Б.Батзоригийг огцруулна, харин бусад нь???

2018.10.31

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бус хуралдаан зарлаж хуралддлаа. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцсэн байна. Үүнд тус бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн хоёр заалт нь үндэслэлгүй гэж үзcэн байна. Бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-ыг тараах асуудал нь өөрөө улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй алхам. Тийм учраас ҮАБЗ-дөө зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзсэн байна.

Мөн олон нийтийн анхаарлыг татаад байгаа ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцохоор яригджээ. Үүнд ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөнөөс гадна  ЖДҮХС-аас зээл авсан гишүүд авсан зээлээ буцаан олгож, асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтыг шалгаж, хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, ЖДҮХ сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа :

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг бүлгийн гишүүд нэлээд ярилцаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Гишүүдийн зүгээс тавьсан шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч тодорхой шийдвэрт хүрсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг гишүүдийн олонх нь гаргалаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож сайдын ажлаас нь огцруулах асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг маш богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх чиглэлийг өгч мөн хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн талаар төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд маш тодорхой хэлж байсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 700 тэрбум гаруй төгрөгийн зээл эргэлдэж байдгаас 200 тэрбум төгрөг нь найдваргүй зээл байгаа учраас энэ санд мөнгө төсөвлөхгүй гэдэг асуудал яригдсан. Нэлээд маргаан дагуулсны эцэст ирэх онд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг суулгасан. Бүлгийн хурлаар цаашид ЖДҮ-ийг хөгжүүлэх санг цэгцлэх ёстой гэдгийг гишүүд ч хэллээ. Цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэг саналд нэгдсэн гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Харин УИХ-ыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар МАН-ын бүлэг ямар нэгэн шийдвэр гаргахгүй бөгөөд хуулийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн зөвшилцөх саналд УИХ-ын дарга хариу өгөх учиртай тул ойрын үед хариугаа өгөх байх гэлээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:2018.10.31-ний 16.40 цаг

МАН-ын бүлгийн хуралдааны 16.30 цагт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдэгдэл хийв. Тэрээр:

"Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" гэсэн бөгөөд өөр ямар нэгэн асуултад хариулт өгөөгүй байна. 

 

 

 


ИХ УНШСАН
    Сонин хачин