• Эхлэл
  • Ө.Энхтүвшин А.Гутеррестэй уулзав

Ө.Энхтүвшин А.Гутеррестэй уулзав

2018/07/18

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр буюу долдугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллаж, үр дүнтэй олон төсөл, хөтөлбөрийг НҮБ амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлээд, энэ сарын эхээр Улаанбаатар хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулснаа онцлов. Мөн Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн албан хаагчдыг оролцуулж эхэлснийг дурдаад, Засгийн газраас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррес олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтуудын хэрэгжилт, ялангуяа Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулах үйл явцад оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа, НҮБ-аас Монгол Улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр өргөжүүлж ажиллахаа нотлов. Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотоллоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин