• Эхлэл
  • Нийслэлийн  МАН-ын бага хурал 9-р сарын 21-нд болно

Нийслэлийн  МАН-ын бага хурал 9-р сарын 21-нд болно

2018/08/22

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр  /2018.08.22/ хуралдаж, бага хурлын товоо тогтлоо. Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлыг 9-р сарын 21-нд хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар  тэргүүлэгчид санал нэгдсэн байна. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс 2018 оны 3,4 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэлийн намын хороодын хурлыг хуралдуулах тогтоол гаргасан юм. Тэр дагуу Нийслэлийн МАН- ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, ийнхүү Нийслэлийн  МАН-ын бага хурлыг хийх товыг тогтоожээ.

Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг  байгуулж, хэлэлцэх асуудлын дарааллаа баталлаа. Нийслэлийн МАН-ын хорооны  34 дүгээр бага хурлаар   тус намын  хорооны  болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм.  

Уг бага хурлыг өмнө нь 6 дугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ.

Ирэх 9-р сард болох бага хурлаар  Нийслэлийн МАН- ын хорооны даргыг жинхлэх асуудлыг хэлэлцэх бөгөөд МАН- ын гишүүдийн зүгээс Нийслэлийн МАН- ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  С. Батболдыг  намын хорооны даргын албан тушаалд нь баталгаажуулах хурал  болох нь тодорхой хэмээн харж байна. 

Учир нь  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч нь  намын хороогоо удирдсанаар   2016 оны сонгуулийн  амлалтаа  биелүүлэх боломжтой.  Нөгөө талаар   өнгөрсөн намар хуралдсан МАН -ын  28- р их хурлаар   тус нам нэг бодлого, нэгдсэн удирдлагын дор ажиллана хэмээн  тунхагласан билээ.

Энэ утгаараа  нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж , амьдарч байгаа   Улаанбаатар хотод улс төрийн хөдөлгөөн хийхгүй гэж эх сурвалжууд үзэж байна.   Засгийн газар нь ч тогтвортой, хот нь тогтвортой байж  МАН  2020 оны сонгуульд амжилттай оролцох магадлалтай гэж  улс  төр судлаач, ажиглагчид  дүгнэдэг. Иймд аймаг, нийслэлийн МАН -ын хороодоос   Улаанбаатар хотын намын хороо хамгийн түрүүнд бага хурлаа товлон зарлалаа.

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд   УИХ-ын гишүүд, Нийслэлийн Хурлын зарим төлөөлөгчид болон дүүргийн намын хорооны төлөөлөл багтдаг байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин