• Эхлэл
  • У.Хүрэлсүх:ЖДҮ Засгийн газрыг огцруулах шалтгаан биш

У.Хүрэлсүх:ЖДҮ Засгийн газрыг огцруулах шалтгаан биш

2018/11/30

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд УИХ-ын 75 гишүүнээс 73 гишүүн оролцож байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг нар гадаадад хувийн ажлаар яваа учир хуралдаан оролцох боломжгүй байгаа аж.

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан учраас өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд чуулганы өнөөдрийн хуралдааныг удирдахаас татгалзаж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  хуралдааныг даргалж байна.

Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, санал хэллээ. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

У.Хүрэлсүх:ЖДҮ Засгийн газрыг огцруулах шалтгаан биш

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Өнөөдөр бид улс орныхоо эрх ашгийг бодох ёстой юм уу, эсвэл өнөөдрийн хэрүүлд хэн дийлэх вэ гэдгээ бодох ёстой юм уу. Ерөнхий сайд аа, та огцрохгүй үлдвэл Сангийн сайдаа соль. Сангийн сайдаас би ичиж байна. Төрийн сангийн мөнгөө хав дарж суучихаад эргэлтэд оруулахгүй байгаа нь буруу. Сангийн сайд та энэ Ерөнхий сайдаа зөв эдийн засгийн мэдлэгээр хангахгүй байгаа учраас улс орны эдийн засаг сэргэхгүй. Валютын ханш өсөж, шатахууны үнэ өсөөд байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар шатахууны үнээ, валютын ханшаа барьж чадаж байсан шүү" гэж хэлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Би Сангийн сайдаар томилогдож очиход төрийн мөнгө рүү арилжааны банкууд дайраад орчихсон байсан. Үүнийг таслан зогсоосон. Одоо бүх арилжааны банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Энэ агуулгаар нь бидэн рүү дайрч байна. Сангийн сайдаар сууж байгаа үедээ би хулгайчдыг төрийн мөнгө рүү оруулахгүй шүү.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өнөөдрийн хуралдааныг хууль зүйн талаас нь харж, хууль зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. “Оффшорын хууль”-ийн тодорхой заалт байсаар байхад ашиг сонирхолтой нөхдүүд танхимаас гарсан нь дээр. Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Я.Санжмятав гишүүн хуралдаан даргалсан ч ашиг сонирхол үүсэх магадлалтай. Тиймээс Л.Энх-Амгалан байна уу, Я.Санжмятав байна уу аль нэг нь даргалаад явах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Их хурал дотор ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу. Хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй, хэн нь зөрчилгүй болчихсон юм. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол жишээ нь, сайдын асуудал яригдаж байхад тухайн сайд нь хуралд оролцохгүй байхыг л хэлээд байгаа юм. Цагдаа, хүчний байгууллагыг улс төрийн хэрүүлдээ битгий оруулаад бай. Төрийн гурван өндөрлөг та гурвыг төрөө тараа гэж биш төрөө тайван байлга гэж төрийн толгойд суулгасан шүү. Энийгээ хэзээ ухаарах вэ. Би байсан цагтаа цагдааг энэ заваан юманд оролцуулахгүй. Уржигдар АТГ-ын дэд дарга, хэлстийн дарга хоёр ордонд орж ирж байсан. Хууль хяналтын байгууллагыг энэ заваан юмандаа оролцуулдагаа болиорой.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сангийн сайдын ширээн дээр Л.Болдын “Богд” банкаар бонд гаргуулна гэсэн бичиг байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Би хариуцлага тооцож байгаа. Төрийн хариуцлагаас гадна улстөрийн хариуцлага тооцох хүн байна. Цаашид хариуцлагыг чангатгана. Нэгт, шударга ёсыг сайжруулах. Хоёрт, эдийн засгийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Хоёр дахь зорилт бол сайн явж байгаа. Өнгөрсөн жил Засгийн газрын гол ажил хоёр дахь асуудал руу чиглэсэн. Одоо ЖДҮ гэдэг сайн зүйл боллоо. ЖДҮ-тэй холбоотой хүмүүст хариуцлага тооцоод эхэлсэн. Ийм асуудалд холбогдсон хүмүүс хуулийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол би албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд: -Би ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж “Голомт” банкнаас татгалзсан. Гэхдээ гэр бүлийн хүрээнд “Богд” гэдэг жижиг банк нээсэн. Би Сангийн сайд хариултыг өгөөрэй гэж бодож байна. Монголбанк бүх банканд ипотекийн зээлийн эрх өгсөн ч ганцхан Богд банканд өгөөгүй. Бүх зүйлээс Богд банкийг хассан. Тэр лиценз ээ авбал ав. Битгий ингэж ар гэр, ойр дотны хүмүүс болон тэр сайхан залуусыг гутаа за юу. Би шүүхээр явна.Та бүхэн мөрийн хөтөлбөрөөсөө буцсан. Тэгэхээр танай байгуулсан аль ч Засгийн огцрох ёстой. Гэхдээ та нар ЖДҮ-ээр шалтаглаж огцруулах ёсгүй. Өнөөдрийн энэ ЖДҮ бол “60 тэрбум”-ыг нотолж байна. Энэ Засгийн газрыг золионд хаяж ЖДҮ-гийн асуудлаа цэвэрлэх гэж байгаа бол хэзээ ч болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Засгийн газрыг ажлаа хийлгэ. Сахилга хариуцлага тогтооно гэж байгаа Ерөнхий сайдыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: -Ерөнхий сайд шударга ёсыг тогтооно гэж зоригтойгоор гарч ирсэн. Улс орноо зөв хөгжүүлье, шударга ёс тогтооё гэсэн Засгийн газраа огцруулах гэж байгаад би гайхаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Ёс зүйн дэд хороо хүний муу үзэх гээд байгаа юм байхгүй. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зайлшгүй мэдэгдэх үүрэгтэй юм. Гэвч дэд хорооны ирц хүрээгүй. Тиймээс асуудалтай сайд нар анхааралдаа аваарай. Та бүхэн бие биеэ гутааж гүтгэсэн асуудал битгий яриарай.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Та Ерөнхий сайд болохдоо "Надаас шударга бус зүйл хийхийг битгий шаардаарай" гэсэн. Би шударга зүйл шаардъя. Засгийн газрын гишүүд ЖДҮХС-аас зээл авсныг нь шүүмжлээд байгаа юм. Сайд нартайгаа хариуцлага тооцож чадах уу. 30 гэр бүл гэж ярьдаг. Тэр гэр бүлийг яг нэрлэмээр байна. Манай гэр бүл тэр 30 гэр бүлд нь багтах уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би хариуцлага тооцоод явж байгаа. Эр сайндаа энэ мэдээллийг гаргачихсан юм биш. Засгийн газраас шалгалт явуулаад ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг ил болгосон юм. 30 гэр бүлд танай гэр бүл багтана. Ард түмний өмч болох Цагаан суваргын ордыг танай гэр бүл буцааж өгөөрэй. ЖДҮ-г өмгөөлж хамгаалсан зүйлгүй. Энэ асуудлыг илрүүлсэндээ баяртай байгаа. Хэрвээ өмгөөлж, хамгаалаад байвал шударгаар хэлээд огцорно. Хууль хяналтын байгууллага нь шалгаад буруутай гэвэл сайд нарыг огцруулаад өгье. ЖДҮ-ийн асуудал бол Засгийн газрыг огцруулах шалтгаан биш шалтаг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Засгийн газрын ажлыг хийлгэмээр байна. Өнөөдөр утааг бууруулах, нефтийн үйлдвэр барих, долларын ханшийг тогтворжуулах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх гээд маш олон ажил хүлээгдэж байна. Хэрүүл хийхээ болиод ажлыг нь хийлгэмээр байна гэлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газрыг 14 хоног ажлыг нь хийлгэсэнгүй. Маш их ажил хүлээгдэж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин