• Эхлэл
  • 12 сургуулийн багш нар ажил хаяад байна

12 сургуулийн багш нар ажил хаяад байна

2018/09/03

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхантай БСШУС-ныхан уулзаж, зөвшилцлийн ширээний ард суухаар боллоо гэсэн мэдээлэл наймдугаар сарын 31-нд гарсан. Ингээд ажил хаялт хойшилж байгаа гэсэн ойлголт төрсөн ч есдүгээр сарын 3-наас буюу өнөөдрөөс зарим сургуулиуд ажил хаялт зарлаад байна. Өмнө нь Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Батзоригийн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр бол нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаясан. Орон нутгийн сургуулиуд болон бүх цэцэрлэгүүд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэв.  Үүнд:Баянгол дүүргийн 93-р сургууль, Эрдмийн өргөө, Баянзүрх дүүргийн 79, 92, 97, 102, Амгалан сургуулиуд, Хан-Уул дүүргээс 18,26, 34, 41, 114 дүгээр сургуулиуд ажил хаяад байна гэжээ.

Харин МБШУҮЭХ-ноос маргаашнаас ажил хаялтад оролцох сургуулиуд нэмэгдэнэ гэж байгаа ч одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Багш нарын үйлдвэрчний байгууллагаас ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүлэх шаардлага тавьж буй. Харин Засгийн газрын зүгээс есдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 12-30 хувь, цаашид шат дараатай нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:2018.09.03-ны 14.00 цагт МҮЭ-үүдийн холбооны удирдлагууд мэдээлэл хийсэн байна. 

Үүнд:

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхны цалинг 8-12 хувиар нэмснийг эсэргүүцэж, өнөөдрөөс ажил хаялт зарлаж байгааг МҮЭХ-ноос албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялтын хүрээ маргаашнаас тэлэх төлөвтэй байгаа.

Албан байгууллагын ажилтнуудын олонх хуралдаж, шийдвэр гаргаад удирдлага буюу эрхлэгч, захиралдаа мэдэгддэг. Мэдэгдлийг хүлээн авсан удирдлагууд эцэг, эхчүүдтэй холбогдож, ажил хаях болсон талаар мэдэгдэх ёстой. Гэсэн ч зарим удирдлага энэ талаар мэдээлэл өгөхгүй иргэдийг төөрөгдүүлж байна" гэлээ.

Мөн "өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн байдлаар нийслэлийн 114 сургуулиас 86, 192 цэцэрлэгээс 89 нь, ШУА-ын 12 хүрээлэн ажил хаялтад нэгдэхээ МҮЭХ-нд мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаяад байгаа талаар нэгдсэн мэдээлэл ирээгүй байгаа гэжээ.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөө өглөө МҮЭХ-ны удирдлагууд шуурхай хуралдаж мэдэгдэл гарган, Засгийн газарт хүргүүлсэн тухай тэд мэдээлсэн байна.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү

Багш, эмч нарын цалинг 12-30 хувь нэмнэ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Цалин бага нь үнэн. Гэхдээ улс орныхоо эдийн засгийг мэдэх хэрэгтэй. Нэмээд байхад даврах нь буруу. Цалин нэмэгдэхэд юмны үнэ өснө. Энэ нь бүх нийтэд хортой. Эдийн засаг дээшилж байгаа юм чинь их удаахгүй хүссэн хэмжээнд чинь хүргээд өгчих байх аа.
    2018 оны 09 сарын 03
  • Зочин
    одоо арга хэмжээ авсан дээрээ ажилаас нь халалдаа
    2018 оны 09 сарын 03
Сонин хачин