• Эхлэл
  • Шатахуун импортлогчид сонгуулийн хандиваа хангалттай төлжээ

Шатахуун импортлогчид сонгуулийн хандиваа хангалттай төлжээ

2018/10/11

Эрх баригчид шатахуун импортлогчдоос сонгуулийн хандиваа хангалттай авсан учраас илүү үг дуугарах эрхгүй болжээ. Ийм учраас л “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн. Цаашид ч өснө. Манайх импортлогч улс учраас шатахууны үнэ өсөх нь аргагүй шүү дээ” гэсэн утгатай тайлбарыг зарим нэг эдийн засагчаар эхэлж хэлүүлээд араас нь Ерөнхий сайд өөрийн амаар “баталж” сууна.

Гэтэл өмнө нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь бид бүх татвараа тэглэсэн. Урьд цагийнх шиг мөнгө хэвлээд шатахуун импортлогчдод өгч болохгүй. Тийм ажлыг хийх ч үгүй. Эдийн засгийн буруу бодлого явуулсны горыг монголчууд бүгдээрээ үүрдэг. Энэ бол буруу” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байлаа. Харин одоо нөхцөл байдал эсрэг зүгт эргэжээ. Шатахууны үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд литр тутамдаа 50-250 төгрөгөөр өссөн юм.

Энэхүү үнийн өсөлтийн суурь шалтгаан нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнөөс болсон юм байх. Тэр ч байтугай дахиад ч өсч магадгүй хэмээн ард түмнээ айлгахаа мартсангүй. Энэ нь жижиг асуудал биш бөгөөд араасаа өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляци хөөрөгдөх гээд олон таагүй зүйлийн эхлэл учраас энгийн иргэдэд хүнд цохилт өгч байгаа. Наад захын жишээ гэхэд л зарим нэг барааны үнэ хэдийнэ 100-1000 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Ингэхэд, нөгөө тэглэсэн татвар яасан бэ, шатахуун импортлогчид оо. Учир мэдэх хүмүүс энэ тоглолтын чинь наад цаад хэлхээ холбоог тайлчихсан л байна. Даанч манай улсад хариуцлага алга. У.Хүрэлсүх сайд ч “Засгийн газар шатахууны үнийг барьж чадахгүй нь, шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа.

Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байна. Үүнийг дагаад манай улсад ч шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өсөх нөхцөл бүрдлээ. Шатахуун импортолж байгаа аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллах болсон. Засгийн газрын зүгээс социализмын үе шиг бүх үнийг хатуу барьж, зах зээлийн үнийг тогтоож чадахгүй. Үнэ ханш нь зах зээлийнхээ дагуу явах ёстой. Тиймээс шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна” гэжээ. Угтаа бол ирэх сонгуулиар хэрэглэх хандивын мөнгөө шатахуун импортлогчдоос хангалттай авчээ, эрх баригчид. Харин одоо импортлогчид шархаа нөхөж байна, ард түмний хөлс, хүч, үй олон зовлонгоор.   

ЭХ СУРВАЛЖ:24BARIMT.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин