• Эхлэл
  • Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжлээ

Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжлээ

2018/11/13

Өнөөдөр 15.00 цагаас эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар огцруулах эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 29:29 саналаар санал тэнцээд байгаа. Иймээс дахин санал хураалт явуулахаар болж, хурал даргалагчийн саналаар хайнаа хагална гэсэн мэдээлэл гарсан билээ. Үүнээс гадна  Л.Мөнхбаатар, Б.Батзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Н.Номтойбаяр нарын хуралд оролцоогүй гишүүдийг яаралтай ирэхийг дуудсан бөгөөд тэднийг ирэнгүүт санал хураалтаа дахин явуулна гэсэн мэдээлэл ч байсан. Тэгвэл 20.40 цагт мэдээлснээр бол дахин санал хураалт явуулж 32 гишүүн Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжиж, 27 нь дэмжээгүй, нэг саналыг хүчингүйд тооцсон гэжээ. 

Ийн бүлгийн гишүүдийн саналаар огцорч байгаа Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах асуудлыг улам хүчтэй тавьж магадгүй. Тэрээр гурав хоногийн өмнө "Засгийн газрыг огцруулах шаардлагагүй" гэсэн ярилцлага өгч байсан ч өнөөдөр өөрийг нь огцруулах санал тавьсны дараа У.Хүрэлсүхийг огцруулах бичигт гарын үсгээ зурсан гэж өөрөө мэдэгдсэн юм. Мөн "Бүлгийн дарга байх эсэх нь надад сонин биш" гэсэн мэдэгдэл хийсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт одоогоор 36 гишүүн гарын үсэг зураад байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дууссаны дараа гишүүн Д.Хаянхярваа дараахь тайлбарыг хийсэн байна. /2018.11.13-ний 20.40 цаг/

Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй.

-Бүлгийн шийдвэрийг дагах ёстой.  Шийдвэрийг хүндэтгэж байна. Надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласныг бүлгийн хамт олон илүүтэй дүгнэх байх. Зарчим ярьж болохгүй цаг ирчихсэн юм байна. Хүний алдааг оноог ярьж болдоггүй болчихсон юм байна. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна гэж харж байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарахгүй ёсгүй” гэлээ.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Д.Хаянхярваа:Бүлгийн дарга байх эсэх нь надад сонин биш  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Огцруулах санал өгсөн бүлгийн гишүүд энэ хүнийг үнсээгүй явсан нь болж дээ. Үнссэн бол огцруулагчид өөрсдөө огцрох жагсаалтанд орох байж. Үнсүүлэчийн өшөө гэдэг юм байдаг байна шүү, улстөрчид өө
    2018 оны 11 сарын 13
Сонин хачин