• Эхлэл
  • Ж.Бат-Эрдэнэ: Би ажил, албан тушаалын төлөө шалдаа бууж яваагүй

Ж.Бат-Эрдэнэ: Би ажил, албан тушаалын төлөө шалдаа бууж яваагүй

2018/10/15

Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.

-Бидний мэдэж байгаачлан та бол яалт ч үгүй энэ салбарын хүн. Яг Төрийн нарийн бичгийн даргаар хэр удаан ажилласан билээ?

-Таван жил. Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж байхад хоёр Засгийн газар дамжиж ажилласан. 

-Сая сайдаар ирээд хэдэн хүнийг ажилд томилсон бэ?

-Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Авто замын газрын даргыг шинэр томилсон. Хоёр л хүн сольсон байна. 

-Сайдын эрх мэдэл хязгаартай. Бүх томилгоо Төрийн нарийн, Төрийн албаны зөвлөлөөс хамааралтай хийгддэг?

-Мэдээж Төрийн нарийн бичгийн даргаар дамжиж хийгдсэн. Ажлын шардлага байсан учраас би энэ хоёр хүнийг томилсон. 

-Сая золгүй байдлаар нас барсан хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа танай төрийн нарийн ТАЗ рүү явуулчихсан байсан гэсэн. Яагаад танд хэлээгүй мөртлөө Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь энэ асуудлаар талийгаачтай уулзсан юм бэ?

-Угаасаа яамны боловсон хүчнийг ТАЗ-өөс тавьсан шаардлагын дагуу шалгуурт тэнцүүлж ажиллуулах нь төрийн нарийний ажил. Тэрийг нь гүйцэтгэгч нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга. Төрийн ажил явдгаараа л явсан байхгүй юу.

-Тэгвэл та яагаад түүнд нь саад болсон юм бэ? Талийгаачийг ажлаа хий, төрийн албаны шалгалтаа ч өг. Өөр яриа байхгүй гэсэн байсан?

-Би тэр хүнийг ажиллуулах сонирхолтой байсан. Яагаад гэвэл тэр хүн муугүй ажиллаж байсан. Тиймээс ТЗУГ-ын даргад “ТАЗ рүү явдаг бичиг сачгаа зогсоо” гэсэн. 

-Зөвхөн ажлын шаардлагаар ажиллуулья гэсэн юм уу? Эсвэл өмнөх сайдын захисан хүн учраас уу?

-Нэгдүгээрт тэр хүн ажлаа муугүй хийж байсан хүн. Хоёрдугаарт таны сая хэлсэн шалтгаан ч бас байсан. 

-Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед томилогдсон, өмнөх сайд захиж үлдээгээд явсан юм байна аа гэж ойлгосон. Экс Ерөнхий сайдтай хамаатан садан юм уу?

-Хамаатан биш байх аа. Зүгээр нутгийнх нь залуу юм байна гэж ойлгосон.

-Б.Махбал гэдэг хүн энэ яаманд хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажлаа эхэлсэн, эрх зүйч мэргэжилтэй хүн гэсэн. Салбарын хувьд “мэргэжлийн” хүн мөн үү?

-Намайг 2000 онд Авто замын газрын даргаар очиход Дэд бүтцийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн хийж байсан. Түүнээс хойш хуулийн хэлтсийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, ТЗУГ-ын дарга, Авто тээвэр, авто замын газрын дарга хийж байсан, салбартаа мэргэшсэн хүн. Намайг төрийн нарийнаар ажилласан таван жилийн хугацаанд хамт ажилласан. Төрийн захиргаа, удирдлага талдаа мэргэшсэн хүн. Сая ажил авсныхаа дараа ч яамны дотоод үйл ажиллагааг цэгцлэхэд их ажил хийсэн. 

-Тэрэндээ жаахан эрэмшдэг байсан юм уу? Хувийнх нь араншингийн асуудлаар хэвлэлээр маш их гарсан. Эрэлхүү, дээрэлхүү, хүн зоддог, агсан тавьдаг гээд?

-Миний харахад лав тийм хүн биш ээ. Хатуу догшин характертай ч хүн биш. “Тэр чинь болохгүй. Тэр хуулийг зөрчиж байна. Энэ чинь болохгүй, энэ хуультай зөрчилдөж байна” гээд шууд хэлдэг түс та зантай л хүн. “Улаан хөлтийг урдуураа гаргахгүй” гэдэг шиг хууль бус юмыг хажуугаараа өнгөрөөдөггүй, хаанаас ч юуг ч гогдоод гаргаад ирдэг. Дээр нь энэ яаманд хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан гэдэг утгаараа салбарыг тэр чигээр нь мэдэж байх ёстой хүн байхгүй юу. Иргэний нисэх дээр, төмөр зам дээр юу болж байна, энэ салбар хаана юу болохгүй байна, хууль дүрэм нь ямар байна гэдгийг бүгдийг мэддэг хүн. Тийм учраас би энэ яамны бүх бичиг сачгийг Махбалын гараар төвлөрүүлж гаргаж байсан. Хэрвээ ямар нэг хууль дүрэмд харшилсан, зөрчилдсөн юм байвал энэ хүний толгойтой ярихаар итгэж ажиллуулсан. 

-Ерөнхийлөгч танд энэ хүнийг тавь гэж шахаагүй гэж үү?

-Үгүй. Би өөрөө Б.Махбалыг авчирч ТЗУГ-ын даргаар тавиад бүх ажлыг даалгасан. Д.Наранпүрэв гэж өмнө нь энэ яаманд ТЗУГ-ын дарга, Тээврийн газрын дарга хийж байсан хүнийг зөвлөхөөрөө авсан. Нэгийг нь Ерөнхийлөгчийн хүн, нөгөөг нь Батхүүгийн хүн, “АН-ын хоёр хүнийн ажилд тавьчихлаа” гээд өчнөөн л яриа гарсан. Би хоёулантай нь 5-6 жил хамт ажилласан. Ажлаа хийлгэхийн тулд энэ хүмүүсийг авчирсан. Б.Махбалыг Ерөнхийлөгчийн хүн л гэнэ, Ц.Дашдорж сайдын үеэс л энэ яаманд ажилласан хүн шүү дээ. Д.Наранпүрэвийг Батхүүгийн хүн л гэнэ. Х.Баттулга сайд байхдаа “Наад хүнээ явуул” гэхэд нь “Би ажлаа хийлгэнэ ээ” гээд авч үлдэж л байсан. Тэгэхээр миний л хүн болж таарах гээд байна шүү дээ. Тэгж л хэн нэгэнд хаяглах гээд байгаа бол. 

-Болсон явдлыг Б.Махбал талийгаачийн ажлыг авах гэж шахсанаас болсон гэдэг таамаг одоо хүртэл олон нийтийн дунд бат суучихаад байгаа. Та үнэхээр тийм зүйл байсан эсэхийг мэдэхгүй гэж үү?

-Хоёулаа илэн далангүй ярья. Одоо ч гэсэн болсон явдлыг ойлгохгүй олон хүн байна. Миний хэлсэн болгоныг хүн болгон ойлгож хүлээж авахгүй байна. Хэрэг гарсны дараа хэтэрхий их буруу мэдээлэл явчихсан учраас түүн дотор Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүний хэлж байгаа үг жин дарахгүй байна. ТЗУГ-ын дарга, талийгаач хоёрын хооронд ямар яриа хөөрөө болсон, бие биедээ ямар хандлагатай байсныг би мэдэхгүй шүү дээ. Тэрийг үзчихсэн юм шиг хажуугаас нь “ажлыг нь авна” гэж дарамталсан барьсан гээд байдаг. Тэр бол ТАЗ-өөс ирсэн шаардлагын агуу л болсон зүйл шүү дээ. Хоёр жил үүрэг гүйцэтгэгчээр явчихсан байсан. Хоёр жилийн турш ТАЗ-өөс үргэлж л дарамттай байсан байгаа шүү дээ. Тэрийг төрийн нарийн бичгийн дарга яаж аргалж байсныг би мэдэхгүй. ТАЗ бол хууль журмынхаа дагуу “Энэ хүнийхээ шалгалтыг нь өгүүл, тэнцэхгүй бол дараагийнх нь хүнийг гаргаж ирж тавь” гэсэн. Ийм л шаардлага байсан. 

-Дорждагва гэдэг нь ТАЗ-өөс ирүүлсэн нэр үү?

-Үгүй манайд байгууллагад талийгаачийн дор ажиллаж байсан хүн. Төрийн нарийн тэр хүнийг санал болгоод ТАЗ нь “ок” гээд явж байсан юм билээ. Үүнийг ганцхан удаагийн бичгээр шийдчихгүй шүү дээ, наашаа цаашаа олон л бичиг сачиг явсан байгаа. Тэр бүгдийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн.

-Та цагдаад хэр олон удаа мэдүүлэг өгсөн бэ?

-Нэг л удаа өгсөн.

-Танаас юу асуусан бэ? Энэ хэрэг яг ямар зүйл ангиар явж байгаа юм?

-Нэгдүгээрт би мэдэхгүй байна. Хоёрдугаарт би хариулах эрхгүй байна. Надаас асуусан зүйл гэвэл “Та энэ хэргийг хэдэн цагт мэдсэн, хаана байсан?” гэх мэтийн л юм асуусан. Би ажлаасаа 5,30-д гарсан. Есөн цагт гэр лүүгээ ортол утас дуугаараад ийм хэрэг болчихлоо гэсэн. Би эргээд гарсан. Ийм л зүйл болсон. 

-Энэ хэргээс болж та сайдын ажлаа өгсөн. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэн учраас тэр хүний ажил хэргийн байдал хоёрдугаар асуудал болчихоод байна шүү дээ, энэ тохиолдолд?

-Магадгүй ээ. Ажил хийлгэхийн тулд энэ хүнийг томилсон, ажил хийсэн гэдэг нь өнөөдөр хэнд ч хамаагүй болсон. Энэ хоёр хүнийг авчирахад манай яамныхан бүгдээрээ сандарсан. Манай нам руу ч, АН руу ч байж болох бүх матаасыг явуулсан. Хэвлэлийнхнийг ч гэсэн сайн цэнэглэсэн. Ажлаа хийж чадахгүй байхад дээрээс нь шахаад ирэхээр барьц алддаг юм байна л даа. 

-Сайд болоод яамандаа эргэж ирэхэд 2012 онд таны орхиод явсан багийн хэд нь үлдсэн байна?

-Цөөхөөн. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс маань хүнтэл ажлаа яаж хийдгээ мартчихсан байсан. Нэг удаа, хоёр хуралдаад аргаа бараад хэлсэн. “Наранпүрэв ээ, чи өөрөө наад ажлаа хий. Тэгэд хүмүүстээ бүгдийг нь зааж өг” гэсэн. Махбалд ч хэлсэн. Тэгэхгүй бол хүмүүс “Аа, сайдыг дагаж ирсэн хүмүүс худлаа томорцгоогоод” гэдэг л байхгүй юу. Махбал, Наранпүрэв хоёр бол тэр чигээрээ Дэд бүтцийн яамны ой санамж. Яамны төрийн нарийн бичгийн дарга байх, салбарын сайд байх хоёр ондоо. Зорилго шал ондоо болдог юм байна лээ. Төрийн нарийн бичгийн дарга байхад аппаратыг зөв ажиллахад л анхаарлаа хандуулдаг. Одоо бол аппарат зөв ажиллахаас гадна юм хийх хэрэгтэй байна шүү дээ. УИХ-ын гишүүн, сайд байхын нэг онцлог энэ. Энэ улс орны асуудлыг нуруундаа үүрч яваа хүн арай өөр өнцгөөс юмыг хардаг. Би бүх газрын дарга нар, төрийн нарийндаа ч хэлсэн. “Та нарын мэддэг Бат-Эрдэнэ биш болсон шүү. Та нар одоо иргэдэд ашиг тустай юм бүтээхийн төлөө ажиллана шүү. Магадгүй зарим нэг дүрэм журам чинь зөрчилдөж байж магадгүй, тэгвэл түүнийгээ засаад яв. Эцэст нь иргэний эрх ашиг хангагдаж байх ёстой шүү. Тиймээс яам, тамгын газрын өнцгөөс битгий хар, төрийн албан хаагчийн өнцгөөс битгий хар. Тээвэрлэгчийн өнцгөөс, төмөр замчны өнцгөөс битгий хар. Энэ салбараар үйлчлүүлж байгаа иргэний байр сууринаас хар” гэж. Хүний харах өнцөг бас шал ондоо болдог юм байна шүү дээ.

-Төрийн албан хаагчид тан шиг тэгж харах бололцоо бий болов уу?

-Тийм болгохыг менежерүүд мэддэг байхгүй юу. Би энэ яамны төрийн нарийн бичгийн даргын ажлыг 2012 он хүртэл хийхдээ Зам тээвэр, аялал жуулчлалын яамны багийг тийм болгож чадсан. Маш хурдтай ажилладаг байсан. Үүрэг даалгавар өгөөд гаргалаа, 20 минутын дараа “Дарга аа, энэ болох уу?” гээд ороод ирдэг. Цагийн дотор, хоёр цагийн дотор миний өгсөн үүрэг даалгавар цаасан дээр буугаад ороод ирдэг байсан. Гэтэл одоо тийм газар алга. Өнөөдөр үүрэг даалгавар өглөө, гараад шууд машиндаа сууж байна.

-Яагаад?

-Толгойд нь зүгээр л “маргааш өгнө” гэсэн ойлголттой болчихсон байна шүү дээ. Хорин минутын дараа авчирч өгнө, цагийн дараа даргадаа танилцуулна гэдэг ойлголт энэ хүмүүст алга болсон байна. Энэ болгоныг би тэр Б.Махбал гэдэг хүнд даалгасан байсан. Яагаад гэвэл миний шалгуураар энэ яамнаас гарч байгаа шийдвэр, бүх бичиг сачиг ТЗУГ-ын даргын гараар дамжих ёстой. 

-Сүүлийн үед төрийн албан хаагчдын дунд “Сайд ирж л байдаг, явж л байдаг. Би бол төрийн албан хаагч, хэн ч намайг хөдөлгөж чадахгүй” гэдэг ойлголттой болсон. Магадгүй таныг төрийн нарийн байхад танай яам таны гарт байсан байх. Одоо сайд болоод эргээд ирэхэд эрх мэдэл сайдын гарт байна уу?

-Надад ч гэсэн анзаарагдсан. Гэхдээ сайд тэднийг ажиллуулах ёстой, бодлогоо барих ёстой. Тэр бодлогын боловсруулах ёстой хүмүүс нь мэргэжилтнүүд. Чадахгүй бол чаддаг болго, чаддаг хүнийг нь авчир гэдэг хэрүүлийг би төрийн нарийнтайгаа хийдэг байсан. Хоёрдугаарт би хүмүүсээ ерөнхийд нь мэднэ, юу хийх ёстойг нь мэднэ. 

-Тохиолдлоор томилогдоод ирчихсэн улстөрч биш, салбараа мэддэг хүний давуу тал юм даа?

-Салбарт байгаагийн онцлог энэ. Салбараа мэдэхгүй хүн бол магадгүй, нэг хүнд даалгавар өгнө авчирсныг нь л харна. Мэддэг хүнд бол ядаад байх юмгүй шүү дээ. 

-Тэгвэл та сайдаар ажиллах хугацаандөө өөрийнхөөрөө бүрэн дүүрэн ажиллаж чадсан гэсэн үг үү?

-Чадсан. Үнэхээр өөрийнхөө хүсэл зоригоор ажилласан. Нэг зүйлийг хэлэхэд миний гаргасан бодлогыг Ерөнхий сайд 100 хувь дэмжиж байсанд баярладаг. Төмөр замын асуудлууд байна. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудал хичнээн жил саатав. Одоо хийх бүрэн бололцоог нь нээлээ. Тавантолгой-Зүүнбаян, Шивээхүрэнгийн төмөр замын асуудал бүгд л тус тусдаа, нэг нэгэнтэйгээ зөрчилдсөн эрх ашиг байсан. Үгүй ээ , хийх ёстой гээд бүгдийг нь нээсэн.

-Та зөвхөн бололцоог нь нээгээд ажлаа өгч байна, хараахан барьчихаагүй. Тавантолгой-Гашуун сухайтын зам яг ийм “бололцоотой”-гоор арав шахам жил саатсан шүү дээ...

-Магадгүй ээ магадгүй. МИАТ-ын хувьчлалыг гэхэд олон жил ярьсан. Хувьчлах ёстой, ёсгүй гээд өчнөөн жил маргасан. Одоо тэгээд хувьчлахаар болоод УИХ руу оруулчихлаа. Олон хүн наадхаа болиулаач, болохгүй гээд л явсан. Эрх ашгийнхаа төлөө зогсоож байсныг нь ч би мэднэ, мэдэхгүйгээсээ хүний үгэнд ороод явж байсныг нь ч мэднэ. Одоо тэгээд бүгдэд нь ойлгуулаад, дэмжүүлээд МИАТ-ыг хувьчлахаар боллоо. 

-Заримдаа, юмыг яаж мэдэхэв гээд асууж байгаа юм шүү. Ажлаа хийдэг хийдэггүй, мэддэг мэддэггүй нь хамаагүй, үгэнд орох хүнээ л ажиллуулах сонирхол улстөрчдөд байдаг шүү дээ. Ажлаа хийснээрээ бурууддаг тал бас байна?

-Ерөнхий сайд өөрөө дэмжсэн юм чинь энэ Ерөнхий сайдын үед ямар ч байсан дэмжигдээд явна л гэж бодож байна. 

-Хүмүүс бас өөр өнцгөөс харж болно шүү дээ. Хэтэрхий сайн хийх, хэн нэгний нөлөөнд автахгүй байх чинь бас ажлаа өгөх шалтгаан болж болдог?

-Тийм тохиолдол байдаг л даа. Саяын тохиолдол бол арай ондоо тохиолдол боллоо шүү дээ. Ерөнхий сайд хэд хэдэн удаа хэлсэн. Ганц ажиллаж байсан сайдыгаа явууллаа гэж.

-Яг үнэндээ өөр хүний хийсэн хэргийн төлөө, энэ хэрэгт танаас шалтгаалсан зүйл байхгүй тохиолдолд та ажлаа өгсөн нь хэр шударга юм бэ? Эсвэл намаа, засгаа аврахын тулд гаргасан шийдвэр үү?

-Миний өөрийн нэг итгэл үнэмшил байна. Ямар ч тохиолдолд би хүн гүйж, шалдаа бууж үзээгүй. Галт тэрэг онхолдсон тэр өдрийн маргааш л би шийдсэн. Ажлаа өгье өө гэж. Хүнд элдвээр баалуулаад, алуурчнаараа дуудуулаад сууж байх сайхан уу? Энэ салбарт өчнөөн юм хийчихээд, өмнө нь хүмүүсийн хийж чадаагүйг хийчихээд өөрөөсөө шалтгаалаагүй зүйлээс болоод “алуурчнаараа” дуудуулаад явж байх гоё уу?

-Хэн таныг “алуурчин” гэсэн юм бэ?

-Олон нийтийн сүлжээгээр өчнөөн л явсан шүү дээ.

-Олон нийтийн сүлжээгээр олон л юм явдаг. У.Хүрэлсүхийг ч, Ерөнхийлөгчийг ч элдвээр хэлж л байдаг. Тэглээ гээд хэн ч ажлаа өгье гэдэггүй?

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин