• Эхлэл
  • “ЖДҮ”-чид хуулиас мултрахад ганцхан алхам...?

“ЖДҮ”-чид хуулиас мултрахад ганцхан алхам...?

2018/12/11

УИХ, Засгийн газрын зарим гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж “ажил хаяснаар” УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 60 тэрбумынхантай хариуцлага тооцож, хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтоох чин хүсэл байгаад эргэлзэхгүй байна л даа. Гэхдээ, 60 тэрбумынхантай хариуцлага тооцох ганц боломж, батлагдаж нотлогдсон баримт нь энэ “ЖДҮ” юм аа, үүнийгээ шалгуулаач ээ гэхээр хөдөлж өгдөггүй нь гайхалтай.

Өнгөрөгч долоо хоногт болсон “Хууль дээдлэх ёс-Авлига, ашиг сонирхлын зөрчил” хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэгэн ноцтой мэдэгдлийг хийсэн. ЖДҮХС-гаас зээл олгосон материалуудыг яаралтай татаж авахгүй бол компаниудын нэр солигдоод, өмчлөгчид нь өөрчлөгдөөд байна шүү гэж. Уг нь ийм мэдэгдэл хийсний маргааш л АТГ, прокурор хэвлэлийн бага хурал зарлаад “ЖДҮХС-тай холбоотой зээлийн материалуудыг бид бүгдийг татаж авсаан. Энэ хэргийг хуулийн дагуу, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэнэ” гэж хэлэх ёстой байв. Гэтэл аль аль нь таг чиг, бараг долоо хоног өнгөрлөө. Харин энэ хооронд “ЖДҮ”-чин гишүүд аль хэдийнэ хожлын нүүдлээ хийгээд эхэлчихлээ. Энэ сардаа багтаан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ батлах гэж байна.

Баримт өгүүлэхэд ЖДҮХС-гийн нэр дээр 2018 онд 1031 төсөл ирснээс 498 нь зээлийн шаардлага хангасан юм байна. Үүнээс 134 төслийг сангаас шууд санхүүжүүлжээ. Үүний тулд Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны есдүгээр сард “ЖДҮС-гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр журам” гэгчийг баталж, үүнээс гурван сарын дараа ЖДҮ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалд “Төсөл сонгон шалгаруулах хорооны 2018 оны тавдугаар сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцэж, төсөл нь дэмжигдсэн 125 иргэн, хуулийн этгээдийн төслийг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/61 дүгээр тушаалын хүрээнд санхүүжүүлэх хуваарийг 1 дүгээр хавсралтаар баталсугай. Төсөл хэрэгжүүлэгч барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй болон бусад шалтгааны улмаас санхүүжилтийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд хоёрдугаар хавсралтад заасан есөн иргэн, хуулийн этгээдийн төслийг санхүүжүүлсүгэй” гэсэн байна. Зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэх үүргийг ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгт (Одоо хорих 461-р ангид саатуулагдаад байгаа) өгчээ.

Гэтэл үүнээс хоёр сарын дараа ЖДҮХС-гаас “ХХААХҮЯ, ЖДҮХС нь урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авна. Жилийн 3%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 50 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөг. Хугацаа: 2018.07.30-2018.08.03-ны 17 цаг 30 минут хүртэл” гэсэн зарыг долдугаар сарын 29-нд өөрийн пэйж хуудсандаа тавьсан байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдийн, тодруулбал ХХААХҮ-ийн сайдын “дэмжлэг үзүүлсэн” төслийн зээлийг баталсны дараа иргэдийн зээлийн материалыг хүлээж авсан гэсэн үг. Журмын 6.7-д “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаас шалгарч дэмжигдсэн боловч санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүдэд тухайн төсөл сонгон шалгаруулалтад тавьсан нөхцөл, болзлын дагуу зээлийн санхүүжилтийг нөхөн олгож болно” гэсэн заалтыг ХХААХҮ-ийн сайд 2018 оны А-01 тоот тушаалаар хүчингүй болгосон байна.

Товчхон хэлэхэд, огт байхгүй санхүүжилтийн төлөө ЖДҮХС-д төсөл илгээсэн 1000 гаруй, төсөл нь шалгагдаж тэнцсэн гэх 498 иргэн, аж ахуйн нэгж энэ луйврын золиос болжээ гэсэн үг. Тиймээс хамгийн түрүүнд энэ хүмүүсийг нэгтгээд ЖДҮХС-гийн зээл олгосон шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд өгвөл зээл авсан этгээдүүдэд хариуцлага тооцуулах, хохирлоо нөхөн төлүүлэх боломж байна гэдгийг хуульчид ярьж байна.

Захиргааны байгууллагын аливаа шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тэр дундаа Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх ёстой. Төрийн байгууллага, албан тушаалтны дур зоргоос иргэн, хуулийн этгээдийг хамгаалахын тулд 2015 онд энэ хуулийг баталж, дагаж мөрдсөн. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тусгайлсан, мэргэшсэн шүүх хүртэл ажиллаж байна. Шүүхийн үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжийн хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох явдал.

Ингэж байж хууль, шударга ёс тогтоно уу гэхээс М.Энхболдыг У.Хүрэлсүхээс солилоо гээд шударга ёс тогтдоггүй болохыг цаг хугацаа бидэнд харууллаа л даа. Гэхдээ мэдээж шударга ёсыг тогтооход хувь хүний хүсэл эрзэлзэл, хүчин зүтгэл хамгийн чухал. Тэр нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд гэм буруутай нөхдийг хууль, шүүхийн өмнө аваачихад өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэх явдал. Ядаж л намынхаа нөхдөд “Хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр гэм буруугүй гэдгээ нотолсон тохиолдолд улс төрд дахин эргэж ирээрэй” гээд үүдээ хаах хэрэгтэй шүү дээ. Тэгэхийн оронд Д.Бямбасүрэн гуай шиг “Нохой нь ч нохой л доо, гэхдээ манай нохой” гэх шиг юм яриад, намаа голоор нь хуваачихаад “чиний, миний” гээд хэрэлдээд суувал шударга ёс тогтохгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин