2018 оны “Дэлхийн гоо бүсгүй”-гээр мексик бүсгүй тодорлоо

2018.12.10

Хятадын Хайнань аралд өнгөрсөн бямба гарагт болсон “Дэлхийн гоо бүсгүй-2018” тэмцээний титмийн эзнээр энэ жил Мексикийн загвар өмсөгч Ванесса Понсе де Леон тодорлоо гэж уралдаан зохион байгуулах хорооны Instagram мэдээллээ. “Бид дэлхийн шинэ гоо бүсгүйтэй боллоо. Дэлхийн 68 дахь гоо бүсгүйгээр Мексикийн Ванесса Понс де Леон тодорлоо. Баяр хүргэе” гэж уралдаан зохион байгуулагчид бичжээ.

Ялагчийн титэм өмссөнийхөө дараа хэвлэлийнхэнд өгсөн анхны ярилцлагадаа Понсе энэ амжилтдаа итгэж чадахгүй байгаагаа хэлээд эх орондоо хайртайгаа дурдан “Зүрх сэтгэлээ улс орондоо зориулж, юу чадах бүхнээ зориулна” гэсэн байна. 26 настай энэ бүсгүй мексик улсаас “Дэлхийн гоо бүсгүй”-н титэм хүртэж байгаа анхны эмэгтэй юм.

Тэр 2014 оноос загвар өмсөгчөөр ажиллаж Mexico's Next Top Model реалити-шоунд оролцож байснаа энэ онд Мексикийн гоо бүсгүй болжээ.
Тэрбээр Гуанахауатогийн их сургууль төгсч олон улсын бизнесийн болон хүний эрхийн салбарын мэргэжил эзэмшсэн байна.

Тэр одоо уугуул омгийн хүүхдүүдэд боловсрол олгодог сургуульд багшлахын зэрэгцээ охидод зориулсан цагаатгах төвийн захирлуудын зөвлөлд ажилладаг байна. Понсе ийм хязгаарлагдмал боломжтой хүмүүстэй ажиллах хэцүү гээд, хүн бүр нэг удаа ч болов сайн дураараа тэдэнд туслахыг уриалсан байна.

“Дэлхийн гоо бүсгүй-2018”-д манай гарагийн 122 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөн тэднээс дундын шатанд 25 бүсгүй үлдсэнээс топ-5 нь эцсийн шалгаруулалтад орсон юм байна.

“Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнийг анх 1951 оноос зохион байгуулж эхэлжээ. 1989 он хүртэл зөвхөн Британийн нийслэл Лондон хотноо болж байсан бол хятадын Санья хотод найман удаа зохион байгуулжээ.

Тэмцээний түүхэнд Венесуэл, Энэтхэгийн бүсгүйчүүд тус бүр зургаан удаа “Дэлхийн гоо бүсгүй” титэм зүүж байсан юм бол АНУ, Ямайк, Исландын бүсгүйчүүд гурвантаа “Дэлхийн гоо бүсгүй” болж байжээ.

Энэ тэмцээний ялагч “Дэлхийн гоо бүсгүй” нь жилийн хугацаанд олон улсаар аялж, буяны болон сайн үйлсийн ажил, арга хэмжээнүүдэд оролцох үүрэг хүлээдэг байна.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Х.Өлзийбаяр

 


ИХ УНШСАН
    Сонин хачин