Эмсгий засаг

2018/11/15

- Хүрлээ хурандаад одоо сэлэм биш памперс хэрэгтэй болжээ –

Хурандаа Хүрлээ хоёр шүдээ цөм цохиулав. Цохиулав ч гэж дээ. “Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг Хүрлээ өөрөө хоёр шүдээ суга татчихлаа. Эрүүгийн хэрэгтнүүдээ өмөөрч, эрүүгээ мулт цохиулсанд орвол эмсгий ч болтугай бүрэн бүтэншүү байсан нь дээр гэдгийг мань хурандаа маш сайн ойлгож байгаа бололтой. Тиймээс тэрээр дахиад ч хоёрын зэрэг шүдээ суга татаж магадгүй байна. Тэгэх юм бол Хүрлээ хурандаа улаан буйлаа умалзуулсаар 2020 оныг угтах болно. Анхнаасаа л эв хавгүй, ийш тийшээ гажсан, өндөр нам, өргөн бүдүүн,  хорхойтой хорхойгүй хэдэн шүд суулгасан нь орсойж дорсойгоод олонд тун эвгүй харагдсаныг манай офицер мэдрэх сөхөөгүй ялалтын бялуугаа сэлэмдэж суусан л даа. Ердөө жил гаруйн өмнөх явдал шүү дээ. Харин одоо бол цаг өөр болсон.

Шүдгүй арслан архирахаас өөрийг чадахгүй гэдэг үг бий. Дээр нь нэмж хэлэхэд эмсгий арслан исгэрч ч чадахгүй. Манай хурандаа иймэрхүү л дүртэйгээр ирэх хоёр жилийг үдэх гэж үзэж тарж байна. Архирч сүрийг үзүүлэхдээ Хүрлээ уг нь сурамгай л даа. Угаас түүний ганц чаддаг юм нь. Муусайн гөлгөн нохдыг чацга харватал архирна. Харин яг тулаанд ороод түүчээлээд ирэхээрээ өөрөө өмдөндөө бага багаар дусагнуулж эхэлдэг гэдгээ тэр өнгөрсөн жил гаруйн хугацаанд харуулчихлаа. Эх оронч, тэмцэгч, эрс шулуун хатуу ширүүн хурандаад одоо сэлэм биш памперс хэрэгтэй болоод байна. Яагаад ийм болсон, хэн ийм болгов, хэзээ ийм болов гэдгийг хурандаа өөрөө мэдэж л байгаа байлгүй. Ямар ч байсан олон нийт олон олон овилгогүй явдлуудаас нь улбаалаад Хүрлээгийн занг дэндүү эрт танихад хүрлээ. Түүнээс болоод Хүрлээ хурандаа өөрөө өөрийнхөө шүдийг нэг нэгээр сугалахад хүрлээ.

 

-ТУГ ТАХИХ ёСЛОЛЫН ДАЛД СЦЕНАРИ-

У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхаж байна. Энэ доргио савлагааг дарж тогтоохын тулд сайд нараасаа “шүд сугалах”-аас өөр арга түүнд үлдсэнгүй. Тэгэхгүй бол танхимаараа огцорч шившиг болох гээд байгаа юм. Шүд сугална гэдэг яриа сая гарсан ч юм биш. Бүр эрт, тодруулбал хаврын синдром эхэлж байх тэр үеэс олны ам дамжин тархсан. Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг, осол  гараагүй, завхарсан гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумын зээл авсан нь баригдаагүй байхад шүү дээ. Тэгэхээр У.Хүрэлсүх эхнээсээ л дарьтай торх сандайлчихсан байсан гэсэн үг. Үүнд гайхах юм ч байхгүй. Ямар арга замаар эрх мэдлийг гартаа авна яг тэр аргандаа эргээд өөрөө ордог нь улс төрийн рингэн дээрх бичигдээгүй нэгэн хууль. Энэ хууль байгалийн хууль шиг хүчтэй  үйлчилдэг.

Хурандаа Хүрэлсүх ямар замаар замнаж гүйцэтгэх засаглалын тэргүүн болсныг хүмүүс мэдэж байгаа. Өөрийн намын Засгийн газрыг жадлан хатгаж, түлхэн унагаж өнөөгийн ялалтаа байгуулсан. Өөрөө танхимд нь ажиллаж, бүр Шадар сайдын өндөр албыг нь хашиж байсан танхимаа түлхэж унагана гэдэг түүнд ёс жудаг биш юмаа гэхэд ичих нүүр үгүйнх. Товчхондоо бол Шадар сайд нь Ерөнхий сайдыгаа түгжилдэж унагаад, Дүлзэндэж байгаад сэнтий дээр нь Исмэйлдчихсэн л дээ.

Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ийш тийшээ зүтгэсэн, олон эрх ашигтай, өнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалын ханаж цадашгүй сонирхолтой намын бүлгийнхээ өмнө ам өчиг өгч, арга чарга хайж байж шинэ танхимаа арай гэж бүрдүүлчихээд шударга ёс, хариуцлага, хууль журам ярьж, дүрэмдэж сүржигнэж суусан хурандаагаас ард түмэн ихийг хүлээж байсан ч сахил аваад шал дордов гэгч болсныг өнөө бид харж байна. Хоосон торх дуу чимээ ихтэй гэдэг л энэ.

У.Хүрэлсүхэд одоо мэдэх ч юм алга, чадах ч зүйл алга. Нөгөө их чанга дуугаар зандачдаг зангаас нь ор мөргүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан намынхаа гишүүд, сайд нарыг улсын мөнгийг төл барь гэж худлаа ч гэсэн загнасан болов. Нэг л итгэлгүй. Б.Батзориг сайдыг “шүд сугалах” зарчмаар огцруулж, бүр гишүүний суудлаас нь хуу татан хаяж  туг тахихаар шийдээд байна.

Хүрлээ хурандаагийн өөрийнх нь тооцоогоор бол энэ бүхний эцэст МАН-ын дарга, Ерөнхий сайд үнэхээр шударга, зарчимч, эрс шийдэмгий хүн болж харагдах ёстой л доо. Ингээд цайлган цагаан, гэнэн итгэмтгий ард түмэн У.Хүрэлсүхийг шударга, сайн хүн гэдэгт улам итгэж, дэмжих учиртай. Намаас нь сонгогдсон УИХ-ыг гишүүд бүгд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар нь зээл авч хувийн бизнесээ цэцэглүүлээд байхад тэрээр л ганцаараа огт зээл аваагүй шударга хүн. Танхимынх нь сайд нар элдэв бусармагийг үйлдэж, хууль журмыг алдагдуулж, хариуцлагагүй загнаж байхад Ерөнхий сайд маань л ганцаараа цагаан махаа эргэтэл улс орныхоо төлөө ажиллаж явсан. Ердийн сайд нар муу, Ерөнхий сайд сайн.

Ийм л ПиАр Засгийн газрын хэвлэлийн алба хавиас Улаанбаатарын утаанаас ч илүүтэй ханх тавьж байна. Хэдэн ч сайд, гишүүдээр хамаагүй туг тахиад хурандааг авч үлдэх энэ төлөвлөгөө хэр амжилттай  хэрэгжихийг харж л байя.  

 

 -ПОПУЛИЗМЫН ОРГИЛД ХАТГААД МАРТСАН ТУГ-

 

Улаан булангийн оройд хатгаад мартсан туг гэдэг шиг У.Хүрэлсүх бол популизмын оройд хатгаад мартсан туг юм. Хөөрхийг цөсийг нь хөөргөж байгаад улаан хувьсгалч, эх оронч, эрэлхэг цэрэг гэсэн цаасан малгай давхарлаад өмсгөчихсөн юм. Тэр малгайтайгаа л модон морь унаж, модон сэлэм эргүүлсээр мань эр өнөөг хүртэл чавхдаж яваа. Түүнээс улс төрчийн буурь суурь, зангараг, цараа, ноён нуруу гэх мэт үгсийг түүнд хамаатуулах нь инээдтэй хэрэг болно. Модон морьтой эх оронч маань яаж Ерөнхий сайд болсныг дээр цухас дурдсан, тэгээд ч олон нийт угаасаа мэдэж байгаа.

Тиймээс “хагарсан чулуу эргээд эвлэдэггүй шиг үнэнээ хэлье” гэдэгчлэн чин үнэнийг хэдхэн үгээр хэлье. Юуны өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар бүх цаг үеийн Засгийн газруудаас хамгийн муу нь гэж нэрлэгдэх болзлыг хэдийнэ хангаад байна. Ийм сул дорой, ялзарсан, ашиг сонирхлын зөрчилтэй, өлөн ховдог Засгийн газар өмнө нь Монголд байсангүй. Бухныхаа сайныг үхсэн хойно нь мэдэв гэдэг шиг концессын гэрээ сэлтийг луйвар булхайгаар хувааж идсэнээс болж нуран унасан Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүртэл эдүгээгийн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дэргэд бараг л гэгээнтнүүдийн чуулган байсан юм шиг бодогдож байна.

Улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулж идэж уусан, хүний амиар наадсан, галт тэрэг онхолдуулсан гээд өчнөөн бусармаг явдлаа хаацайлахын тулд худлаа шоудаж сүржигнэсэн, тархи угаасан суртал ухуулгад учир утгагүй их мөнгө зарсан засаг. Эцэстээ хамаг булхай нь задарч, буг идээ нь хагарч,  шившгээ дэлгэхдээ тулмагц Ерөнхий сайд нь ширээн доогуураа нуугдаад, сайд нараасаа нэг нэгээр нь “шүд сугалан” огцруулж, амиа хоохойлж сууна.

Энэ бүхнээс болж У.Хүрэлсүх хамгийн муу Ерөнхий сайдаар тодров. Тэрээр сүржин мэдэгдэл хийж сэлэм эргүүлж давхиснаас биш ард түмний амьдрал, улс орны эдийн засаг, нийгэмд нааштай зөв зүйл хийсэнгүй. Товчхондоо өөрийнхөө босгосон популизмын овоон дээрээ халтирав. Засгийн газар тэргүүлэхийг жагсаал цуглаан удирдахын дайтай бодож явсан улаан хувьсгалч, тэмцэгч хурандаа тараа таниулж, гууль нь цухуйжээ. Хулгайч хүн “Хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга хашгирдаг. Худалч хүн шударга дүр эсгэдэг. Шударга ёс гэж хамгийн чангаар хашгирсан улстөрчид шударга бус байдаг. Ийм хэдхэн аксиом буюу нотлох шаардлагагүй үнэнг ард түмэн мэддэг болсон. Танхимынхаа өмнөөс хариуцлага хүлээж чаддаггүй Ерөнхий сайд бол  тулааны талбарыг орхин зугтсан жанжнаас ч долоон дор билээ.         

Г.УУГАНБАЯР

“АРДЧИЛАЛ ТАЙМС”

ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин