• Эхлэл
  • Ч.Ням-Очир: Хатгал тосгоныг хөгжүүлэх цөм нь хүний хөгжил

Ч.Ням-Очир: Хатгал тосгоныг хөгжүүлэх цөм нь хүний хөгжил

2018/10/02

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ээлжит сонгууль аравдугаар сарын 5-нд болох гэж байна. Уг сонгуульд нэр дэвшиж байгаа Ч.Ням-Очиртой уулзаж ярилцлаа.

-Та Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн байна. Таны мөрийн хөтөлбөрийн гол агуулга юунд чиглэсэн бэ?

-Би гол нь Хатгалынхаа хөгжлийн төлөө, “Хүний хөгжил, Хатгалын ирээдүй” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Өөрөөр хэлбэл, хүний хөгжлийг төв, цөм болгосон мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна. Тухайн орон нутгийн ард иргэд хөгжсөн, чадвартай, боловсролтой, ажилтай байх юм бол тэр орон нутаг хөгжинө.

-Хүний хөгжил гэдэгт яг юуг багтааж ойлгох вэ?

-Иргэд ажлын байртай, орлоготой, юм хийдэг болж байж л хийснээ улам сайжруулж, боловсронгуй болгож, үүнийг дагаад өөрөө хөгжиж байдаг. Хүн нь боловсорч, хөгжиж, ажлын байртай болж, иргэд ажилтай, орлоготой болж байж орон нутаг хөгжинө гэсэн үг.

-Уг нь Хатгал бол өмнө нь аймгийн төв, дараа нь орон нутгийн хот байж, олон үйлдвэр ажиллаж, хүмүүс нь хөдөлмөрийн мөн чанарыг маш сайн мэдэрсэн, Монголын аж үйлдвэрийн анхны төвүүдийн нэг том газар байсан.  Өнөө цагт Хатгал тосгонд тохирсон ямар ажлын байр, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Хатгалд аялал жуулчлал тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа. Гэхдээ улирлын чанартай. Намар 9 дүгээр сараас дараа жилийнхээ 6 дугаар сар хүртэл иргэд нь бараг л ажилгүй шахам байж байна. Иймд Хатгалын хөгжлийг тодорхойлсон үйлдвэрлэл, үйчилгээний үр өгөөжтэй бүтэц бий болгохын төлөө Хатгалчууд бид бүгдээрээ хамтарч зүтгэж ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнийг бий болгохын тулд бид иргэдээ, хүнээ хөгжүүлэх, чадвартай болгох олон талын үр дүнтэй чанартай ажлуудыг хийх шаардлагатай.

Миний хувьд Хатгалчуудыг ажилтай орлоготой болгох, амьдралыг нь сайжруулахын тулд юу хийвэл зүгээр бол гэдэг үүднээс өнгөрсөн жилүүдэд эрдэмтдийн бүтээлүүдээс судалсан, зарим эрдэмтэд болон холбоодын тэргүүнтэй уулзсан, зөвлөгөө авсан, хамтран ажиллах ямар боломж бололцоо байгаа талаар судалж үзлээ.

Ер нь эрдэмтдийн бүтээл тэдний судалсан, туршсан зүйлүүдийг орон нутгийн онцлог давуу тал дээрээ тулгуурлан амьдралд хэрэгжүүлэн ажлын байр бий болгож, үүнийг хөгжлийн гол тулгуур болгох хэрэгтэй байна. Би номын санд сууж эрдэмтдийн бүтээлийг нэлээд уншиж, Хатгалд хэрэгжүүлж болохуйц санаанууд олж байсан. Зарим эрдэмтэдтэй биечилж уулзсан.

Тухайлбал, ШУТИС-ын Ой, модны сургалт судалгааны хүрээлэнгийн багш доктор Н.Долгорхүүтэй уулзаж байсан. Н.Долгорхүү багшийн хувьд “Ойн цэвэрлэгээнээс гарах хоёрдогч түүхий эдээр төрөл бүрийн технологийн цавчдас үйлдвэрлэх” гэсэн сэдвээр ажилладаг хүн. Сэлэнгэ аймгийн Түнхэлд туршилтын маягаар үйлдвэрлэлээ явуулдаг юм билээ.

Н.Долгорхүү багштай  уулзаж байхад Хатгалд ийм үйлдвэрийг бий болгох түүхий эдийн бүрэн нөөцтэй гэж үзэж байсан. Хэрэв бид технологийн цавчдас үйлдвэрлэж эхлэх юм бол барилгын материалын бүх төрлийн хавтан, модон материал, модон тавилга, паркетан шал зэрэг олон зүйлийг хийж болох боломж бүрдэх юм билээ.

Бас Шинжлэх Ухааны Академийн  Хими, химийн технологийн эрдэмтэн доктор н.Баяржаргалтай уулзаж байсан.н. Баяржаргал доктор ээдэмцэр буюу казиены талаар их судалгаа хийсэн эрдэмтэн хүн. Чанарын шаардлага хангасан ээдэмцэрийг танай Хатгалчууд үйлдвэрлээд нийлүүлбэл 1кг-ийг нь 30000 төгрөгөөр авахад бэлэн гэж тэр хүн хэлж байсан.

Бид бас малын гаралтай түүхий эд боловсруулах, дотор махны үйлдвэрлэл байгуулж, ажлын байр нэмэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна.

Орон нутагтаа байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга ашиглан хайрга, дайрга үйлдвэрлэх, чулуу бутлах тоног төхөөрөмжтэй болох боломжтой. Стандарт, чанарын шаардлага хангасан бүх төрлийн хайрга, буталсан чулуу зэргийг үйлдвэрлээд, гаргаад эхэлбэл явган хүний замын төрөл бүрийн хавтан /эко болон өнгөт/, явган болон автомашины замын бродюр, хоолой, тэмдэг тэмдэглээний шонгууд, барилгын хаалга цонхны яалуу зэрэг олон төрлийн барилгын материал үйлдвэрлэх боломжтой болно. Мөн Хатгалд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд хайрга нийлүүлэх бүрэн боломжтой.

Жишээ нь: Хатгал тосгоны захиргааны байр шатсан тул шинээр барихаар болж байгаа. Энэ барилгын ажилд ч  үйлдвэрлэсэн хайргаа нийлүүлэх боломж бүрдэнэ шүү дээ.

Зөвхөн сонгууль дөхөөд ирэхээр л  төвийн доторх зам засах нэрээр эрэг ухах, голын сайраас чулуу шороо зөөж санд мэнд асгах биш, өөрсдийн үйлдвэрлэж гаргасан хайрга, дайргаараа шаардлага хангасан, шороо тоос босдоггүй, өнгө үзэмжтэй, цаашид хатуу хучилт хийх нөхцөлийг хангасан зам тавих зэрэг төлөвлөлттэй,бодлоготой ажиллаж,  хөрөнгө оруулалтын мөнгийг орон нутагтаа цалин, ажлын байр бий болгоход чиглүүлэн анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

-Сүүлийн үед Хөвсгөл нуурын экологийн тэнцвэрт байдал алдагдаж, бохирдож, Далай ээж жинхэнэ утгаараа цаазын тавцанд гарч ирлээ.  Далайгаа хамгаалах, хогийн менежмент хэрэгжүүлэх аялагчид, жуулчдыг эмх журамтай байлгах, замбараагүй, нуур руугаа шахаад буучихсан жуулчны баазуудыг зайдуу байршуулах тал дээр юу хийх хэрэгтэй бол?

-Монгол Улс төдийгүй дэлхий  нийтийн хөгжлийн гол хандлага бол өнөөдөр байгаль орчноо хамгаалах асуудал болсон. Байгаль орчноо хамгаалсан, ногоон үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын байгууллагууд санхүүжүүлдэг, тусалж дэмждэг болсон байна. Миний бие хэрэв захирагчийн сонгуульд ялалт байгуулбал Жанхай, усан зам орчмын жуулчны бааз орчимд дахин төлөвлөлт, газар зохион байгуулалт хийхгүй бол болохгүй болсон. Тэнд ямар ч эмх замбараа, зохион байгуулалт алга. Байгаль орчноо маш их бохирдуулж хордуулсан байдал тэнд байна. Ийм замбараагүй аялал жуулчлалаар бид цаашид хол явахгүй.

Бурхнаас заяасан энэ сайхан Хөвсгөл нуураа хайрлаж хамгаалахгүй л юм бол бидэнд ямар ч ирээдүй байхгүй. Үүнд Хатгалын иргэн бүхэн маш их анхаарч, бүгд нэг дуугаар, нэг зорилготой тэмцдэг, шаардлага тавьдаг болох хэрэгтэй юм.

Үүний зэрэгцээ Жанхай орчмын газар ашиглалт, тосгоны нутаг дэвсгэрт газар олгож байгаа байдал иргэдийг маш их бухимдуулж байна. 

Жанхай, Хайч, Чулуут зэрэг газарт  хэдэн үеэрээ амьдарч ирсэн иргэдийн газрыг дээрээс, яамнаас зөвшөөрөлтэй гэж шууд булааж авдаг. Өвөлжөө, хаваржаанаасаа нүүхийг шаарддаг. Энэ тал дээр бид дэвшил гаргаж ажиллах хэрэгтэй байна.

Хөвсгөл нуур бол ганц Хөвсгөл аймгийн, ганц Монгол Улсын биш, дэлхийн цэнгэг усны нэг хувийг дангаараа эзэлдэг дэлхийн хэмжээний нуур гэдгийг хаана хаанаа анхаарах цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 онд Хөвсгөл нуурыг хамгаалах талаар гаргасан зарлиг бий. Үүнийг иргэн нэг бүр барьж, эмх замбараагүй байдалтай тэмцэх ёстой.

Ойр орчмын Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумын иргэд зун, намартаа Хатгалд малтайгаа орж ирж байгаль орчин, бэлчээрийг нь талхлаад буцаад явчихдаг болсон. Үүнийг ч цэгцлэх цаг болсон.

-Анхаарал хандуулах өөр гол салбар юу байх вэ?

-Бидний анхаарах чухал салбар бол боловсрол. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдээ өндөр боловсролтой чадвартай иргэн болгоход аав, ээж, өрх гэр бүлийн анхаарал чухал юм. Сургалтын орчин, багшийн ур чадвар, эцэг эхийн идэвхтэй оролцоо зэргээс үр хүүхдүүдийн маань ирээдүйн боловсрол, аж амьдралшалтгаалдаг.

Сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, спорт заалтай болох зэрэг хүүхэд, багшийн сурах ажиллах нөхцөлийг хангасан олон ажил хийх хэрэгтэй байна.

Мөн хүн бүхэн өөрөө өөрсдөө эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Эрүүл мэнд бол таны хамгийн үнэт зүйл.Эмнэлгийн ажиллагсдын ажиллах, мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцөл бололцоог сайжруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.

Малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, малыг чанаржуулах, мал угаалгын зөөврийн ваннтай болгох, шаардлагатай газруудад худаг гарган бэлчээрийг усжуулах, гаднын сумдын мал их хэмжээгээр орж ирж байгааг хязгаарлах арга хэмжээг авах зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Мөн Эгийн голын гүүрийг засварлах, гудамжны гэрэлтүүлгийг засварлах, нэмж  өргөтгөх, камержуулах зэрэг олон ажлуудыг хийнэ. 

-Хатгалыг Алаг-Эрдэнэ сумын харьяанаас гаргаж бие даасан сум болгох талаар яригдсаар удлаа. Энэ талаар юу хийх шаардлагатай вэ?

-Энэ талаар үнэхээр олон жил яригдсан. Гэхдээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр цаашаа явахад маш төвөгтэй. УИХ-ын намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих гэж байна. Мөн УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа.

Одоо үйлчилж байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар сумын Хурал дахь Иргэдийн төлөөлөгчдийн тоог багийн тоогоор тогтоочихсон. Алаг-Эрдэнэ сум өөрийн үндсэн таван багтай, манай Хатгал тосгоныг оруулаад зургаан багтай. ИТХ нь 27 суудалтай. Зургаан багтаа суудал хуваахад нэг багт 4-5 суудал оногдоно. Тэгээд ирэхээр 20 суудлаа Алаг-Эрдэнийн таван баг аваад Хатгалд долоон суудал ногддог. Гэтэл Алаг-Эрдэнийн таван баг нийлээд 3000 орчим, Хатгал дангаараа 3000 гаруй хүн амтай. Дийлэнх хүн амтай газар нь долоохон суудалтай гэсэн үг. Тэгэхээр сумын ИТХ-ын суудлыг багийн тоогоор бус, сонгогчдын тоонд харгалзуулж хуваавал шударга болох юм л даа.

Нэгэнт дийлэнх суудал Алаг-Эрдэнэд байдаг учраас Хатгалыг бие даалгах асуудал хэзээ ч сумын Хурлын босго давж аймаг, Засгийн газар, УИХ-д ирэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах нь  л чухал юм. Үүнд нутгийн иргэдийн санал ч чухал.

-Таны амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ? Сонгуульд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

- Миний гол зарчим хүнд худлаа амлах зохисгүй гэж үздэг.  Монголын улс төр дэх нийтлэг том алдаа бол сонгуульд л гарч байвал бүтэх бүтэхгүй нь хамаагүй, шагнал, мөнгө, ажил алба, тухайн үед иргэдийн сэтгэлд нийцэх бүх л зүйлийг хамж амладаг. Энэ нь өөрөө төрийн албыг дордуулж байгаа эмгэнэл юм л даа. Үүнээс бид одоо салах ёстой. Хүнд дэмий хүлээлт үүсгэж, сайхан зүйл худлаа амлах нь бидний амьдралд эргээд нөхөж баршгүй хор уршиг тарьдаг.

Иймд би юуг ч худлаа амлахгүй. Харин иргэдтэйгээ хамтарч, тэдэнтэйгээ гар нийлж, тэднийгээ дэмжин  хийж бүтээхийн төлөө явна гэдгээ хэлье.

Тэрнээс биш хэн ардаа том даргатай юм, хэн нь нөлөөтэй том намтай юм, хэн илүү их мөнгө төгрөг тараах эсэх, эсвэл илүү эрх мэдэлтэй юм гэдгийг  харуулах  гэж  энэ сонгуульд оролцоогүй.

 Иргэдтэйгээ хамтарч зорьсон ажлаа бүтээж, хүн төвтэй, хүн цөмтэй мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин