургалтуудыг цагийн нарийн төлөвлөлттэйгээр хүүхдийн сонирхолд тулгуурлан явуулж байна.

-Хүүхдийн хүмүүжил болон сургуулийн өмнөх боловсролыг олгоход эцэг эхийн үүрэг оролцооны хувьд ямархуу байдал ажиглагддаг вэ?

-Мэдээж хэрэг Хүүхэд хүмүүжиж боловсроход хамгийн чухал нь гэр бүлийн орчин бөгөөд эцэг эхийн үүрэг оролцоо маш чухал байдаг. Монгол Улс маань хүн амын хувьд харьцангуй залуучуудын орон гэдгээрээ онцлогтой. Гэхдээ үүнд нэг сул тал ажиглагддаг. Энэ нь залуучуудын хувьд гэр бүлийн боловсролын мэдлэг тун дутмаг байдаг. Гэр бүлийн төлөвлөлт хийж байгаа хэдий ч зөвхөн мөнгө санхүүгийн талаас нь л хараад байх шиг энэ бол чухал ч гэлээ хамгийн чухал нь бол биш. Гэтэл гэр бүлийн боловсрол гэдэг чинь сэтгэл зүй, оюун санаа, бие махбодь гээд маш олон талаас нь өөрсдийгөө дасгалжуулж бэлдэх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, амьдралын туршлага гээд байгааг бүгдийг нь хийж алдаж онож байж ухаарах гэхээсээ амьдралд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Эцэг эхчүүд маань үр хүүхэддээ хамгийн их нөлөөлдөг хүн гэдгээ анзаардаггүй, хүүхэд нь хэдий сайн багштай байлаа гээд багшийн суулгаж өгсөн тэрхүү үрийг эцэг эх л тордож байж тэр хүүхэд цэцэглэж ургадаг. Цэцэрлэг гэдэг бол өдөр өнжүүлэх биш энэ бол хууль ёсны боловсролын байгууллага гэдгийг төдийлөн сайн ойлгодоггүй. Үүнээс болж цэцэрлэгийн насан дээр ихэнх хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил орхигдчих гээд байдаг талтай. Тийм ч учраас эцэг эхэд зориулсан шат дараатай сургалтуудыг өөрийн цэцэрлэгийн эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулдаг. Сургалт маань эцэг эхчүүдийн  сэтгэлд хүрч нэгийг бодогдуулсан тул байгууллагуудаас урилга ирж байгаа.

-Төрөөс боловсролын салбарт ямар бодлого явуулах хэрэгтэй талаар таны бодлын сонсоё?

-Төрөөс боловсролын салбарыг тэргүүлэх салбараа болгоод багагүй хугацаа өнгөрлөө гэтэл бодитой ахиц дэвшлүүд энэ салбарт харагдахгүй л байна. Ялангуяа хувийн цэцэрлэгүүдэд. Энэ нь нэг талаараа бидэнд зөв бодлого дутагдаж байна гэсэн үг юм. Мөн нөгөө талаасаа тус салбар дахь байгууллагуудад сайн засаглал дутагдаж байна. Бид боловсролынхоо цаашдын чиг хандлагыг зөв тодорхойлоход түүндээ таарсан бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөв бодлого гэдэг маань бид их хүндээр ойлгож харах хэрэггүй юм байгаа. Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг хараад бидэнд ямар хүн бэлдэх хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлоод тийм ч хэцүү биш байх гэж бодож байна. Харин тэрхүү чиг хандлагад тохируулж Хууль эрх зүйн хувьд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хувьд, мөн хүний нөөц гэх мэт зүйлүүдэд зөв бодлого гаргаад ирэхэд маш их ахиц гарна гэж харж байна.

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН СОНИН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин