Хоёрдогч хөрш ба түүний ”дайсан”-ууд

2018.10.25

Нийтлэлч Цэнддоогийн нийтлэлийг хүргэж байна.

Үргэлжлэл. Түрүүч нь ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ЭСРЭГ ДАЙН[1]

ХОЁРДОГЧ ХӨРШ БА ТҮҮНИЙ “ДАЙСАН”-ууд.

Хоёр монгол гудамжинд ярилцан сууна.

Том биетэй хятад жуулчин явж өнгөрөв. 

-Би энэ хужааг зодчих уу?

-Чамайг эргүүлээд

зодчихвол яана?

-Намайг яасан гэж зодох юм бэ?

Шинэ цагийн онигоо.

 

Нэг. Ганц хөршөөс хоёрдогч хөрш

Монголын тусгаар тогтнолд гол заналхийлэгч нь Хятадууд болох тухай, тэд хэзээ хэзээгүй манай орныг эзлэх гэж байгаа тухай сүрдүүлэг-ухуулга цоо шинэ юм огт биш. Манай хоёр хөршийн нэг нь өөрийн улс төрийн бүрэн хяналтанд эргүүлэн оруулахын тулд нөгөөгөөр нь айлган, дарамталдаг баримт-түүх бас байна.

1949 онд одоогийн БНХАУ байгуулагдав. Нангиадын нутагт цогцолсон 25 дахь династи гэдэг санагдана. Тэд 1945 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Чи Кайшигийн Хятадын бодлогыг хэвээр үргэлжлүүлж Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээжээ.

Ийнхүү 1928 онд гадаадын бүх улстай дайсагнаад Зөвлөлтөөс өөр гадаадгүй болчихсон байсан Монголын гадаад харилцаа тэлэв. Угаасаа, Зөвлөлттэй тогтоосон тэр үеийн харилцааг “гадаад харилцаа” гэхэд ч хэцүү байсан. Учир нь БНМАУ-д ЗХУ-ын хууль үйлчилж, намтөрийн тэргүүн асан П.Гэндэн, А.Амар нарын олон хүнийг Зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрт хүчинтэй үйлчилдэг Зөвлөлтийн эрүүгийн хуулийн зүйл ангиар яллан, шүүж цаазалсан байдаг. 

 1945 оноос ч Монголчууд санаачилгаараа гадаад харилцаагаа тэлсэн хэрэг биш, Зөвлөлтийн нөлөөний бүсдээ, социалист лагерь дотроо харилцаа хөгжүүлэхийг Улаанбаатарт зөвшөөрсөн хэрэг байв. Зөвлөлтүүд өөртэй нь адилхан коммунизм байгуулах болсон Мао-гийн БНХАУ-тай харилцахыг монголчуудад зөвшөөрчээ л гэсэн үг.

Монголын тусгаар тогтнолыг БНХАУ хүлээн зөвшөөрсөн явдлыг маршал Х.Чойбалсан маш чухалчлан үзсэн байна. Монголын тусгаар тогтнол нэг талын дэмжлэгтэй байсан бол одоо хоёр талаасаа баталгаатай боллоо гэж тооцжээ.

Энэ санааг Баабар бататган бичихдээ “Хэрвээ Хятад байгаагүй бол Монгол оронд Буриадуудын хувь заяа давтагдах байсан. Хэрвээ Зөвлөлт байгаагүй бол Монгол оронд Өвөр монголын хувь заяа давтагдах байв” гэж.

Үйл явцыг Монгол Улсын тусгаар тогтнол бодитой болов гэдэг утгаар хүлээн авсан Х.Чойбалсан 1946 оны наадмыг “Ардын хувьсгалын 25 жилийн ой” нэрийн дор урьд өмнө байгаагүй сүр жавхлантай тэмдэглэжээ. Зөвлөлт болон Хятадын томоохон зочдыг урьж оролцуулсан ба өөрөө наадмын талбайд биечлэн очиж сур харваж ард түмэнтэйгээ цэнгэлээ. Учир нь энэ ой бол Монгол улс хөрш улсуудаараа хүлээн зөвшөөрөгдөж жинхэнэ ёсоор тусгаар тогтносны баяр, Х.Чойбалсан нарын хэсэг эх орончид өөрийн хань нөхөд ба лам багш, алтан ургийнхныхаа цусан дундуур туучин байж зорьсон ИХ ХЭРЭГ нь биелсний баяр байлаа... Тусгаар тогтнолд өргөсөн даншиг наадам юм даа. 

Маршал Х.Чойбалсан энэ баяр наадамд маш их ач холбогдол өгч, сэтгэл догдолж байсан нь олон баримтаас харагддаг. Гэвч олон юм түүний санасан шиг болоогүйд их бачимдсан бололтой. Өглөө ч таагүй эхэлж. Залгамжлагч Ю.Цэдэнбал нь шөнөжин архидаад өглөө найгүй шартсан амьтан ирснийг загнаж байгаа зураг архивт үлджээ. 1945 онд Улаанталбайд болсон шиг парад хийж, морь унасан парад командлагчаас рапорт авахаар төлөвлөж. Гэтэл парадан дээр "Улаан талбайд ялалтын парад хүлээн авсан Г.Жуков жанжин"-ы дүрд тоглох үүрэг хүлээсэн жанжин Мижид мориноосоо унаж шараа болгов. Улсын дайтай улс болоод парад шиг парад хийлгэх гэтэл олны нүдэн дээр түлсэн явдалд уурласан маршал оройн хүлээн авалтан дээр Мижидийг сэлэмдэх гэж хөөсөн байдаг. Улмаар Тува-гаас ирсэн зочин Сальчиг Тогоо “Тувагийн үлдсэн нутаг дэвсгэр”-ийн тухай асуудал сөхсөн нь том доромжлол болжээ. Тэрээр Тува-гийн ерөнхийлөгч С.Тогоог алгадаж унагаад, хэдэн тува дагуулсан чигээрээ зайл хэмээн хөөсөн ажгуу. Албан ёсоор Тока, Салчак Калбакхорекович болсон Сальчиг Тогоо түүнийг Кремльд матна гэдгийг мэдэж байсан нь лав.

Улмаар, зорьсон хэргээ бүтээсэн гэж үзсэн учраас Сталинд хайхрамжгүй хандаж эхэлсэн байдаг. Тэрээр “Чухам энэ өдрийг л үзэхийн тулд Коминтерний хий гэсэн болгоныг хийлээ, хань нөхдөө хөнөөлцлөө. Одоо хангалттай. Коминтерн хийдгээ хийлээ, одоо хэрэггүй” гэж үзсэн шиг байгаа юм. Ингээд дэлхийн хувьсгалын их удирдагч И.Сталины 70 насны ойд очиж хүндэтгэл илэрхийлэх шаардлагагүй гэж үзжээ.

Гэвч түүний мөрөөдөл биелсэн ч гэсэн хүсэл биелэх болоогүй байж. Х.Чойбалсанг ийм зан гаргана гэдгийг урьдчилан харсан Зөвлөлтүүд аль 1930-аад оноос БНМАУ-ын шинэ удирдагчийг бэлдэж эхэлсэн байжээ. Москва Монголын шинэ хунтайж Ю.Цэдэнбалыг түүнд гэнэт танилцуулахад маршал маш их гайхаж байсан гэдэг. Гайхаад зогсохгүй шинэ залгамжлагч нь эх орноо татан буулгаж, зөвлөлттэй нэгтгэх тухай ярихыг сонсоод маш гутарч партизан нөхөр Г.Бумцэнддээ “Бид шинэ үеэ хүмүүжүүлж чадаагүй байна” хэмээн халаглан гашуудаж суусан ажгуу. 

Хоёр. “дайсан” нөхөр

Цаг үеэ эртдүүлэн дүгнэсэн Х.Чойбалсан Москвад эмчилгээнд дуудагдан, 1952 онд, монгол уламжлалт цагаан сарын өмнөх битүүн хэмээх их мацаг өдөр мэс заслийн ширээнээс тэнгэрт халив.

Тухайн үеийн марксист удирдагч Ю.Цэдэнбал Мао-гийн хятадуудад итгэх тал дээр маршалаас давж байсан нь сонин. 1950-60 онд түүний шийдвэрээр БНМАУ-ын хилийн цэргийг татан буулгаж, улсынхаа хил, хязгаарыг ямар ч хамгаалалтгүй болгожээ. Энэ сиймхийгээр Шинжааны нутгаас олон зуун айл өрх чөлөөтэй нүүдэллэн ирж Баян –Өлгийд аймагт нутагшсан ажуу. 

Ю.Цэдэнбал дарга, Хятад улсад коммунизм байгуулснаар Зөвлөлттэй нэгдэн нийлж байгаа хэрэг, иймээс нэгдэн нийлж байгаа орнуудын дунд хил хязгаар байх хэрэггүй гэж үзэж байсан бололтой. Цэдэнбал тэгж үзэх ч юу байхав дээ, зөвлөлтийнхэн тэгж хэлсэн, эсвэл зөвлөлтүүд арай өөр юм хэлснийг нь манай хүн тэгж ойлгосон хэрэг. Тэрээр маршал Х.Чойбалсангийн зүгээс гарсан хятадууд дураараа орж ирээд суучихвал яах тухай болгоомжлолд, тэд коммунизм байгуулж байгаа учраас айх юмгүй тухай тайлбар өгч байжээ. 

Удсан ч үгүй Зөвлөлт Хятадын харилцаа хүйтэрлээ. Хятадын удирдагч Мао Зэдун эх орондоо коммунизм байгуулах боловч Москвагийн удирдлага дор, Кремлийн үгнээс гарахгүй явах хүн биш гэдгээ харуулж эхэлжээ. 

Дашрамд сонирхуулахад, 1960-аад онд хэд хэдэн жилийн зайтай гарсан БНМАУ-ын түүхийн гурван боть гарсан юм. Үзэл суртлын үүднээс гуйвуулсан дүгнэлтүүдийг нь эс тооцвол ХХ зуунд гарсан орчин үеийн бичлэгтэй, шинжлэх ухаанжсан анхны түүх байв. Харин энэ түүхийг Монгол-Зөвлөлт-Хятад гурван улсын шинжлэх ухааны академи хамтран гаргахаар зэхэж байсныг тэр бүрий хүн мэдэхгүй байх аа. Түүхээ хамтран бичих, бүтээх хэмжээнд л хоёр хөрштэйгээ ойртож эхэлж байсан хэрэг. Гэвч харилцаа муудсны улмаас Хятадтай хамтран түүхээ бичих бүү хэл өмнөд хөршөө үзэн ядсан түүх зохиогдов.

Уул нь 1962 онд Ю.Цэдэнбалтай хил тогтоох асуудлаар хэлэлцээ хийсэн БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Эньлай хэлсэн байдаг юм. Зөвлөлт Хятадын харилцаа хүйтрэх төлөвтэй байгааг сануулаад энэ бүхнээс болж бид хоорондоо муудалцах албагүй, та нар ч гэсэн Москватай муудалцалгүй төвийн сахиж болно гэсэн санаа хэлжээ. Хариуд нь арай “хуц,уль” гээгүй болтой юм билээ. Учир нь тэр Бээжинтэй муудах командыг ар талаасаа авсан байв. Энэ мөчөөс хойш тэрээр Хятадыг цуутай үзэн ядагч, тэр хэрээрээ Зөвлөлтөд үнэлүүлэн магтуулагч байсаар хүйтэн дайныг дуусгажээ.

Гурав. “Нөхөр” дайсан

Чухам эндээс Монгол орныг өнөө маргаашгүй эзлэх гэж байгаа Хятадуудын тухай шинэ шинэ аймшигт домог гарч эхэллээ. Ингээд, Хятадтай тангараг тасарсан БНМАУ-ын хувьд Зөвлөлтөөс өөр түших юмгүй болов. Ганц түшгийнхээ үгнээс гарах зүрхгүй болов. Үгнээс нь зөрвөл “Хятад ирнэ” гэж айлгана. Ард түмэн “Зөвлөлтийн хүнийг гомдоовол”, “Зөвлөлтийн мэргэжилний сэтгэлд юм хийчихвэл” хятад хэмээх “Хадны мангаа” ирнэ хэмээн итгэж, бүхнийг тэвчин давна.

Төр засгийн албан ёсын ял шийтгэлд “Монгол-Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан” буюу “сэв суулгахыг оролдсон” хэмээх аймшигт яллагаа бий боллоо. Нам төрийн олон зүтгэлтэн энэ заалтаар буруутгагдан хэлмэгдсэн билээ.

Энэ үеэс үлдсэн хамгийн аймшигтай өв бол хятадыг учир утгагүй үзэн ядах үзэл, хятадыг л завсарт нь муулж байгаа бол юу ч хийсэн зөвддөг туршлага, ийм асуудалд эрүүл ухаанаар хандсан хүмүүсийг Хятадын эрлийз, Хятадын тагнуул болгон шившиглэдэг буруу практик билээ. 

Гэвч Жунаньхайн ордныхон Кремльтэй муудалцсан болохоос Хятад улс мөхчихөөгүй тул БНМАУ-ын тусгаар тогтнол хэвээрээ хадгалагдан үлдсэн юм. 

1980-аад оны дундаас Зөвлөлт-Хятадын харилцаа сайжирч эхэлсэн, Москвагийн зүгээс харилцаагаа сайжруулах сонирхлоо бататгахын тулд БНМАУ-тай холбогдсон хэд хэдэн алхам хийлээ. Олон улсын харилцааны шинэ уур амьсгалыг мэдрэх чадваргүйн улмаас “Хятадад муу байхын хэрээр Зөвлөлтөд хайрлагдана” гэж бодсоор явдаг Ю.Цэдэнбал энэ алхамд өртжээ. Хуучин итгэл үнэмшлээсээ болж Улаанбаатарт байгаа хятад иргэдийг 1983  онд Улаанбаатараас хөөж гарган Бээжин-Москвагийн дөнгөж эхэлж байсан ойлголцлыг нураан алдсан гэдэг. Бээжин тэр даруйд нь Москва руу нот илгээж (Улаанбаатар руу биш) өнгөн дээрээ харилцаагаа сайжруулах тухай ярьж байгаа ч, Цэдэнбалаараа дамжуулан дайсагнаж, хоёр нүүрт алхам гаргахаа болихыг шаардсан байдаг. 

Бээжингээс эсэргүүцлийн нот авмагцаа Москва тусгай томилолт өвөрлөсөн багийг Улаанбаатарт буулгав. Тэнд Зөвлөлтийн шинэ Элчин сайд С.П.Павлов, КГБ-ын шинэ зөвлөх В.Радченко нар багтсан байв. В.Радченко “Главная профессия-Разведка(Тагнуулч- гол мэргэжил)” номдоо Ю.Цэдэнбалыг бүх албанаас нь чөлөөлөх үүргээ амжилттай биелүүлж Зөвлөлт-Монголын удирдагчдад өндөр үнэлэгдснээ “Вся процедура освобождения Цеденбала от занимаемых постов и кадровые изменения в руководстве получили высокую оценку политических аналитиков и высшего руководства, как в Улан-Баторе, так и в Москве” хэмээн дурьдсан байна.

 Ийнхүү Кремлийнхэн Бээжинг тайтгаруулахын тулд “Хятадуудыг хөөж гомдоосон” Ю.Цэдэнбалыг 1984 онд бүх албан тушаалаас нь зайлуулан эргүүлж татлаа.  Удалгүй, Зөвлөлт-Хятадын харилцааны шинэ үеийг эхлүүлэх үүднээс БНМАУ-д байрлаж байсан Зөвлөлтийн армийн 100,000 цэргийг буцаан татах шийд гаргав.

Тогтсон дүрэм ёсоор бүх асуудлыг Москвад шийдээд дараа нь Монголчуудад дуулгаж байлаа. Ю.Цэдэнбалыг өөрчлөх шийдвэрийг дуулсан БНМАУ-ын зарим удирдагч нараас энэ мэдээг өөрт нь очиж дуулгах хүн олдохгүй сандарч байсан аж. Харин Зөвлөлтийн удирдагч М. Горбачев 1989 онд Владивостокт Монголоос цэргээс гаргах мэдэгдэл хийхэд сая БНМАУ-ын удирдагчид дуулж мэдсэн байдаг.

Ингээд 1980-аад оны дундаас дахин хоёр хөрштэй болов. Улмаар 1990-ээд оноос гуравдагч хөрштэй болсон нь дэлхийн социалист систем нуран унаж, ЗХУ тарж, Кремлийн хараа хяналт түр алдарсантай холбоотой юм.

Дөрөв. Зуун дамжсан “ханиад”

Харин сүүлийн арваад жилд “ганц хөрштэй үлдэх”-эд чиглүүлж байна уу гэж хардахаар, ялангуяа 1960-аад оны сүүлээр Зөвлөлт-Хятадын харилцаа хүйтэрсний дараахь үеийг санагдуулам суртал нэвтрүүлэг оргилж байна. ХХ зууны сүүлийн хагасын “Хятадыг яаж ч гүтгэсэн зөв”, “Хятадын эсрэг л лоозонтой бол юу ч хийсэн байсан зөв” гэсэн гаргалгаанууд эргэн сэргэсэн нь түгшүүртэй юм. 

Хятадын төр засаг ба иргэдийн эсрэг суртал ухуулга, тэднийг улайм цайм хүчирхийлэх, зодох дээрэмдэхийг уриалсан зүйлс, үйлдлүүдийг БНХАУ үл анзаарсан дүр үзүүлж байгаа нь бүр ч түгшүүртэй. Яагаад анзаараагүй дүр үзүүлээд байгаа юм бэ, энэ сүржигнэл ямар хэмжээнд очихыг нь хүлээж байгаа бол, зөвтгөшгүй хэмжээнд очихоор нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ямар алхам хийх гэж байгаа бол гэдгийг бодох ч түгшүүртэй. Ямар ч байсан өнөөдөр бяр хүч нь амтагдаад, дэлхий дахины асуудлуудыг шийдэлцэнэ гэдгээ ойлгуулж эхлээд байгаа Бээжингийнхэн зүгээр доромжлуулаад удаан тэвчихгүй.

Нууц хаягны араас “Хятадыг ал, хяд” гэж жиргэчихээд гэртээ суугаа амьтас өөрийгээ аюулгүй гэж итгэдэг л байх л даа. Гэтэл манай интернэтийн бүх шугам Хятадаар дайрч ирдэг, чиний эх оронч жиргээг энд уншихаас өмнө Хятадын зохих албад уншдаг, чиний байгаа газрыг Монголын цагдаа тодорхойлохоос өмнө Бээжингээс олох чадвартайг төсөөлөх ч үгүй суугаа даа, хөөрхий.

            (Энд ч ямар хамаа байх вэ, санаанд орсон юмаа асуухад, манайхан Европоос хүн хулгайлж ирээд бөөн юм болов доо. Гэтэл туркүүд манайхаас хүн хулгайлах гээд паактлав. Харин та нар Хятадыг хүн хулгайлж чаддаггүй гэж боддог уу, хулгайлсан ч баригддаггүй гэж үздэг үү)

Нөгөө талаасаа, Хятадын эсрэг бүх үйлдлийг Москвагийн зохион байгуулалтын дор биш юм гэхэд зоригжуулалтын дор, үгүйдээ л Кремлийн өмгөөлөлд найдсандаа хийж байгаа гэж Бээжин хардаж байгаа. Тийм биш байсан ч тэгж хардаж байгаа. Цаашдаа, Орос-Хятадын сайн харилцааны нэг болзолд Монгол дахь “хятадын эсрэг үндэсний үзэлтэн”-үүдийн асуудал орж яригдах бүрэн магадлалтай.

Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигч М.Энхболд “Хятадын эрлийз” гаралтай байж магадгүй шалтгаанаар ихээхэн доромжлогдсон. Хоч нь хүртэл “Панда” хэмээх хятад баавгай болсон М.Энхболд нь ариухан амьтан ч биш л дээ. Авилгын томоохон сүлжээг (нам дамжсан) үүсгэгч, ямар нэгэн бизнес эрхлэлгүйгээр баяжсан төрөөс төрсөн тэрбумтан, газрын наймааг үүсгэн хөгжүүлэгч гэхчлэнгээр яригддаг нэгэн. Түүнд ялагдах, олон түмэнд яллагдах шалтгаан олон байсан. 

Гэхдээ л энэ сонгуулиар дамжуулан Монгол улсын засгийн эрхийг Хятадууд тайван замаар булаан авахаар завдсан мэтээр Монголын нийгмийг айлгаж чадсан билээ, түүний өрсөлдөгчид. Мөв мөрөөрөө явж байгаад “Монголын төрийн эрхийг булаан алдаад шившигтэйгээр ялагдсан” дүгнэлттэй үлдсэндээ Бээжин ямар дүгнэлт хийсэн нь сонин. 

Бээжингийн зүгээс энэ сонгуулийн үр дүнг сонирхоогүй байх. Учир нь хэн ч сонгогдсон ялгаагүй, Монгол улсыг нүүлгээд явчихгүйгээс хойш Хятадтай харилцах л болно. Хамгийн гол нь улс төрийн уур амьсгал, Монголын нийгэмд жолоодлоготой болон жолоодлогогүй оршиж байгаа Хятадын эсрэг үзэл санаа тэднийг ноцтой цочроож үлдсэн.

Бид 800 жилийн өмнө Хятадыг нэг айлгасан нь бол үнэн. Харамсалтай нь, одоо болтол монгол хүнээс айсан хэвээрээ байгаа гэж боддог маань эндүүрэл. Захын монгол хүн л гэхэд Брюс Ли, Чаки чан хоёрыг холбож байгаад зодчихно гэж бодоод байх шиг байгаа юм.Түүнчлэн Зөвлөлтийн өмгөөлөл, Монголд байрласан тэдний 100 мянган цэргийн хамгаалалтад дулдуйдан, Хятадыг юу ч гэж доромжилсон болно, юу гэж ч хочилсон гомдохгүй, гомдсон ч хариугаа авч чадахгүй гэдэг ХХ зууны эндүүрлээсээ салахгүй бол бол болохгүй байна.

Бид орос хүнийг үндэстнийх ньх увьд хэзээ ч доромж үздэггүй. Захын нэг Иван дурактай барилцаж авах бол тусдаа асуудал. Тэднийг орос үндэстнийх нь хувьд тэднийг гомдоовол ард нь Кремль байгааг мэдэрч айдаг. Харин яагаад хятад хүнийг үндэстнийх нь хувьд доромжилбол ард өнөөдөр бяр нь амтагдсан Бээжин байгааг ерөөсөө авч хэлэлцэхгүй байгаа нь сонин. 

1980-1990-ээд онд Зөвлөлт-Хятад хоёр харилцаагаа сайжруулах их үйлсийн золионд хөөрхий муу Цэдэнбалыг албанаас нь хусч, Москвад гэрийн хорионд суулгасныг бид мэднэ. Сүүлийн үед барууны ертөнцтэй зөрчилдөн эдийн засгийн хоригт орсон, түүнийхээ улмаас Хятадтай илүү дотносон нөхөрлөх шаардлага хэрэгцээ Оросуудад гарч байгаа. 

Ийм нөхцөлд Бээжингийн зүгээс Монгол дахь Хятадын эсрэг хэт үзэлтнүүдийн асуудлыг нөхөрлөлийнхээ болзол болгон сөхөж тавих маш магадлалтай юм. Яг л Ю.Цэдэнбалыг зайлуулахад хүргэсэн шиг болзол. Москвагийн санаачилгад түшиглээгүй байж болох ч тэдний хамгаалалтад найдлага тавьсандаа Хятадыг үзэн ядах, доромжлох үйлдлээ гааруулж буй зарим монголчуудын асуудлыг шийдэхийг ОХУ-аас шаардаж магадгүй. Ийм нөхцөлд Оросууд тэднийг шийтгэхээ байг гэхэд, эднийг турхирдаггүй, түүнчлэн хамгаалдаггүй гэдгээ харуулсан алхам хийх хэрэгцээ гарна.

Энэ алхмыг хоёр хөршийнхээ шахалтад автсан Монголын төр ч хийж мэднэ. Ямар алхам хийхийг хэн мэдэх билээ, ямар ч байсан өнөөдөр нэрээ нуусан, нуугаагүй сэнтэглэж байгаа “эх оронч” нарт ямар нэгэн юм тохиолдоно гэсэн үг. Энэ ямар нэгэн юмны дараагаар хэнбугай ч тэдний замаар замнаж зүрхлэхгүй болох нь лав. Эцсийн дүндээ, хичнээн тэнэг өөдгүй байлаа ч гэсэн ардаа гэр бүл, үр хүүхэдтэй бидэн шиг л монголчууд тэнд өртөнө гэхээр хайран.

Зөвлөлтүүд байгаагүй бол ХХ зууны Монголын тусгаар тогтнол санашгүй зүйл байсан. Гэхдээ Хятад улс байгаагүй бол БНМАУ байгуулагдах нь бас л бүтэшгүй зүйл байсан аж. Учир нь Гадаад Монгол Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орохыг Бээжин тэвчихгүй, эсрэгээрээ Хятадын бүрэлдүүнд орохыг Москва хүлцэхгүй байснаас“Орос-Хятадын хэнийх нь ч биш, тусгаар тогтносон БНМАУ” гэдэг хувилбар гарч ирсэн ажгуу. 

Москва, Бээжин хоёр хоюулаа байж байж Монгол улсын тусгаар тогтнол бодитой. Орос орон нураад уначихаагүй цагт бид “Монголын өөртөө засах орон” болж Бээжинд нэгдэхгүй. Хятад улс сүйрчихээгүй цагт бид “Монгольская Автономная Республика” болохгүй. Энэ утгаараа, хоёр хөршийн хөгжил дэвшил, хүчирхэг байдал нь бидний тусгаар тогтнолын баталгаа. Харин энэ хоёрын хүчний баланс алдагдвал бидэнд муугаар тусна. Эрүүл ухаантай монгол хүн бол “Орос ч хөгжөөд, хятад ч дэвжээд, хүчний харьцаа нь тэнцүүхэн байгаасай” гэж шөнө болгон зул өргөж байгууштай. 

Улмаар, асар уудам орон зайд хиллэдэг, ерөнхийдээ хоорондоо зөрчилтэй явж ирсэн хоёр их хөрш Хятад, Орос гүрэн дундаа жийргэвч бүстэй байх нь аль алиных нь сонирхол юм. Энэ жийргэвч бүс 1915 онд анх байгуулагдсан бөгөөд Дундад иргэн улсын Автономит Монгол нэртэй, улс төрийн хувьд Бээжингээс хараат, эдийн засгийн хувьд Москвагаас хамааралтай, цэрэггүй бүс байхаар зохицуулагдаж билээ.

 Дараа нь энэ бүс дээр тусгаар тогтносон БНМАУ байгуулагдсан явдал Орос, Хятадын хоюулангийнх нь эрх ашигт нийцэж байлаа. Өнөөдөр байгаа Монгол улс ч мөн адил тэдний эрх ашигт нийцэж байгаа. Гэхдээ хэт их Хятадын талыг барих нь Оросын хувьд тэвчимгүй, мөн хуучин БНМАУ шиг зөвхөн Москвагийн талыг барих нь Бээжинд тэвчишгүй алхам болно. Тэгэхээр БНМАУ, Цэдэнбал хоёрыг сэргээх оролдлого бас л боломжгүй гэсэн үг.

БНХАУ-ын ч, ОХУ-ын хүсэл сонирхол нь: Аль тал руу нь хэтэрхий хэлбийгээгүй, аль нэгийг нь ард түмний болон төрийн хэмжээнд үзэн ядаагүй, төвийг барьсан нейтраль бодлоготой тусгаар тогтносон Монгол улс оршиж байх явдал юм. 

Нийтлэлч Цэндоо. 2018.10.23

Өмнөх нийтлэлийг дор дарж уншина уу

ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ЭСРЭГ ДАЙН[1]

 


ИХ УНШСАН
    Сонин хачин