• Эхлэл
  • Д.Өлзийбаатар: Бидэнд амбиц алга, зүгээр л амиа аргацааж байна

Д.Өлзийбаатар: Бидэнд амбиц алга, зүгээр л амиа аргацааж байна

2018/12/13

Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бидний ярилцлага түүхээс ангид байх болов уу. Жишээлбэл, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх таны дүгнэлтийг сонсмоор байна. Өнөөдөр болоод байгаа энэ үйл явдлын цаад учир шалтгаан нь юу гэж та харж байна вэ?

-Өнөөгийн бий болсон байдал бидний өмнөх түүхтэй л нягт холбоотой. Тэгэхээр өнгөрсөнгүйгээр одоог дүгнэх ямар ч боломжгүй л дээ. Манай ХХ зууны түүх 1911 оноос авахуулаад бүхэлдээ тусгаар тогтнох, бүрэн эрхтэй улс болж хөгжихийн төлөө л явсан. Монголчуудад өнөөгийн энэ ногдсон хувь тавилан бол манай өмнөх, хойдох хоёр хөрш XX зуун гэхэд томорч, их улс болсонтой холбоотой. Харин энэ тусгаар оршихын төлөөх тэмцэлд манай хойд хөрш үргэлж нөмөр нөөлөг болж явсан нь түүхэн үнэн. Мэдээж тэдний эрх ашигт бид тусгаар байх нь нийцэж байсан хэрэг. Тэдний Азийн зүгт явуулах гео улс төрийн бодлогод монголчууд голлох байр эзэлж байж гэсэн үг. Одоо ч энэ байдал өөрчлөгдөөгүй. Тэд бидэнд сайн ч зүйл хийсэн, муу ч зүйл хийсэн. Гол нь асар их хохирол гарз амссан ч гэсэн энэ хэмжээнд монгол туургатан оршин тогтнож түүх, соёл, хэл, зан заншлаа өвлөн хөгжүүлээд явж байгаа байдал юм.

Бидний мөнхийн өрсөлдөгч, сөргөлдөгч тал бол манай өмнөд хөрш байдаг. Өнөөгийн хүчирхэг өмнөд хөршийг бий болгох үндэс суурийг монголчууд л тавьсан. Монголчуудын оршин тогтнох тэднээс ялгарах нөхцөл байдлыг ч бас өмнөд хөрш бий болгож байсан.

Ингэж харилцан бие биенээ хурцалж, ирлэж, өрсөлдөж, тэмцэлдэж байж бие биенийхээ оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж байсан түүхтэй. Хойд хөрш ч ялгаагүй тэднийг бидний өвөг дээдэс л нэгтгэж, нэгдсэн Орос гэдэг үндэстэн бүрэлдэхэд нь нөлөө үзүүлсэн.

Хаа хаанаа төр улс байгуулж хаяа хатган оршиж эхэлсэн үеэсээ л монголчууд, өмнөд хөрш хоёрын хооронд хэн нь хэнийгээ вэ гэсэн тэмцэл явсан. Энэ тэмцэл өнөөг хүртэл үргэлжилж байна, цаашид ч үргэлжилнэ. Тэгэхээр бид түүхийнхээ том дэвсгэр дээр өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг ойлгож харах учиртай. Ард түмний хоорондох дайсагнал биш, төрийн бодлого хоорондох тэмцэл юм.

Ерөөсөө дэлхий дахинд хаяа залган оршиж байгаа аль ч улсад сайн хөрш гэж байдаггүй. Хөрш, хөршдөө дургүйн учир юу вэ гэхээр, тэдэнд аль нэгнийгээ эрхшээлдээ оруулах, эсвэл аль нэгийнхээ эрхшээлд орохгүй гэсэн тэмцэл өрнөж байдагтай холбоотой. Яг үүний нэг хэсэг нь монголчууд. Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л байдаг гэдэг үг үүнтэй холбоотой.

-Өнөөгийн улс төрд гаднын улсын нөлөө бий юу?

-Ерөөсөө монголчууд XX зуунаас хойших хугацаанд гадны нөлөөгүй амьдарсан жил, сар огт байхгүй. 1990 оноос хойш монголчууд өөрсдөө бүрэн, жинхэнэ эрх чөлөөгөө олж авлаа, бид бие даагаад өөрсдийнхөө тархи, толгойг мэдээд хэнээр ч заалгахгүй, залуурдуулахгүй оршин тогтнож чадах юм байна гэж бодсон. Гэтэл өөрийн гэсэн, төвлөрсөн, том, алсын хараатай нэгдмэл бодлого боловсруулалгүйгээр ардчилал нэртэй чөлөөт зах зээлийн нийгэм рүү цүл, пал гээд ороод явчихсан. “Бүгдийг нь болгоно, зохицуулчихна, чадна” гээд танихгүй ертөнц рүү орохдоо бид алдаа гаргачихаж л дээ. Тэр алдаа нь юу вэ?

Бодлоготой, уужуу, урт хугацаанд бодсон, няхуур хандлага тухайн үед бидэнд дутсан. Яагаад гэхээр бид хэт яарчихаж. Социализм чинь ганц Монголд нураагүй шүү дээ. Социалист систем нурж унасан учраас бид тэр системийн нэг хэсгийнх нь хувьд ардчилсан хөдөлгөөн Монголд өрнөсөн. Тэр үед бидний өмнө хэд, хэдэн зам байж гэж одоо бодогддог юм.

-Ямар замууд байсан гэж?

-Бүгдийг нь өөрчлөх. Улс төр, эдийн засаг, үзэл суртлын хувьсгал хийж “тэг”-ээс эхлэх. Бид энэ замаар явсан. Эсвэл юуг ч өөрчлөхгүй хуучин хэвээр үлдэх. Мэдээж ийм замыг бид сонгоогүй, сонгох ч үгүй байсан.

Бас нэг зам нь өмнөхийнхөө сайныг нь аваад саарыг нь хаяж, уламжлалаа үргэлжлүүлэх. Өөрөөр хэлбэл, улс төрийн дэглэмийг нь хэвээр хадгалаад, эдийн засгаа либералчлаад явах нэг боломж байсан. Энэ бол одоо өмнөд хөршид явж байгаа бодлого. Авторитар дэглэмтэй, төвлөрсөн нэг удирдлагатай нийгэм гэсэн үг шүү дээ. Фрэнсис Фукуяма гэх мэт орчин үеийн томоохон судлаач нар огцом үсрэнгүй хөгжсөн улс орнуудад авторитар дэглэмтэй, либерал эдийн засаг байсан учраас хөгжилд хүрчээ хэмээн тэмдэглэсэн байдаг.

Тэгээд, “Хэт либералчлагдсан ардчилсан зарчмаар явна гэсэн улсуудад том хямралууд нүүрлэчихэж” гэсэн байгаа. Одоо манай байдлыг харахад яг тийм л байж дээ гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Тэгэхээр бид гараан дээрээ алдчихаж. Хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах нь хүн төрөлхтний мөрөөдөл мөн. Бидний ч эрхэм дээд мөрөөдөл.

Бид харин энэ нийгмийг “тэг”-ээс эхлэх зам сонгож аваад явахдаа мэдлэг, туршлага дутсан. Гэнэн, сайхан мөрөөдлөөр хэт жигүүрлэсэн. Тэгэнгүүт өрнөдийнхний төр улсаа байгуулсан байдал, сургамжийг их сайн, биднээс ухаантнууд хийсэн бэлэн жор гэж үзээд хуулсан. Одоо ийм л байдал харагдаж байна.

Хуулсан үйл ажиллагаатай нь хамт тэдний нөлөө, зарим үед тулгалт гэхээр зүйл, тэгээд санхүүгийн дэмжлэгүүд орж ирсэн. Ер нь Монголд орж ирсэн өрнөдийн санхүүгийн дэмжлэгийн гол зорилго нь өмнөд хөрш, хойд хөршийн хооронд Монголыг стратегийн орон зайн нөөц газар болгож барих л санаатай байсан юм уу гэж харагддаг юм. Түүнээс биш, монголын ард түмэн баян хүчирхэг байна уу, ард түмэн нь боловсролтой, эрүүл байна уу гэдэг тэдэнд чухал биш байжээ.

Тэгэхээр бид шинэ нийгэм байгуулах гэсэн сэтгэл хөөрөлдөө хэт автаад өөрсдийнхөө онцлог, уламжлал, үндэстний сэтгэлгээ, эдийн засгийнхаа бодит байдалтай холбоо, хамааралгүй урсгал бодлого руу өөрийн мэдэлгүй урсаад орчихсон байна. Түүнийх нь үр дүн одоо 20-иод жилийн дараа гарч байна шүү дээ. Бид эцэс төгсгөлгүй хямралын байдалд орчихсон мэт харагдаж байгаа биз дээ.

-Яг тэгж л харагдаж байна?

-“Чөтгөрийн тойрог” гэгддэг нэг нэгэндээ ач санан үйлчлэх үйлчилгээний нийгмийн тогтолцоо бий болсон байна. Их хуралд сонгогдохын тулд, албан тушаалд очихын тулд нэг хүнээс, нэг хэсэг хүнээс мөнгө, туслалцаа болгож авдаг. Албан тушаалд гарсан хойноо тэр тусалсан хүндээ албан тушаал буюу илүү боломжоор хангах тус үзүүлдэг. Үүнийг клиентелист тогтолцоо хэмээн улс төрийн нэршлээр нэрлэдэг болж.

Энэ үйл явц манайд бэхжин тогтоод, түүнийг нь ард олон үзэн ядаад тэмцэлдэж байна шүү дээ. Одоо ойлгож байна л даа. Гэхдээ их үнээр ойлгож байна. Их үнэ гэдгийг энэ ард түмний дийлэнх олонх нь ядуу байгаагаар хэмжиж болно.

Үйлдвэрлэгч, бүтээгч байхгүй, зөвхөн хэрэглэгч орон болчихсон. Газрын гүн дэх баялгаа ухаад зүгээр л гаргачихдаг. Өөрсдөө боловсруулдаггүй, үйлдвэр байгуулдаггүй. Тэгээд жинхэнэ ургадаг, өсдөг баялаг буюу мал аж ахуйгаа гаргуунд нь, урсгалаар нь хаячихсан. Малчид нь өнгөрсөн зууны 40-өөд оны натурал аж ахуйтны байран дээрээ буцаад оччихсон.

Өнөөдөр манай өмнөд хөрш “Зуун жилийн мөрөөдөл” нэртэй улс төрийн хөгжлийн томоохон хөтөлбөр боловсруулчихсан байна. Үүнийгээ хөгжлийн төлөөх холын зайн гүйлт буюу марафон гээд нэрлэж. Энэ марафонд БНХАУ ганцхан улстай л өрсөлдөнө гэж байгаа. Тэр нь АНУ. “Бусад нь бидний өрсөлдөгч биш” гэж байгаа.

АНУ-тай бид энэ холын зайн марафондоо 2049 онд ялалт байгуулна гээд тунхаглачихсан. 2050 он гэхэд бид дэлхийн тэргүүлэгч орон болно гэж хэлсэн. Одоо энэ бодлого явж байна. Ийм том бодлого, амбиц өвөрлөчихсөн өмнөд хөрштэй бид бас хэрхэн зэрэгцэн орших вэ гэдгээ одооноос бодож байх ёстой. Хараат болчих уу, эсвэл эн тэнцүү хөршийн хэмжээнд зэрэгцэн орших уу гэдэг асуудал бий. Бидэнд одоо ямар ч амбиц алга, зүгээр л амиа аргацааж байна.

-Одоо үүсээд байгаа нөхцлийг ярихаар тогтолцоо нь л буруу байна гэдэг. Нэг хэсэг судлаачид “Монголд сонгодог парламентын засаглал хамгийн тохиромжтой нь” гэж байна. Зарим нь “Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” гээд байдаг. Тэгэнгүүт, “Цус урсгалгүй олж авсан ардчиллаа авлигаар үгүй хийх нь, дарангуйлал тогтоох зүг рүү явах гээд байна” гэдэг шүү дээ?

-Аль ч улсад тохирсон засаглалын бэлэн жор гэж байдаггүй. Харин улс орнууд өөрийнхөө үндэстний онцлогийг харгалзсан түүндээ тохирсон засаглал, төрийн байгууламжийн хэлбэрийг өөрсдөө ухаалгаар олж тогтоох ёстой. Бид бол бэлэн жор хайж яваад өнөөгийн шүүмжлүүлээд байгаа засаглалын хэлбэрийг авчихсан шүү дээ. Засаглал нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бол хэн ч түүнийг шүүмжлэн буруушаахгүй. Тэгэхээр болохгүй байна гэсэн үг. Зарим нь хүндээ байна, тэр хүн гуай хуулиа мөрдөөгүйгээс ийм байдалд хүрлээ гээд ярьдаг. Үгүй ээ, хүндээ биш тогтолцоондоо байна. Хэн ч алдаа оноондоо хариуцлага хүлээдэггүй, эзэнгүй, толгой тэргүүнгүй төрийн тогтолцоо одоо манайд оршиж байна. Хуулийн засаглал тогтоохыг мөрөөдсөн ч түүнийхээ мөн чанарыг өнөө хэр ухаараагүй явна. Парламентын засаглал хоёр их хөршийн дундах манайх шиг улсад тохиромжтой гэж их ярих юм. Хэн хүнгүй л тэгж бодож байлаа л даа. Гэтэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр парламентад л төвлөрдөг учраас хэн ч эцсийн дүндээ хариуцлага хүлээдэггүй, хүссэнээ хийдэг, их эрх мэдэлт эзэн эрхт байгууллага бий болдог нь парламентын засаглалын сул тал юм уу гэж би боддог. Парламентыг бүрдүүлэгч эзэд нь ард түмэн мэт харагдах авч гол завшигч эзэд, үндсэн засаглагч нь парламентад олонхи болсон нам шүү дээ. Намын засаглал гэсэн үг. Гэтэл манайд намууд өнгөрсөн хугацаанд сайтар төлөвшиж чадсангүй. Үүнд л бидний доголдол, хямралын уг сурвалж байна гэж би бодоод байна.

Яахав, Үндсэн хуулийн ерөнхий зарчим зөв. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн явдал бол манай одоогийн Үндсэн хуулийн амин сүнс. Би нэг зүйлийг их гол байж дээ гэж боддог юм. Энэ нь Үндсэн хууль дотроо сонгуулийнхаа системийг хуульчилж өгөх ёстой байж дээ гэж. Манай Монгол Улс чинь өмнө нь ганц л манлай намтай байлаа шүү дээ. 1990 оноос хойш олон намын системтэй болов. Олон нам оршиж, өрсөлдөж байсан туршлага байгаагүй учраас бид сонгуулийн ямар системтэй байх нь зөв юм гэдгээ ерөөсөө сайтар ухаж мэдээгүй.

Намуудыг төлөвшүүлдэг, үзэл санаан дээр нь бат байлгадаг юм чинь сонгуулийн пропорциональ буюу холимог систем аж. Бид 1992 оноос хойш байсхийгээд л сонгуулийнхаа хуулийг өөрчлөөд л түмэн янзын системээр явж ирлээ. 2020 оны сонгуулийг харж байгаарай. Одоо эрх мэдэлд буй намууд сонгуулийг пропорциональ системээр явуулахаар болгоно. Можаритар нь унангуут дараагийнх нь пропорциональ байдаг л байхгүй юу. Пропорцианаль системээр яваад аль нэг нам нь уначихвал можаритар болгоод ингээд л явна. Нөгөө тэнэг тойргоосоо ерөөсөө гарахгүй.

-Дээр нь улс төрийн намуудын хуулийг бас ярих хэрэгтэй?

-Намуудыг бүлэглэл, ялзрал, мөнгөний эрх мэдэл, бүлэглэлийн хараанд оруулсан, ямар ч үзэл санааны үнэт зүйлгүй болгоход нөлөөлсөн энэ хууль?

Ийм байдлаас ангижиръя гэвэл эрс шинэчлэл хийх ёстой. Бид тогтолцоогоо, төрийн байгууламжаа эрс өөрчилж байж улс орныг минь муухай харагдуулж, муухай байлгаж буй энэ буруу тогтолцооны тойргоос гарна. Муу тогтолцоо улс төрчдийг муухай харагдуулж, бас муухай болгож байна. Түүнээс биш, энэ засаг төрийн эрх мэдэлд байгаа, хөрөнгө чинээтэй байгаа хүн бүхэн муу гэсэн үг биш шүү дээ. Тэд чинь хавтгайрсан авлигачид, эх орноо худалдъя гээд өдөр, шөнөгүй бодож байдаг хүмүүс биш байхгүй юу. Тэднийг систем ийм болгочихсон. Зөвхөн улс төрчдийн хүрээнд биш, нийгмийн амьдралын бүх хүрээнд эрүүл бус өрсөлдөөн бий болж. “Хэрэв би авахгүй бол тэр надаас өрсөөд авчихна, тэгээд намайг дийлнэ” гэсэн ийм ширэнгийн өрсөлдөөн одоо яваад байна. Тэгэхээр манайд тохирсон засаглалын хэлбэр нь ерөнхийлөгчийнх гэдэг санаа дэвшүүлдэг хүмүүстэй би санал нийлдэг. Хүмүүс ерөнхийлөгчийн засаглал гэхээр Ю.Цэдэнбал, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэж хараад байх юм. Тэд манай засаглалын хоёрдмол, тодорхойгүй байдал дундаас эрх мэдэл төвлөрүүлэх хүслээс төрж гарсан улс шүү дээ, Ю.Цэдэнбалаас бусад нь. Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуйлал гэдэг нь үнэхээр гэнэн ойлголт. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлж парламенттайгаа эрх мэдлээ тэнцвэржүүлээд л явна. Харин парламентаа хоёр танхимтай байгуулах уу, нэг танхимтай байгуулах уу, шүүх эрх мэдлийг сонгож бий болгох уу, томилж бий болгох уу гэдэг дээр ухаан уралдуулах асуудал. Монголчууд бол лидер дагадаг ард түмэн, бүр эртнээс.

-Та 20 жилийн дараах Монголын улс төрийг хэрхэн харж байна?

-Энэ байдлаараа бол бид дампуурна, алга болно шуудхан хэлэхэд. Өмнөд улсын хараат болно. Энэ байдлаа л засахгүй бол. Эрс шинэчлэл хийж муу байдлаас гарах ёстой. Тэгэхгүй бол эхлээд өмнөд хөршийн хараат болно, дараа нь элгэнд нь үүрд тэврүүлнэ. 1994 онд хятадын түүхч Хао гэдэг хүн бичсэн байдаг юм шүү дээ. “2045 гэхэд бид алдагдсан хойд нутгаа элгэндээ тэвэрнэ” гэж. Яагаад 2045 он гэж хэлж байгаа юм? Тэд 1945 оны аравдугаар сарын 20-ны санал хураалтын хугацааг тооцож тэгж хэлж байгаа юм. Яг 100 жилийн ой дээр нь биднийг өөртөө нэгтгэнэ гэсэн үг. Энэ үг зүгээр нэг үндэсний үзэлтэй түүхчийн санамсаргүй хэлсэн үг биш гэж би боддог. Монголчууд урт ухаантай ард түмэн болохоор арай ч ийм байдалд орчихгүй байх. Гэхдээ яахав, хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэж үг бий. Санаж сэрж, соргог байх л учиртай.

-МАН одоо задрах болов уу. Эсвэл улс төрд мөнхийн дайсан эсвэл мөнхийн найз байдаггүй гэдэг зарчмаараа эргээд ямар нэгэн эрх ашгаараа нэгдэх болов уу?

-МАН-ын 100 жилийн ой 2020 онд болох юм. Монгол ардын нам гэдэг байгууллага 1920 оны зургадугаар сарын 25-нд Данзангийн гэрт хуралдаж тэдний зандан ширээний хөлийг тайрч тамгаа сийлснээр байгуулагдсан. МАН өнгөрсөн 100 жилд хэд, хэд хувирсан л даа. Анхны МАН гурван хүчний нэгдлийн нам байсан. Түшмэдийн нам, Ардын нам, Язгууртны нам гэдэг монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх зорилго өвөрлөсөн хувьсгалт нууц бүлэглэлүүд байсан.

Тэд “Ардын эрх ашгийг хамгаалсан, ардын нэртэй нам болъё” гээд нэгдсэн. Тэгэхээр яг одоогийнхоо энэ байдлаар байвал энэ нам 100 жилийн ойгоо нэгдмэл нэг намын хүрээнд хийж чадахгүй л болов уу. Бутарч байна шүү дээ, одоо. Гурван ч нам 100 жилийн ой хийнэ ярих болов уу даа, бараг. Намын дарга У.Хүрэлсүх нь яаж ажиллах гэж байгаа юм. Тэгэхдээ түүнээс хамаарахгүй задрал явагдаж байна.

МАН 1924 онд МАХН нэртэй болж 1990 он хүртэл явсан. 1990 оны үед МАХН шинэ нөхцөл байдалд дасан зохицох оролдлого хийсэн. Төв үзлийг авлаа. Зүүний ч биш, барууны ч биш нам боллоо гэж. Тухайн үед манай улстөрчид уламжлалаа авч үлдэж байна гэдэг утгаар уу, эсвэл ардчилагчид тохиролцсон уу МАХН-ын үйл ажиллагаа бусад соц орны коммунист намууд шиг хаагдаагүй. Гэтэл энэ нам дотор үзэл бодлын ялгарлаараа хуваагдаж, фракцлахаасаа илүү эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцсэн бүлэглэл хоорондын хагарал тэмцлээсээ болж хагаран бутарч байна. Гаднаас нь ажихад үндсэндээ дөрвөн бүлэглэл байна. Тэгэхээр хувь заяа нь их бүрхэг. АН ч гэсэн ялгаагүй эрх мэдлийн төлөөх бөөн бүлэглэлтэй. Эрүүл зүйл бараг байхгүй. “Намууд бүгд хүндээр өвчилсөн. Намууд бол иргэний дайныг өдөөгчид” гэж өмнөд хөршийн нэг удирдагч хэлсэн байдаг юм шүү. Гуравдагч орон зайг нөхөөд гарч ирэх нам бас хэцүү. Бүхнийг шинээр эхлэх л хэрэгтэй болоод байгаа юм даа. Тэгэхээр намуудаа тараая. Тэгээд нэг гараанаас хүмүүс үзэл санаа, анги давхрагын эрх ашгаараа эргээд нэгдэж болно шүү дээ. Жинхэнэ баруун нь баруунаараа, зүүн нь зүүнээрээ явцгаая, цэгцэрье, үзлээ, зорилгоо тодорхой болгоё, ард түмэндээ ойлгомжтой байя.

Монголчууд бол лидер дагадаг ард түмэн шүү дээ. Намууд ойлгомжгүй үзэл санаатай, хувиа хичээсэн бялангач бүлэглэлийн гарт орж ард нийтийн дэмжлэг авч чадахгүй болсон учраас тодрох ёстой удирдагч лидерүүдээ өлгий дотор нь “амыг нь барьчихаад” байна. Лидерийн мухардалд орвол нам мухардчихдаг, хуваагдчихдаг, хагарчихдаг жамтай аж. Улс ч үүнтэй адилхан. Ард түмэн хүчтэй, хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийг дагадаг.

 

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН
 

Х.ХУЛАН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин