• Эхлэл
  • “Оюутолгой” Үндэсний үйлдвэрийг бодитоор дэмжин хөгжүүлдэг

“Оюутолгой” Үндэсний үйлдвэрийг бодитоор дэмжин хөгжүүлдэг

2018/07/23

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх зорилготой олон компани зах зээлд “хөл тавьж” амжилттай ажиллаж байна. Тэдний нэг бол “Минерал байг ХХК юм. Эднийх 2012 оноос эхлэн Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаа юм. Жирийн цомхон оёдлын цехээс дэлхийн хэмжээний үйлдвэрийннийлүүлэгч болтлоо хөгжиж буй даруухан хэрнээ тогтвортой өсөлт, амжилтаар өөрсдийгөө чимэн өөдлөн дэвшиж буй тус компани Монголын анхны экспортын баяжмалыг их даацын уян уутандаа савлуулан хилийн чанадад үдэж байсан бахархалт дурсамжтай.

“Анх тест өгөөд уутны загварын тендер зарлахад дөрвөн компани өрсөлдөөд хоёр нь тэнцсэний нэг нь “Минерал байг” байлаа. Одоо Оюу Толгой компанийн экспортод гаргаж буй бүх баяжмалын уутыг манай компанийн загвараар үйлдвэрлэдэг” хэмээн “Минерал байг” ХХК-ийн захирал О.Алтантуул ярьсан юм. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрөхөд“Минерал байг” ХХК Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр 2016 онд шалгарч байжээ.

Оюутолгой ХХК-нь Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэлтэстэй байсан. Энэ хэлтэс Монголын олон жижиг үйлдвэрийг хөгжүүлж, бодит дэмжлэг үзүүлжээ. “Оюу толгой” компани оны нэгдүгээр улиралд 512 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 382 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компаниудад зарцуулжээ. 2010-2018 оны нэгдүгээр улирал гэхэд үндэсний худалдан авалтад 2.3 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 317 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ оны гурав дугаар улиралд компани шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах “Эрдэнийн говь” ёслолоо Улаанбаатар хотод зохион байгуулж, сар тутмын нээлттэй өдөрлөгөөрөө бизнесийн байгууллагуудтай харилцаагаа үргэлжлүүлсээр байна. 

Тэдний төлөөлөл болгож дээр дурдсан “Минерал байг” ХХК-ийн амжилтын түүхийг энэ удаад тусгайлан сурвалжиллаа. Нийслэлийн зүүх захад байрладаг хориод оёдлын машинтай жижиг үйлдвэрийг зорин очиж хамтын ажиллагаа ярьж эхэлсэн энэ түүх өнөөдөр үндсэн болон гэрээт 100 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулснаар үргэлжилж байна. 

Тэр үед яг ийм уул уурхайн баяжмалын уут буюу шуудай оёдог дөрвөн үйлдвэр байсан юм билээ. Гэрээгээр олдсон ажлаа хувааж аваад хийчихдэг, угтаа өрсөлдөгч боловч тухайн үедээ нэгнээ гомдоохгүй дэм дэмэндээ явдаг дөрвөн жижигт нэг л өдөр том аз тохиожээ. 

Учир нь Оюутолгой компаниас тухайн үед баяжмалын шуудай оёдог байсан дөрвөн компани дээр очиж үйлдвэртэй нь танилцаад баяжмалын уут нийлүүлэх санал тавьжээ. Оюутолгой ХХКөөрөө ч шинэ тутам ажлаа эхэлж байсан тул уутны загвар гаргахаар болж дөрвөн компаниудад өөрсдөдөө хэрэгтэй байгаа уутны шаардлагыг өгч загвар оёулах болов. Хийх ажил их ч хүчин чадал муутай учраас өнөөх дөрвөн компани Оюутолгой компанийг шуудайгаар хангаж арай барахгүй байсан тул хүчин чадлаа нэмж хөгжих шаардлага дээрх дөрөвт тулгарчээ. Ингээд хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулахаар ханцуй шамлав. Мөн тэднийг олон улсын чанарын стандартад нийцсэн уут оёх шаардлага тавьж холбогдох зөвлөмж удирдамжаар хангаж, төлбөрийн асуудлыг шийдсэн байна. Олон улсын чанарын стандартад нийцэхэд нэг удаагийн сорилд таван сая гаруй төгрөгийн зардал гардаг болохоор дээрх үйлдвэрүүдэд тухайн үедээ төдийгүй цаашдын өсөлт хөгжилд нь маш чухал хөрөнгө оруулалт, бодит дэмжлэг болж чадсан байна. Хожим нь хэн ч тэдний чанарын стандартын үзүүлэлтийг аваад үлдэхгүй болохоор өөрсдөд нь үлдэх баялаг, бусад харилцагчдынхаа өмнө нүүр бардам байх том үзүүлэлт, давуу тал гэсэн үг. 

Ингээд худалдан авах гэрээ хийснээр зээл авах боломж нээгдлээ. Эхлээд Оюутолгой ХХК өөрөөсөө урьдчилгаа төлбөр хийснээр үйлдвэрээ өргөжүүлж хүчин чадлаа нэмэхэд тусалсан байна. Мөн үйлдвэрлэл явуулахад эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай тул энэ тал дээрч бодит дэмжлэг болсон байна. Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалаа шаардлагатай хэмжээгээр нөөцөлж худалдан авах, ажилчдын цалинг тогтмолжуулах, тогтвор суурьшилтай ажиллах хүчинтэй болох, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх зэргээр компани чадваржиж байлаа. 

Анх арав гаруйхан оёдлын машинтай, хорь гаруй ажилчинтай байсан бол Оюутолгой компанийн ханган нийлүүлэгч болсноор үйлдвэртээ хоёр ч удаа өргөтгөл хийж хүчин чадлаа нэмэгдүүлжээ. 

Эхний сорил буюу 2012 онд өнөөх дөрвөн компани тендерт өрсөлдлөө. “Минерал байг”. өгсөн хугацаанд сайн хөгжиж чадсан тул шалгарч чадсан байна. Сонирхолтой нь Оюутолгой ХХК-ийн тендерт зөвхөн ялсан нь ажил авч бусад нь ажилгүй үлддэггүй. Учир нь эрсдлээс урьдчилан сэргийлэх, нэг компаниас хараат бус байхыг хүсдэггүй болохоор тендерт оролцсон хоёр компани нь шалгарчээ. Мэдээж хамгийн өндөр чадамжтай нь илүү их ажилтай байна. 

Одоо “Минерал байг” ХХК улам хөгжин сайжирч олон улсын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлж, 2017 онд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001 стандартыг нэвтрүүлэн албан ёсны гэрчилгээгээ гардан авчээ. Мөн тус компанийн баяжмал савлах уут нь олон улсын ISO: 21898, Австралийн AS:3668 стандартыг хангасан бүтээгдэхүүн юм. 

Тэдний үйлдвэрлэдэг шуудай 4 кг хүнд, 150 см өндөр гээд бодохоор эрчүүд голдуу ажилладаг байх гэж таамаглаж байсан ч үйлдвэрийн цех бүрт охид бүсгүйчүүд ч, залуус ч эн тэнцүү бас харьцангуй залуус олонтой юм. Хэдийгээр олон ажилтан цаг нартай уралдан социализмын үеийн томоохон аж үйлдвэрүүдийг санагдуулах ч эл хульхан байгаа нь энэ гэнэ. Ажлын хувьд хэвийн байгаа нь тэр бөгөөд оргил ачааллын үед гэрээт ажилтнуудтайгаа нийлээд ёстой л түм түжигнэдэг аж. Илүү цагийн хөлсийг ч сайн бодож өгдөг тул ажилчид ер нь “оргил ачаалалтай байж илүү цагаар ажиллахыг хүсдэг” гэдгээ нуулгүй ярьж байлаа. 

Үнэндээ зургаа орчим жилийн дотор ийм үсрэнгүй хөгжилд хүрнэ гэдэг Монголын нэгэн жижигхэн үйлдвэрлэл эрхлэгч, тэр тусмаа оёдлын цехийн хувьд мөрөөдөж л болох биз ээ. Оюутолгой ХХК-ийн дэмжлэг “Минерал байг” ХХК-ийг хэрхэн өөрчилсөн нь тус компанийн захирал, удирдлагын багаас ихээхэн шалтгаалсантай маргах аргагүй. Урьдчилгаа төлбөрөө маш зөв зарцуулж, “Оюутолгой” ХХК-ийн зөвлөмж, шаардлагыг онц сурдаг оюутан шиг идэвхтэй, хариуцлагатай хэрэгжүүлсний дүнд өнөөдрийн хэмжээнд хүрсэн нь дамжиггүй. Энэ компани одоо сард 25 мянга, жилд 300 мянган баяжмал савлах уутыг олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын өндөр үзүүлэлттэйгээр үйлдвэрлэн нийлүүлэх чадвартай болжээ. 

Энэ удаа зөвхөн өөрөө хөгжөөд зогсохгүй орон нутгийн ханган нийлүүлэгч компаниудыг хөгжүүлэх үйлст Оюутолгой ХХК-ий зүгээс хамтран ажиллах шаардлага тавьсан байна. Одоо Оюутолгой ХХК-ийн уурхай дээр 14 мянган хүн ажилладаг бөгөөд, хамтран ажиллах гэрээтэй монгол компанийн тоо 1200-д хүрчээ. Орон нутагт гэрээтээр ажилладаг ажлын хувцас оёхоос эхлээдүйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Энэ удаа тус компани тендер зарлахдаа орон нутгийн компаниудыг чадавхжуулж дэмжих төсөл хэрэгжүүлэхэд онцлон анхаарч байгаа юм байна. 

“Минерал байг”-ийнхан ч өөрсдийн хүрсэн амжилтад бусдыгаа дагуулан хөгжилд дөтөлж, орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй туршлагаасаа хуваалцан хамтдаа хөгжих их үйлст хүчин зүтгэж эхэллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин