• Эхлэл
  • С.Батболд VS Х.Нямбаатар буюу улс төрийн шинэ онигоо

С.Батболд VS Х.Нямбаатар буюу улс төрийн шинэ онигоо

2018/09/20

 Улстөрд ч шоу бизнест ч, урлаг, соёлд том “зүйл”-ээр оролдох нь “сүртэй” байдаг гэсэн нэг ойлголт байдаг. Урлаг, шоуны талаар бол мэдээж манайхан ойлгож байгаа, том бүтээлд хүч авьяасаа сорих чансаатай ажил.

Харин улстөрд бол одоо жаахан хуучраад байгаа ч гэсэн аль болох том хэрүүл дундуур дайран орох, аль болох том тоо хэлж, сүртэй уриа дэвшүүлэх үгүй ядахдаа аль болох “том хүн”-тэй зууралдах гэсэн “хөгжилтэй” арга байдаг. Ялангуяа улстөр шинэ орж ирж байгаа, эсвэл нэр нь дуурсагддаггүй хүмүүсийн хувьд олны танил болох нэг арга юм л даа.  Уг нь энэ аргыг аль 20 жилийн өмнөөс зарим нэг улстөрчид хэрэглэсээр байгаад ул дол болчихсон. Ямар сайндаа л

-Баабартай ямар ч хамаагүй аргаар хэрэлдэх юм сан?

-Яаж байгаа юм бэ?

-Сүртэй харагдана шт.

-Тоож чамтай хэрэлдэх үү?

-Харин тийм ээ, өдөөд байхад л хариу ер өгөхгүй юм, бүр жов ч гэхгүй байна шүү гэсэн хошин яриа олон жилийн өмнө сонсогдож байсан. Яриа ч гэж дээ болсон явдал. Түүнээс хойш мэр сэр улстөрчид Намбар Ван, Нямдорж тэргүүтнийг өдөж хоргоож нэр сүрээ ихэсгэж байсан явдал бий.

Одоо ч УИХ- д хэдэн “хөөрхөн” гишүүн бий. 60 тэрбумын хэрэг энэ тэр гээд томхон шиг сэдэв барьж авч, баруун солгойгүй шүүмжлэх гэх мэт. Өнөө “Оюутолгой”-г барьж авч ноцдогууд одоо “мода”-наас гарсан. Гудамжны гэгдэх хэдэн залуус л өлгөж авч, хааяа сануулна.

Харин УИХ-д нэгэнт тухалсан гишүүдийн хувьд том сэдэв барьж авна гэдэг бас ч гэж толгой шаардсан "ажил". Ж.Батзандан гэх мэт “мэргэжлийнхэн” байгаа болохоор... Ямар сайндаа бохь зажлаад ч болов олны танил болж л байна даа гэж зарим гишүүдийг тойргийнхон нь өхөөрдөх вэ дээ?

Тэгвэл одоо Нийслэлийн МАН-ын хурал гэсэн сайхан далим гаргам “үйл явдал” явдал болох гэж байна. Сүртэй зургаараа ч болох нь ээ олны анхаарлыг татаад байдаг У.Хүрэлсүх гадаад яваад эзгүй байгаа ч хэлэх үү, гадуур зарим нь “Цаадхи чинь С.Батболдтой өрсөлдөнө гэнэ ээ. Бас зоригтой байна шүү” гэх "сенсаци" бодож олоод байгаа гэнэ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд хэвлэлийнхэнтэй баахан таарамжгүй болсон “Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэсэн яриа гарчээ.

Гэвч харамсалтай нь ямар нэг асуудлыг хурал болохоос аль хэдийнэ шийдэж сурсан МАН-ынхан юу гэж ийм сул сенсацид боорлуулах вэ? “Нэгэнт шийдэгдсэн асуудал” гэж ханцуйндаа жуумалзацгааж байгаа гэнэ. Уг нь Х.Нямбаатар шүүгчдийн цалин орлогыг илчилдэг баатар болж, олны анхааралд орж ирсэн. Харамсалтай нь хэвлэлээр ярьсан яриагаа, эмгэд хөгшдийн хов жив болгож орхиод Сүр ихтын дүр бага гэдгийн үлгэр болохоо шахсан. Харин одоо нийслэлийн МАН-ын хурлын өмнө дахин нэгэн хөөрхөн хэл ам дэгдэх нь гэж зарим нь таамаглаж байгаа ч “Юу шалив” гэж дээ хэмээн тамшаалж суугаа нь ч олон гэлцэж байна.

Хэдийгээр ингэж намынхныхаа хөх инээдийг хүргэж байгаа ч С.Батболдыг даргаар нь “жинхлэх” нь тодорхой байхад бас томхон үйл явдалд нэр холбогдвол зарим нэг гишүүнд хэрэгтэй л байгаа юм байлгүй дээ. Нөгөө эр хүнийг сорви чимдэг гэдэг “маанагдуу үг” шиг “хурган” улстөрчийг тойроод том ч бай жижиг ч бай хов жив гарч л байвал сүртэй л байдаг байх. Харин намынхан нь энэ яриаг сонсоод “Саваагүй нохой саранд хуцав” гэж “өхөөрдөж” байгаа гэсэн.  

Б.Баттулга


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин