ШУА хялбаршуулсан цуврал 43 ном гаргаад байна

2018.11.28

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоод байна. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичснээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 

ШУА-ийн эрдэмтэд 2017 онд  онд “Нар”, “Нарны аймаг”, “Жигмэд Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөрш”, “Хеликобактер”, “Хэл ба сэтгэхүй” зэрэг 11 хялбаршуулсан номыг хэвлүүлж  хүүхэд багачууддаа хүргэж байсан.

Энэ жилийн тухайд “Дулааны шахуур”, “Хүйтэн мандал”, “Монгол орны зэсийн хүдрийн ордууд”, “Монгол улсын улаан номонд орсон хөхтөн амьтад”, “Ургамлын баялаг сан”, “Оньсогоор цогцлоосон монгол гэр”, “Аж үйлдвэрийн хувьсгал”, “Монголын хадны зургийн соёл”, “Театрын уран сайхан”, “Шавьжийн зарим гайхамшигаас”, “Шүд амны өвчнөөс сэргийлэх аргууд” гэсэн 11 хялбаршуулсан номыг хэвлэн хүргэж байна.

ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан цуврал 43  ном ийнхүү олны хүртээл боллоо.  ШУА цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газар, багш, эрдэмтэдтэй  хамтран цуврал ном хэвлүүлэх ажлыг тогтвортой үргэлжлүүлэх бөгөөд 2019 онд уламжлал ёсоор цуврал номоо гаргахаар төлөвлөөд байна. 

                         

Монгол улсын шинжлэх ухааны академи


ИХ УНШСАН
    Сонин хачин