• Эхлэл
  • Хэнтийн нөхөн сонгуулийг ирэх жил явуулах нь

Хэнтийн нөхөн сонгуулийг ирэх жил явуулах нь

2018/08/22

Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль явуулах УИХ-ын захирамж хууль зөрчсөн гэсэн гомдол гаргасан. Тэд нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, мөн Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй гэсэн гомдол гаргаад байсан юм.

Тухайлбал, УИХ-ын 62 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагчийг нөхөн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан гэж үзэж буй. Учир нь төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол зургаагаас доошгүй сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх ёстой. Гэтэл ийм хугацаа олгохгүй байгаа төрийн албан хаагчийг сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Энэхүү гомдлыг Үндсэн хуулийн цэц үндэслэлтэй гэж үзсэнээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна. 

Хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нар оролцож, гомдол, мэдээлэл гаргагч талаас иргэн С.Мөнхцэцэг, Н.Оюун, Гүлим нар, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон билээ. 

Одоо ийн УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг УИХ хүлээн авч хэлэлцэх ёстой. Цэцийн дүгнэлтийг чуулганы хуралдаантай үеэр бол 14 хоногийн дотор, харин одоогийнх шиг завсарлагатай үеэр бол УИХ-ын чуулган эхэлмэгц мөн 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ирэх аравдугаар сард хэлэлцэх нь. УИХ уг шийдвэрийг хүлээн авахгүй буюу, хоригловол Үндсэн хуулийн цэцийн дээд суудал дахин хуралдаж, хэлэлцэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Тэгэхээр УИХ зөвшөөрсөн ч эс зөвшөөрсөн ч ийн нөхөн сонгуулийг хойшлуулах нь нэгэнт тодорхой болоод байна.

Ингээд албан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

Тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв

 Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2018-8-22/  Дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Тус хуралдаанд өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж буй иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.

           Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн Улсын Их Хурал Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

                                                2018 оны 8 дугаар сарын 22

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин