• Эхлэл
  • Багш нарын зорилго юу вэ, ингэхэд...?

Багш нарын зорилго юу вэ, ингэхэд...?

2018/09/02

Уламжлал ёсоор эсэргүүцэл жагсаалтай, ажил хаялтын сүрдүүлэгтэй бас түгжрэл бөглөрөл бухимдалтай хичээлийн шинэ  жил эхэлж байна. Хэдийгээр өнгөрсөн бямба гаригт сургууль, цэцэрлэгүүд нээлтээ хийсэн ч яг өнөөдөр бол эцэг эхчүүд хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэг ажиллах эсэх тухай гайхаж, эргэлзсэн хэвээр.

Өнгөрсөн жил ч гэсэн хичээлийн шинэ жилийн эхний өдөр ажил хаяна гэсэн анхааруулгатайгаар эхэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Уг нь энэ жилийн хувьд арай онцлогтой нь багш нарын цалинг 12-30 хувь нэмэгдүүлнэ гэдгээ Засгийн газар зарлачихсан. Сүүлийн 11 жил буюу 2007 оноос хойш “хөдлөөгүй” байсан цалинг ийн их биш ч бага биш хувиар нэмэв. Гэхдээ ажил хаях шаардлага хэвээрээ. Мэдээж хэрэг багш нарын цалин хэтэрхий бага байгаа юу гэвэл хэн ч тийм гэнэ. Бас ажил хаялт зарлахаар мэдэгдэгсдийн шаардаж байгаагаар 100 хувь нэмэх боломж, бололцоо байгаа юу гэвэл бас олонх нь эргэлзэхгүйгээр “үгүй” гэж хариулах байх.

Төсвийн ажилтан, ажилчдын цалин нэмэгдэх сургаар барааны үнэ нэмэгддэг гэдгийг ч хэн бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Хамгийн сонирхолтой нь багш нарын хэд хэчнээн хувь нь ажил хаялтыг “жинхнээсээ” дэмжиж байгаа тоо тодорхойгүй.

МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзоригийн хэлснээр бол нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно гэсэн. Хугацаагүй ажил хаялт болохоор зарим сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 4-5 гэхчлэн нэмэгдээд явна гэж тэрээр хэлсэн. Харин олонх сургууль, цэцэрлэгийн хувьд есдүгээр сарын 3 гэхэд “тохиролцоонд хүрчих байх. Тэгэхээр ажил хаялт болохгүй байх аа” гэсэн албан бус “мэдээтэй”.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр “Уг нь бид ажил хаяна гээгүй л дээ, “дээрээс” шаардаад байгаа” гэх багш нарын шивнээ эцэг, эхчүүдийн чихийг шүргээд байгаа. Дээрээс нь эцэг эхчүүдийн “Цалин бага ч гэсэн нэмсэн, цаашдаа ч шат дараатай нэмнэ гээд байхад яахаараа...?” гэсэн эцэг эхчүүдийн гомдлыг өгүүлэх юун?  Гэвч тэд ажил хаялт болохгүй байх аа гэсэн найдвараа тээсээр. Үүний ард “хаяна, хаяна гэж байгаад хаядаггүй дээ” гэсэн хоржоонтой үгс сонсогдсоор. Мэдээж хүүхдийнх нь цэцэрлэг сургуулийн багш нар ажлаа хаячихвал олонх аав, ээжийн хувьд хамаг гоё хувцсыг нь өмсүүлж, баглаа цэцэг тэврэн, ангидаа сургуульдаа баярлан ирсэн хүүхдүүдээ “чирээд” ажилдаа явахаас өөр аргагүй. Магадгүй энэ удаад эцэг эхчүүд ажил хаялтыг эсэргүүцсэнээр өөр нэг “тэмцлийн давлагаа” ч үүсч магадгүй.

Цалингийн нэмэгдлийг угтуулан зарласан ажил хаялтын цаана өөр ямар нэгэн "зорилго" байна уу? Цалингаа нэмүүлэх, боловсролын чанарыг сайжруулахаас өөр ямар нэгэн зорилго байна уу? Хичээлийн жилийн нээлт хийгээд хаврын тэмцлийн “сезьон”-оор ажил хаялтын сураг чангардаг. Тэр тусмаа засаг огцрох тухай хов зэрэгцэх үеэр ийн идэвхждэгийг харьцуулан бодоход??? 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өглөө ч гэсэн хэд хэчнээн сургуулийн багш нар ажил хаясан талаар тодорхойгүй л байна?

Ингэхэд хэдэн багш яагаад ажил хаяж байна вэ? Тэдний зорилго юу юм бол? Жич:Байсгээд ажил хаялт зарлана гэдэг ямар нэгэн эвлэл, холбоо, тэмцэгчдээс биш шүү, жинхэнэ багш нараас асуумаар байна???

Нэмэлт мэдээллийг дор дарж уншина уу.

12 сургуулийн багш нар ажил хаяад байна

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин