• Эхлэл
  • Тогтсон хүнээр харвал яах аргагүй Г.Төмөрбаатарыг нэрлэх байна

Тогтсон хүнээр харвал яах аргагүй Г.Төмөрбаатарыг нэрлэх байна

2018/12/28

Өнөөдөр хотын шинэ мээр тодорно. Мэдээж “монгол” заншлаар шөнө дундаас хойш  бүх зүйл тодорхой болно. Үүр цайх ч  өдий байна даа. Бүлэг, фракцуудын тохироо, наймаа ид явагдаж буй нь ойлгомжтой. Хотын дарга Су. Батболд ажлаа өгснөөс хойш  хэчнээн ч горилогч тодров доо.  

Нэр дэвшиж буй нөхдүүдийг хэн нь хэн билээ гээд хүн тус бүрээр нь  авч үзэхэд  хотын мээр болчих хүн үнэндээ алга.  Гэвч  өрсөлдөөн бүлэг, фракц хоорондын цусгүй тулаан учраас яаж ийж байгаад хэн нэгийг хүчээр гаргаж ирэх нь дамжиггүй.  Нэр дэвшигчийн тухайд бэлгэ тэмдэг төдий зүйл. Хотын дарга  Ерөнхий сайдтай гар сэтгэл нийлж ажиллах чадвартайн дээр бүлэглэлүүдээс ирэх дарамт, шахалтыг сөрөх эр зоригтой төдийгүй улс төрийн аль ч хүчинд нөлөөлж чадахуйц зангарагтай  нэгэн  байх ёстой. Горилогсод бүгд л өөрсдийгөө хотын амьдрал мэддэг гэцгээх нь инээдэмтэй. Хотын амьдрал мэднэ гэдэг нийслэлд  ажиллаж амьдардаг эсвэл  эдүгээ хашиж байгаа  албан тушаал нь  нийслэлийн өдөр тутмын асуудалтай холбогдож байдаг гэх утгыг хэлж буй хэрэг бус. Аж ахуйн ажилтай зууралдаж үзсэн, сайн муугаар хэлүүлж сурсан, аливаад түргэдээд байхгүй, иргэдийн хатуу үгийг даагаад гарах ухаан, чадвартай хүнийг хэлэх болов уу.  Тиймээс л  хотын даргыг холоос дуудаж авчраад хүчээр  томилох бус хариуцлага хүлээлэхэд бэлэн суугаа  ИТХ-ын төлөөлөгч дундаасаа  сонгох нь олон нийтийн эрх ашигт  нийцнэ.

НИТХ-ынхан үүн дээр санал нэгдсэн. Дотроосоо  гэвэл  төрийн болоод намын ажлын туршлагаар  бусдадаа амаа таглуулаад байхааргүй, нас тогтсон хүнээр харвал яах аргагүй Г.Төмөрбаатар юм. Дүүргийн намын хорооны дарга, СБД-ийн Засаг дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга гээд түүний нам төрийн ажил албанд зүтгэсэн хугацаа чамлалтгүй.  Гарам дээр морио сольдоггүй л гэдэх юм. Юутай ч энэ удаагийн Нийслэлийн Засаг даргын суудлын асуудал  хотын иргэдийн  амьдралд төдийгүй эрх барьж буй  МАН цаашид “амьд”  байж чадах эсэхийг шийдэхэд жин дарах хариуцлагатай сонголт байх юм.

Ч. Оюунбат

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    БАС ЮУН ДАНЖААД ВЭ ОДОО БОЛНО ГҮЙЦЭЭ
    2019 оны 01 сарын 03
Сонин хачин