• Эхлэл
  • МУГЖ Б.Базаррагчаа: Киног хүний хэтэвч сэгсрэхийн төлөө хийдэггүй

МУГЖ Б.Базаррагчаа: Киног хүний хэтэвч сэгсрэхийн төлөө хийдэггүй

2018/10/15

1945 оны чөлөөлөх дайнд японуудтай  байлдаж баатарлагаар амиа алдсан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Л.Аюуш баатарын дүрээр кино урлагт анх хөл тавьж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Базаррагчаа өдгөө ардын багшийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаад байна. Тэрбээр малчин түмний минь үзэх дуртай “Ирж яваа цаг”-ийн Готов, “Мандах нарны туяа” хэмээх хоёр ангит кинонд жанжин Д.Сүхбаатар, “Цэц магнай” киноны Төмөрсүх мэргэн, Өндөр гэгээн Занабазарын тухай хийгдсэн “Цөвүүн цагийн богд” киноны уран дархан Цамбагарав зэрэг олон сайхан дүрээр үзэгчдийн танил болсон уран бүтээлч билээ. Уран бүтээлээсээ “чөлөө аваад”, Солонгосыг зорьсон түүнд хувийн шалтгаан байжээ. Харин одоо кино урлагтаа эргэн ирсэн тэрбээр БСШУС-ын яамны захиалгаар бүтээсэн “Багш” киноны гол дүрийг бүтээсэн байна. Түүнтэй уран бүтээл, ажил амьдралынх нь талаар хөөрөлдлөө.

-Та хэдэн жилийн дараа кинонд тоглов оо. Таныг “Ирж яваа цаг”-т тоглосон гэдгээр нь үзэгчид сайн мэднэ? 

-Урлагийн хүн болоод 33 дахь жилдээ орж байна. Энэ хооронд 60-аад уран бүтээлийн ард гарлаа. Нийгэм солигдсоны үндсэн дээр миний бүтээсэн дүр хоёр хэсэг болчихоод байгаа юм. Нөгөөтэйгүүр, би өөрөө 10 гаруй жил уран бүтээлээ завcарласан юм. Ингэхээр Базаррагчаа гэдэг хүн хоёр болчихсон юм шиг, миний үеийнхэн болон дээш үеийнхэн социализмын үед бүтээгдэж байсан миний дүрүүдээр сайн мэдээд байдаг. Сүүлийн үеийнхэн болохоор засварлаж байгаад дахин шинээр хийсэн дүрүүдээр таньдаг. Ялангуяа, хүүхдүүд бол “Учрал” киногоор мэддэг. Би уран бүтээлээ олон жил завсарласны дараа Б.Чингүүний найруулсан энэ кинонд аавын дүрийг бүтээж, үзэгчидтэйгээ дахин уулзсан юм. Энэ кино хүүхдүүдэд их хүрдэг юм билээ. Тэгээд өнөөдөр завсарласнаасаа хойш анх удаа их том дүр авч бүтээлээ гэж би хувьдаа ойлгож байгаа. Ер нь өөрийнхөө бүтээлд дургүй байна гэж юу байх вэ. Би жүжигчнийхээ хувьд дүрүүдээ тэр, энэ гэж ялгах дургүй. Үзэгчдийнхээ сэтгэлд нь хүртэл бүтээхийг л хичээдэг. “Багш” кино надад дотно сайхан мэдрэмж төрүүлсэн. БСШУС-ын яамнаас дэмжигдээд энэ кино театруудаар биш бүх телевизээр гарч, Монголын ард түмний хүртээл болж байгаад туйлын их баяртай байна. Киноны нээлт бараг ингэж хийгдэж байгаагүй болов уу. Бидний бүтээсэн кино л анх удаа ингэж нээгдэж байна.

-Саваагүй гэмээр нэг асуулт тавъя. “Хэцүү анги” олон ангит уран сайхны кино нэг хэсэг өсвөр насныхан төдийгүй эцэг эхчүүдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан. Тиймээс үзэгчид одоо “Багш” кино ямар учиртай юм бэ, олон ангит юм уу, нэг ангитай юм уу, “Хэцүү анги”-ийг давж чадсан юм уу гээд сонирхох байх?

-Олон ангит киног театруудаар гаргах нөхцөл бололцооогүй. Тиймээс бүтээгдсэнийхээ дараа шууд телевизээр цацагдаж эхэлдэг. “Хэцүү анги”-д бас багшийн амьдралын тухай гардаг. Харин “Багш” кино бол нэг ангит бүрэн хэмжээний уран сайхны кино. Зарчмаараа бол театруудаар нээлтээ хийгээд зарсан зардлаа үзэгчдийн орлогоор нөхөөд, тэгснийхээ дараа 1-2 жил болж байж телевизүүдээр гаргаж эхэлдэг. Гэтэл манай кино шууд телевизээр гарч эхэлж байгаагаараа онцлогтой. Багшийн тухай Чимэд багшаас эхлээд манай мундаг жүжигчид тоглосон сайхан кинонууд бий. Жүжигчний хувьд надад сайхан хувь тохиолоо гэж бодож байгаа. “Багш” кино маань их удаж байж гарлаа шүү дээ. Г.Дарханбат, Г.Дарханбаяр, Э.Чинзоригтоо маш их талархаж байна. Энэ хэд маань бүдүүн зориг гаргаж, мөнгө олохооргүй киног хийх гэж зүтгээд, хоёр жилийн дараа үр бүтээл нь гарч байна шүү дээ. Залуу уран бүтээлчдийг маань Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, хүндэт жуух бичгээр урамшуулж шагналаа. Энэ хэдийгээ гэнэт шагнуулахыг дэргэдээс нь хараад зогсч байх маш сайхан санагдаж байна.

-Ингэхэд “Багш” киноны гол дүр Баттулга багшийн багш нар ямар хүмүүс байдаг вэ, үзэгчиддээ танилцуулаач?

-Багшгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хэрэв байдаг бол ойд төөрсөн сармагчинтай л адил байх болов уу. Хүн болгон багштай. Цэцэрлэгийн багшаас эхлээд л цаашилна шүү дээ. Миний анхны багш бол сайхан орос хүн бий. Одоо хүртэл энх тунх байгаа гэсэн. Бид уулзаж чадаагүй л явна. Сүүлд нь би монгол сургуульд шилжиж очоод 10 дугаар ангиа төгссөн. Тэнд бол шугам зургийн Цэдэв миний багш байлаа. Намайг уран бүтээлд хөтөлж оруулсан агуу их ачтай багш бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдин найруулагч. Хэдэн сайхан багш нараа эргэн дурсч, санаж өгүүлэхэд сайхан байна. Тэр сайхан багш нар байсан учраас л би өнөөдөр өдий зэрэгтэй сайн сайхан амьдарч байна шүү дээ. Миний аав бас багш хүн байлаа. Саяхан бурхан болсон доо. Аав маань ч бодогдож байна. Багш гэдэг алдартай ариухан хүмүүсийн ач буянаар л өдий зэрэгтэй явж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж байна даа.

-Энэ кино яг юуны тухай өгүүлдэг юм бэ?

-Их нарийн өгүүлэмжтэй шүү. Нийгэм солигдсоноос хойш төр засгийн зүгээс анхаарал суларсан салбарын нэг нь боловсролын салбар. Үүнийг нь далимдуулаад янз бүрийн ашиг завшаан хайсан хүмүүс орж ирээд бүхэл бүтэн салбарыг бужигнуулах гэж оролдож байна. Энэ сэдвийг хөндсөн юм. Том зургаар нь харвал үндэсний тусгаар тогтнолын дархлааг байхгүй болгох аюул одоо бодитойгоор нүүрлэчихээд байна. Үүнийг л энэ киногоор дамжуулан хэлж буй. Мэдээж, ийм зүйлийг үйл явдлаар үзүүлэх арга байхгүй. Баттулга багшийн зөрчилдөөн тэмцэлдээн, хамгийн гол нь хэлж байгаа үгэнд энэ утга санаа бий. Хоёр найруулагч маань ч их сайхан сэдэв хөндсөн. Үгийн утга нь маш аймшигтай. Миний Монголын ард түмэн үр хойчоо яаж хүмүүжүүлэхээ гадаадынхнаар заалгахдаа тулсан тийм арчаагүй ард түмэн биш гэж. Битгий Монголын боловсрол, үндсэн хүмүүжлээр оролдоод бай гэдгийг ингэж хэлж байгаа юм. Өнгөрсөн зууны сор болсон эрдэмтдийн нөр их хичээл зүтгэлээр бүрэлдээд тогтчихсон монгол хэлийг өнөөдөр хэн нь мэдэгдэхгүй царай зүсгүй юм оролдож өөрчлөөд байна шүү дээ. Би өнөөдөр үр хүүхэддээ өвгөдийнхөө заасныг зөв хэмээн өвлүүлж үлдээхийг бодно. Эсрэг талаас тэднүүсийн оролцсон буруу хазгай монгол хэлийг миний хүүхэд зөв гэнэ. Багш нь дүн тавих шаардлага гарна. Эх хэлийг устгаад хаячихвал их ноцтой. Ингэвэл тусгаар тогтнол байхгүй болно.

-Та уран бүтээлээсээ 10 гаруй жилийн завсарлага авчээ. Завсарлах шалтгаан нөхцөл нь юу байв. Магадгүй хоёр нийгмийн шилжилт нөлөөлсөн байх. Эсвэл хувийн шалтгаан байв уу. Таныг нэг хэсэг Солонгост байсан гэж сонссон?

-Ерөнхийдөө хоёр нийгмийн шилжилт нөлөөлсөн. Энэ тухайд хүмүүс янз янзын бодол ойлголттой хэвээр байна. Сайн сайхан байсан нийгмийг ардчилал гараад муухай болгочихлоо гэж зарим хүн ярьдаг. Яах вэ, тэр хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Үнэндээ нөхцөл байдлыг сайн ойлгохгүй л ингэж яриад байна гэж би хувьдаа боддог. Ардчилал өнөөдөр хэнд юу авчирсан бэ гэдгийг. Тэр хүн өөрт нь олгогдсон эрхийг эдлээд явж байгаа мөртлөө ардчилалыг муулаад байгаад нь жаахан гутдаг. Тэр тусмаа өнөөдрийн зарим залуучууд тэр нийгэмд эрх чөлөөгөө хязгаарлуулан амьдарч үзээгүй байж аав ээжийнхээ үгээр ийм овлигогүй зүйл ярих нь өрөвдөлтэй санагддаг. Хүн өөрийнхөө хэр хэмжээг мэдэхгүй байж амныхаа зоргоор бурж болохгүй шүү дээ. Шилжилтийн давалгаанд нийт даяараа ажилгүй болж, дэлгүүрийн лангуу хоосорч байсан нь үнэн. Надад бас хувийн шалтгаан байсан. Би осолд орж, нүүрэндээ гэмтэл авсан юм. Тэр үед дахиад кинонд тоглох боломжгүй боллоо гээд сэтгэлээр унаж явлаа. Ингээд гэр бүлийнхээ хамт Солонгосыг зорьж, тэндээ 17 жил болсон. 2013 онд эргэж ирэхэд шинэ залуу уран бүтээлчид маань халуун дотно хүлээн авсан.

-Солонгост юу хийж байв. Тэндээс сурч ирсэн зүйлээрээ энд ямар нэгэн бизнес эрхлэх боломж нь хэр байна?

-Юм болгоныг хийсэн дээ. Оймс, даавуу, янз бүрийн гоёл чимэглэлийн үйлдвэрт ажилладаг байсан. Сүүлдээ аргаа олоод ирэхээрээ 2-3 оффист утсаа үлдээж байгаад аль үнэлгээтэй газар руу очиж ажилладаг байлаа. Дээрээ даргагүй, захиргаагүй 10-аад жил ингэж ажилласан даа. Би ч бизнесийн авьяасгүй юм билээ. Уран бүтээлээ л оролдоод явж байна. Киночид маань ард түмнээ соён гэгээрүүлэх хэрэгтэй. Сонирхолд нь тааруулж мөнгийг нь сэгсэрч болохгүй. Ард түмнийхээ манлайд нь гарч соён гэгээрүүлэх ажлыг хэн нэг нь хийж байх ёстой шүү дээ. Үүнийг л тасалдуулж болохгүй. Тиймээс би Г.Дарханбаяр, Г.Дарханбат хоёртоо баярлаж байна.

-Нүүрэндээ авсан гэмтэл чинь одоо мэдэгдэхээргүй болжээ?

-Сайн мэс засалчийн ачаар эргэж дэлгэцээр гартлаа засагдсан. Тухайн үед Н.Оюун эмч “Perfekt” эмнэлэгээ дөнгөж нээж байлаа. Надад зургаан удаа хагалгаа хийж, өдий дайтай болгож өгсөнд байнга баярлаж талархаж явдаг.

Г.Ганчимэг "Ардчилал таймс" сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин