• Эхлэл
  • СЭТГҮҮЛЧИД: СОЁХ УУ, ЭС СОЁХ УУ?

СЭТГҮҮЛЧИД: СОЁХ УУ, ЭС СОЁХ УУ?

2018/09/21

Нийтлэлч Цэнддоогийн нийтлэлийг хүргэж байна. 

Нэг. Сэтгүүлчдийг хэн төлөөлөх вэ?

Манай “Өдөр тутмын сонины холбоо” саяхан нэг нэг форумдав аа. Ярьсан сэдэв нь нийгэмд тулгамдсан асуудлууд ба тулгамдсан асуудал гэж юу болох тухай. Тэнд оролцсон Баабар “хэвлэл мэдээлэл соён гэгээрүүлэх үүрэг хүлээдэггүй” тухай ярьсан нь сэтгүүлчдийн дунд маргаан дэгдээлээ. Зарим нь дэмжиж, нэг хэсэг нь эргэлзэж, түүнчлэн гомдох ч хүн гарсан болтой.

  Олон түмэн ч энэ эргэлзээнд дуртайяа оролцож “нийгэмд сэтгүүлчдийн хүчээр шударга ёс тогтдог учраас тэд соён гэгээрүүлэгч мөн” гэж магтах, бас “сая танай нэг соён гэгээрүүлэгч зурагтаар ярихдаа...”, “Хөөх, тэнд нэг согтуу соён гэгээрүүлэгч алхаж явна” гэхчлэн даапаалах нь ч байна.

  Мэргэжлээрээ бахархах нь хамгийн сайхан сэтгэгдлийн нэг юм. Гэхдээ энэ бахархал өөрийн хил хязгаараас давбал олон нийтийн инээдэм болохоос цаашгүй. Чухам энэ учир шалтгааны үүднээс манай сэтгүүл зүйн өнөөгийн байдлыг хамтдаа нэг халиагаад үзье, тэгэх үү? Эхлээд манай сэтгүүлчдийн байгууллагуудыг тоймлон харцгаая.

   “Өдөр тутмын сонины холбоо” бол монголын хэвлэл, мэдээллийн салбарын хамгийн чадварлаг, хариуцлагатай хэсгийг нэгтгэсэн байгууллага юм.Учир ньбичсэн юм болгоныхоо ард нэр усаа бичиж, хариуцлагын илдэн дор толгойгоо тавьдагтийм сэтгүүлчид энд нэгддэг. Өдөр болгон 8-24 нүүр дүүргэж гаргана гэдэг ямархуу хөдөлмөр болохыг, бүх бичлэгийнхээ ард нэрээ, дор нь хаягаа тавиад хариуцлага хүлээнэ гэж ямархуу хариуцлага болохыг тэнд байж үзсэн хүн л хэлнэ. Энэ утгаараа Монголын өдөр тутмын сонины холбоо бол манай орны сэтгүүлчдийн хамгийн том мэргэжлийн байгууллага гэж болно.

   Сэтгүүлчдийн өөр нэг хүчирхэг байгууллага байдаг нь “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” буюу “baabar.mn” бөгөөд тэнд үзэл санаа, бичлэгийн сэдвээсээ үл хамааран хамгийн олон уншигчтай дөчөөд хүн нэгддэг. Зарим нь долоо хоног бүр нийтлэл бичиж байхад нөгөө зарим нь чамгүй хугацаагаар амсхийх жишээний. Тэнд тэнд Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан гээд алдартай эмэгтэйчүүдээс эхлээд дефакто Жаргалсайхан, нийтлэлч Баатархуяг,сошл од Гаамп, Артгаа, Анхаа ороод шазруун бичдэг Таяр Баяр, шинжлэх ухаан тайлбарлах хообийтой “Томъёо бодъё”, олон улсын яггүй тоймч, судлаач Д.Баярхүү...цаашлаад хотын дарга байсан Э.Бат-Үүл, ерөнхийлөгч байгаа Х.Баттулга, сайд явсан Х.Тэмүүжин хүртэл энд данстай. Хааяа клубын зарчмаар уулзалдаж, зангиагүй уулзалт сэлт зохиохоос бус нэгдсэн удирдлагаар хангаж, нэг нь өөрийнхээ үгэнд оруулаад аваад явна гэсэн номгүй. Санаа бодол тус тусдаа. Тийм учраас хэн нэгэн түүнийг төлөөлдөггүй, төлөөлөгч нь болж хуралд очдоггүй байх жишээний. Гэхдээ монголын нийгэмд хамгийн нөлөө бүхий сэтгүүлчдийн байгууллага гэвэл яах аргагүй “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” мөн.

Монголын сэтгүүлчдийн хамгийн нөлөө бүхий хоёр байгууллага бол дээрх хоёр.

   Бас сэтгүүлчдийн нэгдсэн холбоо байна. Энд хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бараг бүхий л байгууллага, сонинхэвлэл, сайтуудын төлөөлөгч нар оролцон хуралдаж удирдлагаа томилдог. Хэвлэл, мэдээллийн янз бүрийн байгууллагуудын холбоо маягтай. Вэбсайтууд болон ахмад сэтгүүлчидилүү нөлөөтэй гэж ажиглагчид хэлдэг. Түүнчлэн энэ байгууллагыг манай бүх сэтгүүлчийг төлөөлөх газар гэж дотоод гадаадгүй үздэг учраас түүний удирдлага нь улс төрийн нам бүлэглэлүүдийн анхаарлын төвд байдаг. Монголын сонгогчид ч гэсэн “тэр байгууллагын дарга хэний талд байна монголын сэтгүүлчид тэр талд байгаа” гэж үздэг учраас улс төрчдийн зөв юм. Өмнө нь Ардчиллын талын хүн байсан, одоо МАН- руу шилжсэн. Айсуй 2020 онд сонгуульд ялсан намын, магадгүй МАХН-ын “хүн” энэ ажлыг авах бизээ.Муухай гэж байгаа юм биш, бодит байдал нь л энэ. 

   Харин “Өдөр тутмын сонины холбоо”, “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” хоёрыг аль нэг нам, эвсэл нөлөөндөө болон ивээлдээ авах “ямарррр ч” боломжгүй. Жишээлэхэд, МАН-ын нөмөрт орохыг “Өдрийн сонин” тэвчих үү, АН-ын талд гарахыг “Үнэн” сонинхүлцэх үү?Шилдэг нийтлэлчдийн клуб эгнээгээрээ төмөр замын асуудал дээр санал нэгдэнэ гэж бодно уу? Хуульч Тэмүүжин, ерөнхийлөгч Баттулга хоёр ойрын өдрүүдэд хөтлөлцөх үү гэх мэт. Сонин шүү, санал нэгдэх чадваргүй байдал нь үл худалдагдах шалтгаан болдог, прадокс.

   Цаашдаа манайд, яг дуунд гардаг шиг “Бүхий олон” сэтгүүлчдийг нэгтгэсэн нэгэн газар байх боломжгүй юм. Ялангуяа манайх шиг хувь хүний амбиц нь тэнгэрт хадсан газарт, бүх сэтгүүлчийг удирдана гэвэл бүр ч явдалтай. Монголын бүх сэтгүүлчдийн дарга гэж нэг товарищ гарч ирээд л “миний ч өмнөөс дэмждэг”, “чиний ч өмнөөс эсэргүүцдэг” байх нь ардчилсан нийгэмд боломжгүй бөгөөд тэвчишгүй.

   Иймээс монголын сэтгүүлчдийн байгууллагуудын холбоо маягийн газар цаашдаа үүсэх байх.Түүнийг дээд удирдлага нь Сонины холбоо, Телевизүүдийн зөвлөл, сэтгүүлчдийн клуб гэх мэт сэтгүүлчдийн байгууллагын тэргүүлэгч нараас бүрдээд дундаасаа Ерөнхий зохицуулагчаа сонгодог болохболов уу. Тэр зохицуулагч нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундын сонирхол, нийтлэг асуудлыг зохион байгуулах координатор байна уу гэхээс өмнөөс нь улс төр хийдэг “нөхөр” байх нь зохисгүй.

Хоёр. Сэтгүүлчдийг хэн хамгаалах вэ?

Манайд хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй газар. Бас ч дарамттай ч газар. Мэдээж, зодож дарамтлаад байхгүй ч эрх баригчид аргаа олно. 2000-аад онд МАХН үнэмлэхүй дангаараа эрх барьж байхад “Өдрийн сонин”-д бараг өнжөөд л нэг шалгалт ирдэгсэн. Татвар голдуу. Түрүүнд шалгаад явсан хүн дахиад л “Дээрээс дахиад шалга гэсээн” гээд л толгой сэгсрээд хүрээд ирнэ. Мэдээж эхлээд алдаа эндэл олоол торгоод байсан, сүүлдээ сонины санхүү бараг л шижир болтлоо тунгаагдана биз дээ. Гэхдээ л, ямар нэгэн юм болохгүй бол болохгүй гээл, сүүлдээ бараг л хамтран бодож байж ямар нэг “дутагдал” олсон болоод салцгаадагсан.Нийгэм нь өөрөө нээлттэй болохоор туулаад л гарсан. Өнөөдөр энэ арга улам нарийсч л байна. Нийгэм нээлттэй хэвээрээ байх юм бол туулаад л гарна.

    Хэвлэлийн эрх, эрх чөлөөг хамгаалах ажил дээр бол монголын сэтгүүлчид,мэдээллийн бизнес эрхлэгчид гар нийлээд байгаа. Мэдээлэл нь бизнес учраас л гар нийлээд байгаа юм. Энэ хүрээнд,сэтгүүлчийн хувь хүний эрх ашиг ч хамгаалагдаж байгаа. Гэхдээ редакцийн даалгавраар мэдээлэл олох, түүнийгээ түгээх хүрээнд. 

    Цаашдаа сэтгүүлчийг хүнийх нь хувьд хамгаалах тогтоц шинээр бий болох нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл сэтгүүлч ажил олгогч хоёрын хооронд гарсан зөрчил, түүнээс үүдсэн маргааныг шийдэх чиглэлээр. Өнөөдөр манайд байгаа ямар ч сэтгүүлчдийн байгууллага өөрийн гишүүний өмнөөс ажил олгогчтой нь заргалдах боломжгүй байгаа. Учир нь ерөнхийдээ сэтгүүлчдийн байгууллага нь сэтгүүлчдэд ажил олгогчдийн байгууллага маягтай оршин тогтнож байгаа учраас тэр юм. 

   Манай сэтгүүлчид “Эмч нарын цалинг нэм”, “Багш нарын ажил хаялтыг дэмжиж байна” хэмээн бичиж, тэмцэж, нийтийн сайн сайханд үйлчилж чадаж байгаа боловч “бидний цалинг нэм” хэмээн жагсаж, ажил хаях боломжгүй яваа.Муухай байна гэж зүхэх ч юм биш, жам ёсны хөгжлийн маань нэг шат ийм л байна. Энэ шатыг хамтаараа бүтээж босгосон хэрэг, шинэ шатанд хамтдаа л орж таарна.

 

Гурав. “Соён гэгээрүүлэгч-сэтгүүлч”-ийн эрин

Өнгөрсөн нийгмийн итгэл үнэмшил, шинэ үеийн оюун санаанд удамших нь үнэхээр судлууштай үзэгдэл юм. Эрх чөлөөт нийгэмд төрсөн, үгүйдээ л бойжсон залуусын социалист маягийн ертөнцийг үзэх үзлийг энд хэлж байна.

   Монголчууд хотшин иргэнших, анхны тогтмол хэвлэл, анхны сэтгүүлч сурвалжлагчтай болох үед социалист дэглэмд таарчээ. Анхны социализм байгуулагч хотын иргэн, анхны марксист сэтгүүлч тэгж төрсөн түүхтэй. Гэтэл социализмаа хаяад жил өнгөрсөн байтал мөнөөх марксист сэтгүүлчийн ижилхэн “копи”-нууд шинээр төрсөөр байх юм. Коммунист ертөнцөд төрсөн маниасаа ч илүү улаантнууд.

  Социалист дэглэмийн сэтгүүлчид, бүх уран бүтээлчид тэр тогтоцоо магтах үүрэгтэй байсан. Зохиолчдыг “сэтгэл мэдрэлийн инженерүүд” хэмээн өхөөрдөөд нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлийн туршилтынхаа гол багажийг болгож байлаа. Багаж болох хүсэлгүйг нь Чойном шиг шоронд хийчихнэ.

   Сэтгүүлчдийг намын байгууллагын дайчин туслагч, нийгмийг марксизмаар соён гэгээрүүлэгчид гэж хөөргөнө, бас айлгана. Түүнээс өөр бодолтой байх, түүнээс өөр юм бичих хориотой. 

   Тэгээд намын үзэл суртлыг сайн сурталчлахын хэрээр, “соён гэгээрүүлэх” үүргээ сайн биелүүлэв хэмээн магтдаг байсан хэрэг. Намын бодлогоормассыг “соёх” үүргээ дагаадхөөрхөн “эрх” өгнө. Тусгай хамгаалалттайгаас бусад бүх обьектод саадгүй нэвтрэх үнэмлэхтэй. Одоо тийм үнэмлэх гаргаад ирвэл захын ТҮЦ-ний худалдагч буцаагаад нүүр лүү шиднэ биздээ. 

   Сонинд нам засгийн бодлогын дагуу олон түмнийг “соёсон” зүйлийн мөрөөр, ялангуяа шүүмжлэгдсэн газрууд дутагдлаа засаад сарын дотор хариу ирүүлдэг номтой. Гэхдээ чамайг номын дагуу соён гэгээрүүлж байгаа эсэхийг олон давхар хянаж, өчүүхэн л алдаа гаргавал дахин хүмүүжүүлэхээр доош нь шиднэ. Доошоо нэг л шидэгдвэл эргэж өгсөх бараг боломжгүй. Айдас дүүрэн “соён гэгээрүүлэгч”.

   Тухайн, “соён гэгээрүүлэгч”-ийн бичсэн соён гэгээрүүлэх өгүүллийн эх дээр арваад хүн гарын үсэг зурах зай байдаг. Чиний албаны даргаас эхлээд утга зохиолын болон хариуцлагатай болон утга зохиолын нарийн бичгийн дарга, дугаар хариуцсан жижүүр, коллегийн гишүүд хянан уншиж, тухайн дэглэмийн бодлогоос гажсан зүйл байх эсэхийг нягтална. Хамгийн сүүлд хуудас бүр дээр Хэвлэл хянах газрын төлөөлөгч улаан тамгаа дарж “БНМАУ-д социализм байгуулахад садаа болох зүйл алга” болохыг гэрчилнэ. Унавал хамтдаа унах учраас тэд чоно шиг шиншлэн уншина. Үнэхээр ч тээр жил, одоо энэ гавъяат сэтгүүлч Г.Жамъян гуай монгол-зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан хэргээр шийтгэгдэж хүнд хөдөлмөр хийхээр цөлөгдөв дөө. Түүнийг дагаад мөнөөх гарын үсэг зурдаг хүмүүс хамтдаа нурж, хэвлэл хянах газрын төлөөлөгч асан шог зохиолч Ж.Барамсай хүртэл шийтгэгдсэн байдаг.

    Нэг үгэндээ “соён гэгээрүүлэх” үүргээ муу биелүүлсэн, муу биелүүлж байхад нь анзаарч зогсоогоогүй гэж шийтгэгдсэн хэрэг. Ингээд бодохоор “соён гэгээрүүлэгч-сэтгүүлч” байх нь тийм ч гоё юм биш дэг шүү?

   Дурсан хуучлахад, би 23 настай жаахан залуу МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонины ажилтан болжбайлаа. Миний сайных гэхээсээ илүү,тэр үед Л.Түдэв гуай сонины эрхлэгч болоод баахан С.Цацралт, С.Батмөнх, С.Цогтбаяр, Д.Цэрэнжав гээд баахан нам бус залуус цуглуулсны нэгэнд багтах аз тохиосон хэрэг. Надад “Сурвалжлагч таны...нийтлэлд шүүмжлэгдсэн...тийм тийм дутагдлыг ингэж заслаа. Цаашид ийм дутагдал гаргахгүйн төлөө социалист уралдаанаар жигүүрлэн ажиллахаа амлаж байна” гэх маягийн хариу зөндөө ирж байсны заримыг дурсгал болгон хадгалсан нь ч бий. 

   Өнөөдөр хэн нэгнийг шүүмжилчихээд, “миний соён гэгээрүүлэх нийтлэлийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ” гээд очвол галзуу согтуугаараа дуудуулаад зогсвол их юм.

    Тэр үеийн намын үзэл суртлын зэвсэг болсон соён гэгээрүүлэгч-сэтгүүлч гэдэг бол аймаар нөлөөтэй, аймаар хүндтэй мээстбайсан уу гэвэл, тийм. Магадгүй зарим нь хэрэг явдалд үнэмшээд, үнэхээрийн ч соён гэгээрүүлээд ч байгаа юм шиг санагддаг байсан байх

    Гэхдээ л би тэр цагийг эргэн мөрөөддөггүй, хүсэмжлэн хүлээдэггүй. Би ардчиллыг халуунаар хүлээн авч, үр шимийг нь хүртснээ заяа тавилан гэж хардаг. Нам засгийн соён гэгээрүүлэгч байснаас өөрийнхээ өмнөөс хуцдаг жирийн нохой байх нь диваажингийн жаргал гэдгийг мэднэ. Ардчилсан ертөнцөд сэтгүүлчдийг “соён гэгээрүүлэгч Сократ гуай” гэхийн оронд шударга ёсны хоточ нохой гэдэг ч юм билээ. 

   Нэг ийм, Зөвлөлтийн онигоо байдаг юм. Зөвлөлт-америкийн хил дээр хоёр нохой зөрдөг юм. Тэр үеийн номлол ёсоор капитализмд үгүйрэл хоосрол нүүрлэж, социализм цатгалдаж байх тул америк нохой жигтэйхэн гуринхалсан царайтай, харин Зөвлөлт нохой нэлээн зоолсон байдалтай аж.

Америк нохой:

-Би танай руу очиж хэлсэн болгоныг хуцаж өгөөд жаахан тэвээрэх санаатай явж байна

Зөвлөлт нохой:

-Би ч яах вэ, дураараа л жаал хуцахгэснээс өөр юмгүй гээд дэгдэн одов гэж.

 Монголын сэтгүүл зүй тэжээгчгүй болсон нь, тэжээгчийнхээ өмнөөс соён гэгээрүүлэх үүрэггүй болсон нь юутай завшаан, юутай баяр.Хүн бол нохой биш учраас хүсснээрээ идэж жаргадаггүй, хүсснээрээ явж жаргадаг амьтан.

Дөрөв. Соёх уу, эс соёх уу!?

Ингэхэд, сэтгүүлчид ямар үүрэгтэй вэ, нийгмийн өмнө хүлээсэн тусгай үүрэгтэй юм бол түүнийгээ хэрэгжүүлэхэд хэрэгтэй ямар эрх дархаар хангагддаг вэ? Жишээлэхэд, цагдаа нар хууль сахиулах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд хүч хэрэглэх, зэвсэг ашиглах хүртэл эрхтэй. Тэгвэл соён гэгээрүүлэгч үүргээ хэрэгжүүлэхийн тулд бичснийг нь ойлгоогүй уншигчийн толгой руу тоншоод авбал хэрэгт орох уу? 

    Үнэхээр л бид соён гэгээрүүлэх үүрэг хүлээдэг бол соён гэгээрч өгөхгүй байгаа этгүүдэд ямар арга хэмжээ авах вэ, соён гэгээрнэ гэдэг нь сэтгүүлчдийн үгэнд орохын нэр мөн үү? Үнэхээр л бид соён гэгээрүүлэгч юм бол “манай Сиддхарта Гаутама, Аристотель, Цицерон бид хэд бодохдоо...” гэж ярих зандаанд байна гэсэн үг үү? Гэх мэтийн олон асуулт урган гарч байна.

   Манай армийн нэлээн хэсэг нь бичих, туурвих ажилд авъяастай, түүндээ сэтгэл зүрхээ өгсөн учраас сэтгүүлч болсон нь лавтай. За бас нөгөө зарим нь хэн нэг сэтгүүлч зурагтаар, сониноор “Ингэж амьдарсаар байх уу”, “Ямар нийгэмд амьдраад байна аа” гэхчлэнгээр баруун солгойгүй шүүмжилж, загнаад байгаа нь таалагдаж, энэ яваа насаа хүн амьтан загнасан шигээ өнгөрөөх нь гоё санагдсан ч байх.

   Нөгөө заримд нь өнгөрсөн үеийн үзэл суртлын зэвсэг явсан “соён гэгээрүүлэгч-сэтгүүлч”-дийн үеийн дурсамж-цуурай таалагдаад олон амьтанд “Манай энэ ч соён гэгээрүүлэгч мөн шүү” гэж хэлүүлбэл аятайхан юм шиг байсан ч байх.

   Ямар нь ч байсан бид эхлээд нэг дүрмийг хүлээж авах учиртай. Өнөөгийн ертөнцөд мэдээлэл бол бизнес. Хэрвээ хэвлэл мэдээлэл нь бизнес биш байсан бол бичих мэдээлэх ажлыг санхүүжүүлэгч олдохгүй байсан. Санхүүжүүлэгч олдохгүй бол сэтгүүлчид их л сайндаа сүрхий твиттерч төдий л байх байсан байх. 

   Логик их энгийн. Хэнд илүү мэдээлэл байна, тэр илүү хүчтэй. Ерээд оны бестселлер болсон Элвин Тоффлерийн “Эрх мэдлийн шилжилт” бүтээлийн гол санаа нь орчин үеийн супер хүч болох Мөнгө, Зэвсэг, Мэдээлэл гурвын харилцан шүтэлцээ. Тэнд өгүүлснээр мөнгө нь мэдээлэл, мэдээлэл нь зэвсэг, зэвсэг нь мөнгө гэхчлэн хооронд хөрвөж байгаа тухай өгүүлдэг. Энэ утгаараа хэвлэл мэдээлэлийн бизнес бол ихээхэн мөнгө, бас томоохон зэвсэг ч юм.

   Энгүүнээр бол, хэнд илүү мэдээлэл түгээж байна, тэрэнд илүү боломж олдоно. Сайн мэдээлэл түгээдэг хэвлэл, мэдээлэлд хүмүүс илүү итгэх учраас тэр сувгийг үзэж, тэр сонинг захиална. Олон хүн үздэг суваг, уншдаг сонинд бизнес арилжааны салбарынхан илүү их сурталчилгаа өгнө.Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн эх үүсвэр ердөө л энэ.Зарим хүн “Паах, тэр сонин төлбөртэй юм гаргаж байна...энэ бол чөлөөт хэвлэл биш” гэж ирээд л зүхэх юм. Үнэндээ бол төлбөртэй материал, зар сурталчилгаагаар санхүүжихгүй байгаа бол харин ч хаанахын хэний мөнгөөр юуг сурталчлаад байгаа тухай асуудал үүснэ.

   Бизнес эрхлэгчдийн сонирхлыг татахын тулд ямар ч хэвлэл, мэдээлэл олон түмэнд нэр хүндтэй байх хэрэгтэй. Олон түмэнд нэр хүндтэй байхын тулд тэдний итгэлийг олох шаардлагатай. Итгэл олохын тулд үнэн мэдээлэл түгээдэг, хэлсэн болгоныхоо төлөө хариуцлага хүлээх чадамжтай байхаас өөр замгүй.

   Жишээлэхэд, та барилга барьдаг бол “Зуслангийн байшин хурдан хугацаанд шударга сайнаар барьж өгнө” гэсэн сурталчилгаагаа үнэн худал нь мэдэгдэхгүй юм гаргадаг наргианы хэвлэлд өгвөл уншигчидтаны зарыг үнэн худал нь мэдэгдэхгүй үг л гэж харна.

   Харин, жишээлэхэд “Өдрийн сонин” зэрэг хариуцлагатай хэвлэлд гаргавал хүмүүс илүү ажил хэрэгч хүлээн авна. Мэдээж хариуцлагатай хэвлэл нь таны сурталчилгааг харьцангуй үнэтэй нийтэлж таарна. Ийм үнэ цэнэтэй байхын тулд маш их цаг хугацаа хичээл зүтгэл зарсан учраас аргагүй юм. 

   Хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчид зах зээл дээр “үйлчлүүлэгчдийнхээ итгэл үнэмшил” гэдэг зүйлийг булаалдан өрсөлддөг. Энэ өрсөлдөөн нь эцсийн дүндээ “хэн нь бодитой мэдээлэх вэ”, “хэн нь ноён нуруутай байх вэ” гэдэг уралдаан болдог. Уралдааны дүнд үзэгч, уншигчид хожиж үнэн бодит мэдээлэлтэй болдог. 

   Энэхүү бодит бөгөөд шуурхай мэдээлэл түгээх процесс нь а.Хууль тогтоох(УИХ), б.Гүйцэтгэх(Засгийн газар), в.Шүүх(шүүх тогтоц) хэмээн гурван засаглал дээр нэмэгдэн “дөрөв дэх үл үзэгдэх засаглал” болдог. Яаж гэхээр дээрх гурван засаглалын үйл хөдлөл бүрийг сурвалжилж, нуусан хаасан бүхнийг нь шиншлэн олоод мэдээлж байдаг. Ийм шиншлээчээс зайлах газаргүй болсон дээрх гурван засаглал зөв шударга байхаас өөр гарцгүй болдог аж. Воо...т, магадгүй энэ бол соён гэгээрүүлэх үйлс бол мөн. Бас Адам Смитийн хэлсэн “үл үзэгдэгч гар” ч мөн. (Адам Смит гэснээс түүний бүтээсэн “Үндэсний баялаг” зохиол анх удаа бүрэн эхээрээ, монгол хэлээр гарах гэж байгаа шүү. НЭПКО-гоос)

   Хэнээс ч илүү гарахгүй эрх мэдлийн хүрээнд, мэдээллийн бизнесээр мөнгө олж, амьдралаа залгуулах явцад маань үнэний засаглал тогтож байдаг гээд бодохлоор бас ч бахархахгүй байхын аргагүй. 

NB: Хүн төрөлхтөн амьд соён гэгээрүүлэгч нэгийг ч хараагүй өдий хүрчээ. Бүх соён гэгээрүүлэгч нас барсан байдаг. Зөвхөн үхсэн хүнд олддог алдрыг амьддаа хөөцөлдөх хэрэг байна уу үгүй юү? Яаж ч бодсон амьдрал сайхан шүү дээ, андууд аа.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин