• Эхлэл
  • Д.Хаянхярваа:Бүлгийн дарга байх эсэх нь надад сонин биш

Д.Хаянхярваа:Бүлгийн дарга байх эсэх нь надад сонин биш

2018/11/13

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдөр /2018.11.12/ орчим хуралдаж, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах саналыг дэмжсэн билээ. Харин УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг намын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулахаар болсон.

Албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл дуулиан дэлгэгдсэнээр ХХААХҮ-ын сайд Батзоригийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь Ч.Улааныг томилохоор яригдаж байгаа. Араас нь ийн М.Энхболд, С.Батболд, Д.Хаянхярваа нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Энэхүү асуудлыг өнөөдөр 15.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх юм.

Үүний өмнө буюу өнөөдөр /2018.11.13/ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр

-Би ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан асуудалтай холбогдоод байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, уг зээлийг ББСБ, ХЗХ-доор дамжуулж иргэдэд өндөр хүүтэй зээлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн зарчмын шаардлага тавьсан. Мөн МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, Удирдах зөвлөлийн гишүүд болон намын Ерөнхий нарын бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг МАН-ын дарга болон УИХ-ын даргад хүргүүлсэн.

Намайг огцруулах хоёр үндэслэл хэлсэн.

Нэгдүгээрт, намын даргыг шүүмжилсэн. Намын Хяналтын хороо бараг миний хэлэх үгийг хянах юм ярьсан. Би үүнд өөрийн тайлбараа өгсөн. “Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна. Намын дарга болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь үүнийг хэлж, алдаа оноог нь засах ёстой” гэсэн зарчмын байр сууриа хэлсэн. “Ер нь та бүхэн нам төртэй болох, нэг хүнийг тахин шүтэх зам руу явж байна. Хэтэрхий дарангуйлал тогтоох гэж оролдож байна” гэж би шүүмжилсэн.

Хоёрдугаарт, ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг чи хамгаалахгүй байна. Энэ асуудалд гишүүд холбогдсон нь чамд хамааралтай гэсэн үндэслэл хэлсэн. Энэ хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр. Учир нь, ЖДҮХС-тай холбогдсон хүмүүс нь өөрсдөө Удирдах зөвлөлд сууж байгаа тул энэ хүнийг бүлгийн даргаас нь чөлөөлбөл энэ хүний амийг хамхиж болох байх бодол байх шиг байна. Би өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа нөхцөлд бүлгийн даргын албан тушаал байх эсэх нь сонин биш. УИХ-ын гишүүнийхээ хувьд, Монгол Улсын иргэнийхээ хувьд би хууль бус, бусармаг үйлдлийн талаар олон түмэнд чөлөөтэй мэдээллэх эрхтэй гэж ойлгож байгаа. Цаашдаа энэ асуудлыг зохион байгуулалттай хийсэн байна уу гэдгийг тогтоох ёстой.

Өнөөдөр Монгол Улс хүчирхийлэл, дарангуйллын системээр явах зам руу орж байна. Жирийн МАН-ын гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Гишүүдийг доромжилдог, дарамталдаг, намын даргаа шүүмжиллээ гэж, намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байгаа гэж яриад байгаа нь Үндсэн хуульд харш гэдгийг би хэлж байгаа юм. Ер нь Монгол Улс хаашаа явж байна вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Бүх юмыг хүчирхийлэл, дарангуйллын аргаар шийдвэрлэх энэ зам руу явж болохгүй. Бид ийм замыг сонгох гэж улс төрийн тогоонд 30 орчим жил сайн, муугаараа дуудалцаж яваагүй. Өнөөгийн Монгол бол ардчилсан, парламентын засаглалтай улс. Энэ парламентын засаглал бүхнийг шийдвэрлэх ёстой тул би энэ бүхнийг хэлж байгаа юм” гэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Таныг Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна гэсэн мэдээлэл тархсан. Энэ үнэн үү?

- Өнөөдрийг хүртэл би Засгийн газрыг огцруулах тухай бичигт гарын үсэг зураагүй. Надад тийм санал ирээгүй гэдгийг хэлсэн. Харин Удирдах зөвлөлийн хурлын үеэр би хэрвээ та нар миний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол би хууль бус үйлдэл хийж байгаа энэ Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гарын үсэг цуглуулаад өргөн барина гэж хэлсэн. Тийм учраас У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж өргөн барина.

-Засгийн газар огцорсноор энэ асуудал шийдэгдэх үү?

-Ажил төрлөө хэвийн хэмжээнд хийгээд, шударга ёс тогтооно гэж гарч ирсэн тэр зарчимдаа үнэнч, тууштай байгаа бол Засгийн газрыг дэмжих ёстой.

Өнөөдөр Монгол Улсын том эрх ашгийн асуудал бий. Үүн дотор намын жижиг эрх ашиг бий. Миний хувьд намын гэхээсээ илүүтэй Монгол Улсын эрх ашгийг илүүд үзэж байна. Шударга бус байдал газар авч байгааг өнөөдөр хүн бүр ярьж байгаа хэрнээ ярьсныхаа эсрэг шийдвэр гаргаж байгаа нь өөрөө шударга ёсны эсрэг тэмцэх чадваргүй гэдгийг харуулж байна.

-Хэрэв таныг бүлгийн даргаасаа огцрохгүй бол намаасаа хөөнө гэдэг асуудлыг Удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан юм уу?

-Ер нь бол бүлгийн даргаас намайг огцрохгүй бол долоо хоногийн дараа тусгай хариуцлага тооцно гэсэн утга бүхий зүйлийг намын дарга өчигдөр ярьсан. Дараагийн хариуцлага нь мэдээж намаасаа хөөх л юм байлгүй.

-Таныг бүлгийн даргаас огцруулах үндэслэл нь намын нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэж тайлбарласан. Та яг яаж намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм бэ?

-Намын даргын болчимгүй үйлдлүүдийг шүүмжилсэн нь намын нэр хүндэд халдсан болсон гэсэн. Гаргасан алдаагаа өөр дээр хүлээж сураагүй хүн алдаагаа засаад ажил хийнэ гэдэгт би итгэж чадахгүй. Яагаад гэвэл 65 гишүүнийг хэн, яаж хагалсан бэ гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Би дундуур нь хуваасан зүйл байхгүй. Өмнөх Засгийн газрыг унагаахгүй байх талаас нь би чадахгүйгээсээ чадах хүртлээ явсан. Бүх хүнтэй нь уулзсан. Өнөөдрөөс эхлэн манай намын гишүүд, дэмжигчид МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдэг хүнийг бурхан шиг тахих ёстой, шүүмжилж болохгүй болж байх шиг байна. Түүний хэлсэн ярьсантай үг дуугүй санал нийлдэг хуучин цагийн тогтолцоо руу эргэн орох замыг нээж байна гэж би үзэж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг өчигдөр ярьсан уу?

-Яриагүй. Ц.Нямдорж сайд намын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг ажлаа өг гэдэг асуудлыг хөндсөн ч Д.Амарбаясгангийн хувьд улс төрийн хариуцлага үүрэхгүй гэдгээ мэдэгдсэн. Улс төрийн томоохон хүчний генсек хариуцлага заавал үүрэх ёстой.

-Гарын үсэг цуглуулахдаа АН-аас дэмжлэг хүсэх үү?

-АН-д мэдээж хандахгүй. АН яаж хандах нь тухайн намын дотоод асуудал.

-Засгийн газрыг тогторгүй болгох нь зохисгүй юм биш үү?

-Тогтвортой байлгахын төлөө хичээж ирлээ. Өнөөдөр Засаг өөрөө дотроо тогтворгүй байна. Сайд бүр нь зарчмын зөрүүтэй асуудал ярьдаг. Сайд нар нь Засгийн газрынхаа оруулж ирсэн саналд зөрчилддөг ийм Засгийн газрыг би үзээгүй.

-Та өөрөө Ерөнхий сайд болох хүсэлтэй байгаа юм уу?

-Намайг албан тушаалын төлөө явж байна гэвэл эндүүрэл. Би албан тушаалын төлөө шунан дурлагч биш гэдгээ өмнө ч хэлж байсан гэлээ.

Нэмэлт мэдээллийг дор дарж уншина уу

29:29 буюу Д.Хаянхярвааг огцруулах уу?

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин