• Эхлэл
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотноо хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцогч зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мэндчилгээг Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл төлөөлөгчдөд хүргэсэн юм.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хотын дарга нар аа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар  хотод хүрэлцэн ирж, бүс нутгийн түвшний хотын дарга нарын уулзалтанд оролцож, байгаль дэлхий, ногоон хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэхээр хуран чуулсан та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж, энэ өдрийн мэндийг айлтгая.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар “Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалт” хоёр жил тутам тогтмол зохион байгуулагдаж, экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчноо хамгаалах,  ногоон хотын бодлогыг хөндөж, хотууд туршлагаа хуваалцаж, хэрэгжүүлдэг нь энэ чуулганы ач холбогдолыг харуулж байна.

3 дахь удаагийн чуулга уулзалтаар “Нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хотын хөгжил: агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг бууруулах нь” сэдвийг онцлон авч хэлэлцэж байгаа нь утаа, агаар, орчны бохирдолыг хүчтэй хөндөж, эрчимтэй бууруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа Монгол улсын тухайд ч эмзэг, тулгамдсан  асуудал юм. Нэгхэн тоон үзүүлэлт хэлэхэд Улаанбаатар хотын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болоод байна. Байгаль цаг уурын өөрчлөлт, хувьсалын эсрэг хүн төрөлхтөн дангаараа биш даяаршиж, хамтдаа туулах шаардлага тулгарч, бүс нутгаараа ийнхүү чуулж байгаа нь олон улсын түвшинд үлгэр болохуйц юм.

Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудал та бүхэнд ч ижил бий. Өөрөөр хэлбэл “Ногоон хот руу тэмүүлж, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот” болох  зорилго биднийг нэгтгэж байна.

Зүүн хойд Азийн бүс нутаг бол дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг, томоохон эдийн засагтай гүрнүүд оршдог бүс нутаг билээ. Гэвч манай бүс нутаг нийт хүлэмжийн хийн 30 орчим хувийг ялгаруулдаг гэсэн судалгаа байна.

Иймд бүс нутгийн хамтын ажиллагааны хүчээр тогтвортой хөгжлийг дэмжих, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна.

2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан юм. Энэ зорилтоо үр дүнд хүргэхэд та бүхний дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн бодлого чухал түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цэвэр технологийг нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

“Нүүрсхүчлийн хий бага ялгаралт бүхий хотын хөгжил: агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийг бууруулах нь” гэсэн нэн чухал сэдвийн хүрээнд хуралдаж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Монгол сайхан эх оронд минь тавтай морилно уу.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх

2018 оны 6 дугаар сарын 18


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин