• Эхлэл
  • Дүнжингарав, Мишээл экспо-гоос үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Дүнжингарав, Мишээл экспо-гоос үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

2018/07/09

Наадмын өдрүүдэд иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нийт 557 алба хаагч нэмэгдлээр, Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэх аж. 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД ДОЛООН ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

Баярын өдрүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах болсон талаар Замын цагдаагийн албанаас дараах  мэдээлэл өгөв. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хүчин чадлаас хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм.

Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт долоон төрлийн зөвшөөрлүүд олгогдож байгаа. Мөн бид замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай байрлалуудад байрлуулаад байна.

Зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн. Жишээлбэл “Г” төрлийн зөвшөөрлийг хоёр байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээллээ. 

ТҮҮНЧЛЭН:

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл - Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн зургаан давхар авто зогсоолд,

“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах 'Говийн Од' ХХК-ийн талбайд байрлуулна. Мөн тухайн үед бид 45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргаж ажиллана.

“Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол ХХК”-ийн талбайд

“Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл: Зөвхөн Хүй долоон  худаг явна.

ДҮНЖИНГАРАВ, МИШЭЭЛ ЭКСПОГООС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.

Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны 07:00-09:00 цагт соёолон насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах аж. Морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөжээ. 

ЗАМЫН АЧААЛЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ДАВТАМЖТАЙГААР ХҮРГЭНЭ

Баярын өдрүүдэд FM 100.1, 100.5, 88.8, Авто радио 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч, зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэнэ. Цагдаагийн байгууллага иргэд та бүхнийгээ хөдөлгөөнд оролцохдоо бие биенээ хүндэтгэж, дүрмээ биелүүлэн сахилга соёлтой сайхан наадна гэдэгт итгэж байна гэж мэдээллээ.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ, ХҮЙ ДОЛООН  ХУДАГТ СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ӨРӨӨТЭЙ БОЛСОН 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Үндэсний их баяр наадмыг сурвалжлахаар 600 хэвлэл мэдээллийн ажилтан мандатаа авсан. Мөн гадаадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас наадмыг сурвалжлахаар зорьж ирсэн байгаа. Энэ жилийн наадмыг найман телевиз шууд дамжуулна. Тухайлбал, МҮОНРТ, ТВ9, ТВ5, NTV, UBS, SPS гэх мэт.  Бусад бүх телевизүүд наадмыг сурвалжлах бүрэн эрхтэй.

Энэ жил Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт хэвлэл мэдээллийн ажилтнууддаа зориулж интернет сүлжээтэй, компьютертэй өрөөг бөхчүүдийн хувцас солих өрөөний хажууд тусгайлан бэлэн болгосон. Мандат гурван өнгөтэй байгаа. Цэнхэр мандат бүгдэд нээлттэй, Улаан мандат нь шууд дамжуулж байгаа найман телевизийнх, ногоон нь тодорхой хязгаарлалттай' гэв.


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин