• Эхлэл
  • Монголын багш нарыг доромжилсон ”ажил хаялт”

Монголын багш нарыг доромжилсон ”ажил хаялт”

2018/09/03

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Хичээл хийхгүй ч гэсэн хийморио сэргэтэл нээлтдээ оролцчихоод ирсэн хүүхдүүд, зүсээ гоодсон сургуульдаа шавь нараа тосч жаргах багш нар есдүгээр сарын 1-нийг догдлон өнгөрүүллээ. Харин үдэш нь телевизүүдээр “Засгийн газар багш нарын цалинг нэмсэн ч 3-наас эхлэн орон даяар ажил хаяна” гэсэн мэдээ үзэв.

Уг нь “Есөн сарын 1”-ний өмнөх орой БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой /МБШУҮЭХ/уулзаж зөвшилцөлд хүрсэн талаар мэдээлсэн билээ. 

Одоо хүүхдүүд “Есдүгээр сарын 3-нд яах бол. Хичээл орохгүй бол яана аа. Чаддагсан бол багшийнхаа хүссэн цалинг өгчихөөд хичээлдээ орох юмсан” гэж бодож байгаа биз ээ. Гэтэл тэдний багш нь Засгийн газрын нэмсэн цалингаас илүүг хүссэн ч юм уу, үгүй ч юм уу Багш нь тэр ажил хаялтыг хүссэн үү, эс хүссэн үү, тодорхойгүй. 

Энэ бүхний цаана Монголын багш нарын нэр хүнд унаж байна. Багш нар бол аль ч улс орны нийгэмд нөлөө бүхий “масс”, тэргүүн фронтынхон байдаг. Монголын хувьд түүх, уламжлалаас харсан ч багшийг хүндлэх дээдлэх үзэл нь хосгүй нандин учир жанцантай өвөрмөц үнэлэмжтэй. Хэн тэр үнэлэмжийг мөнгөөр үнэлэхийг хүсээд байна вэ. Багш нар өөрсдөө лав биш. Тэгэхээр багш гэдэг мэргэжлийг, багш нар гэдэг нийгмийн эд эсийг хэсэг бүлэг хүн цалин нэмүүлэхээс тэс өөр зорилгоор ашиглах гээд байгаа биз. 

Хэрэв цалин нэмүүлэхийн тулд ажил хаях гэж байгаа бол цалинг нэмсэн. Хичээлийн шинэ жилийг цалингаа нэмүүлж эхэлсэн тохиолдол, тэр тусмаа “ажил хаяна шүү” гэж байгаад нэмүүлсэн тохиолдол олон биш байх. Багш нар ямар харагдах вэ. Мөнгөнөөс болж ажлаа, “хайртай” гээд байдаг шавь нартайгаа хаячихаж байгаа мэт харагдаж байгаа биз. Үүгээрээ багш нарын цалинг нэмүүлэх ажил хаялт давхар хор холбогдолтой үйлдэл үзүүлсээр байна.

Багш нар хууль мэддэггүй юм байна. Цалинг хэн нэмдэгийг, яаж нэмдэгийг мэддэггүй байх нь. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо /МБШУҮЭХ/-ны дарга Ж.Батзориг “Бид салбарынхаа яамтай өчигдөр уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа гол шаардлага болох цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Засгийн газар наймдугаар сарын 22-ний өдөр цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан ч бид цалинг нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Дээрх шийдвэрийг МБШУҮЭХ-ны салбарт ажилладаг нийт багш ажилчид бүгд эсэргүүцэж байгаа. Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй. Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно” гэж бахархалтайгаар мэдэгдлээ.

Энэ удаагийн ажил хаялтад тэдний тавьсан шаардлагад “Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300.000 мянган төгрөгийг аравдугаар сараас өмнө олгох” гэсэн байгаа юм. Мөн “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг өөрчилж боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна. Хэрэв Засгийн газар тодорхой хэмжээнд асуудлаа яриадхүлээж аваххэмжээний санал тавих юм бол бид ажил хаялтыг зогсооно” гэжээ. 

Хууль унших хэрэгтэй байна, Батзориг дарга аа! Хэдийгээр багш нарыг төлөөлж байгаагийн тань хувьд “Багш нар аа” гэмээр байгаа ч Монголын нийт багш нарыг гүтгэчих гээд байна. Тэгж болохгүй. Төрийн албан хаагчид аа, цалинг чинь нэмсэн шийдвэрээ буцаагаад багш нарынхыг нэмнэ гэж хэлж чадах уу, тийм хууль байдаг уу. Шавийн минь иддэг талхны үнэ хэд дахин нэмэгдсэн хамаагүй, миний л цалин нэмэгдэх ёстой гэдэг багш хэрэгтэй юу.

Энгийнээр, бүр Батзориг таны мөрөөдөж ч амжаагүй сэдвээр тайлбарлая. Хэрэв Боловсролын сайд Батзориг, бүр Ерөнхий сайд Батзориг багш нарын ажил хаялтаас айгаад энэ шаардлагуудыг чинь хүлээгээд авчихвал яах вэ? Хамгийн сайн сайд болно гэж бодож байна уу. Үгүй л дээ. 

Засгийн газар УИХ-ын шийдвэргүйгээр, төсвөө батлуулахгүйгээр ажил хаялтаас “айж” багш нарын цалинг нэмж улстөржсөн ажиллагаанд тал засах эрхгүй. Хэрэв тэгж “тохиролцсон” байвал төрийн эрх барих дээд байгууллагаас хариуцлага тооцдог юм. Өөрөөр хэлбэл УИХ-аас Засгийн газар, түүнийг төлөөлж “сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд хамгийн их цалин чинь нэмсэн” гэж шүүмжлүүлж буй Ц.Цогзолмаа сайд ч тэгж цалин нэмбэл, та нарын шаардлагыг хүлээгээд авчихвал Засгийн газар нь огцорно. Захиалагчид чинь үүнийг хүссэн үү!

Уг нь та биш юмаа гэхэд захиалагчид чинь дэлхийн ямар ч тэнэг “ажил хаягчид” цалин нэмснийг чамлаж, эсвэл төрйн албан хаагчдын цалинг нэмсэнээ буцааж хасаад багш нарын цалинг нэм” гэдэг шаардлага тавьдаггүй гэдгийг мэддэг баймаар юм. Нэмүүлэхээр шаардаж байгаа хувь хэмжээ нь хүртэл огт боломжгүй, “Яагаад цалин нэмээд биднийг хүнд байдалд оруулаад байгаа юм бэ” гэсэн мэт эсрэг үйлчлэл үзүүлээд байгаа биз. Цалинг есдүгээр сарын 1-нээс нэмнэ гэдэг цаг тулсан ховор шийдвэр гаргуулчихаад, нэмнэ гэсэн өдөр нь “Цалин нэмээгүй шүү дээ” гэж хэвлэлийн хурал хийлгэсэн нь үүний нотолгоо.

Багш нараас өөр хүмүүс бас энэ улс оронд амьдардаг юм шүү дээ, ажил хаягчид аа. Сангийн сайд тайлбар ярилцлага өглөө. Тэрбээр “ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй бид ярилцаад цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэдэг дээр тохиролцсон. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмж байя гэдэг дээр бид харилцан ойлголцсон. Төр өөрөө инфляцийн түвшинтэй уялдуулж төрийн албан хаагчид гэлтгүй цалин авч байгаа хүмүүсийн цалин, орлого, амьжиргаанд нь нөлөөлдөг үнийн өсөлтийг сайтар ажиглаж үүнтэй уялдуулаад инфляцийн түвшингээс хэтрүүлэхгүй нэмэгдүүлээд явах нь зөв” гэлээ. 

Төр засгийг буулгаад авчихсан мэт ааг амтагдаж байгаа биз. Харин төр, засаг нь иргэдээ, ирээдүйгээ, багш нараа хайрласандаа ийм шийдвэр гаргасан. Эрдэм боловсролыг мөнгөнөөс доогуур үнэлдэг, төрт ёс, хууль тогтоомжийг уландаа гишгэдэг, мөрдөх байтугай уншиж ч үзээгүй “хүн сүрэг”-ийн авир Монголын багш нарын нэрийг барьж амжилтад хүрлээ гэвэл андуурал. Үүнээс цааш төр нь багш нараа, боловсролын салбараа мэдэг. Харин багш нарын нэрийг барьж ашиг хонжоо ологсод тархиа цэнэглэхэд цаг мөчөө зарцуулбал зохино. Багш нарын цалинг нэмсний “гор”-ыг ч төр, засаг хүлээнэ. Гавьяаг ч хүлээнэ. Гэтэл дээрх холбооныхон “Бид та нарын цалинг нэмүүлсэн” гэж ярьдаг. Санал санаачилга нь зөв үед тэднийг багш нар дэмжиж байсан ч одоо бол Монголын багш нар, ялангуяа төрт ёсыг дээдэлдэг, хууль уншдаг, тоо мэддэг, мэргэжилдээ, шавь нартаа, улс орныхоо ирээдүйд хайртай багш нар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ичиж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин