• Эхлэл
  • УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулна

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулна

2018/12/13

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар өчигдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг бол иргэдийг ажилтай болгох, эдийн засгийг сэргээх зэрэг чухал ач холбогдолтой салбар. Ингээд энэ санг өргөтгөх, үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээ авсан. Гэтэл ард түмэнд очих ёстой ЖДҮХС-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд, эрх мэдэл бүхий хүмүүс, намын тодорхой удирдлагууд авсан нь ёс зүйгүй үйлдэл юм. Энэ асуудлыг ёс зүй болон хууль эрх зүйн үүднээс шалгах ёстой. Сүүлийн үед ёс зүйгүй, хууль зөрчсөн уг үйлдэл бүдгэрэх хандлагатай боллоо. Иймд бид бүрэн эрхээсээ татгалзаж ЖДҮХС-гийн зээл авсан эсэх асуудлаар  шалгуулахад бэлэн байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа. Одоогоор 22 гишүүн гарын үсгээ зурсан. Бидний энэ санаачилгад нэгдэхийг бусад гишүүдэд уриалж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг бүдгэрүүлэхийг оролдож эхэллээ. УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг прокуророос ирсэн талаар нэр дурдсан мэдээлэл гараад байгаа. Бид яг хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг бүдгэрүүлэх асуудал сүүлийн үед хүчээ авлаа. Үүнд Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээний мөнгө төгрөг төсөвлөн ажиллаж байна гэсэн мэдээлэл УИХ-ын гишүүдэд ирэх болсон. Нийслэлийн ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн асуудал, шалгагдаж байгаа хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад АТГ луу буцаасан мэдээлэл бий.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль хяналтынхантай уулзаж эрхийг нь түдгэлзүүлэн шалгах гишүүдийн асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй байх, хойшлуулах хүсэлт тавилаа гэдэг зүйл ч яригдах боллоо. Тэгэхээр энэ асуудал дарагдаад чимээгүй болоод өнгөрчих вий гэж болгоомжилж байна. Бид Монголын төрийг бүрдүүлж байгаа энэ хүмүүс ёс зүйтэй байж, төрийн хууль, дүрэм журамд захирагдах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.

Дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзан шалгуулах уриалга гаргаж гарын үсэг зурсан бичгээ УИХ-ын  Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод гардуулж өгөх аж.  УИХ-ын  Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар хуралдах гэсэн боловч ирц бүрдэхгүй байгаа билээ.

УИХ-ын дээрх гишүүд мэдэгдэл хийсний дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та нарын энэ бичигт ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд зурсан уу?

-Үгүй. Зураагүй байгаа. Гэхдээ бид тэдгээр гишүүдтэй уулзаж, санал тавих болно.

-Та нар ширээ сандлын л асуудал яриад байх юм. Утаатай тэмцэх гишүүн гарч ирэхгүй юу?

-Утааны асуудалд санал нэг байна. Өнөөдөр байдал үнэхээр хүндэрсэн.  Бид сандал ширээний асуудал яриагүй. Зарчим ярьж байгаа. Утаатай тэмцэх нь Засгийн газрын хийх ажил. Утаатай тэмц гээд хөрөнгө мөнгийг тусгаад өгсөн. Тиймээс Засгийн газрыг ажлаа хийгээч гэж УИХ-ын гишүүдээс шахаж байгаа. Шаардлага хүргүүлсэн. Гэвч харамсалтай нь Засгийн газар нь ажлаа хийхгүй, сайдыг нь томилоод өгье гэхээр УИХ-ын чуулганд орж ирэхгүй байна. Сайдууд нь асуудлаа танилцуулчихаад картаа сугалаад гараад явчихаж байгаа. Өнөөдөр ард түмний эрүүл мэнд, утааны асуудлыг хариуцаж байгаа Засгийн газар нь ажлаа хийхээ болилоо. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө, Үндсэн хуулийн өмнө хууль хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, УИХ-ынхаа толгой дээр гарч суугаад хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг бойкотлоод байгаа харамсалтай үйл явдал өрнөж байна. Бондын асуудал, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь гээд цаг алдалгүй шалгах ёстой олон асуудал бий.

УИХ-аас бүх тогтоол шийдвэр нь гарчихсан. Тиймээс Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газрын шууд харьяаны Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар үүнийг хуулийн хүрээнд хангалттай шалгаад нотлоод гаргаад ирэх боломж бий.

Энэ гишүүд бүрэн эрхээсээ татгалзах саналаа үнэхээр албан ёсоор тавьж байгаа юу. Тавьсан бол УИХ-ын бүтцийн байгууллагууд хэдий хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх ёстой вэ. Хэрэв эдгээр гишүүдийн санаачилгыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжвэл яах вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ. Парламентын 75 гишүүнээс хамгийн нэр цэвэр, элдэв асуудалд орооцолдоогүй хүмүүс энэ байж чадах уу. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас зээл аваагүй ч өөр бонд, концессын асуудалд нэр холбогдсон, хууль бусаар хөрөнгөжсөн  байвал хуулийн байгууллага яах вэ. Зөвхөн ЖДҮХС-гийн асуудлаар л шалгана гээд орхих уу. Нэгэнт эгэл иргэн юм чинь гээд нэр холбогдсон хэргүүдийг нь бас шалгах уу.  Тэгэхээр бүрэн эрхээ түдгэлзүүлж хууль, хяналтын байгууллагын өмнө очвол нэр холбогдсон асуудлыг нь бас шалгах нь дамжиггүй.

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Т.ЖАНЦАН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин