• Эхлэл
  • У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав

У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав

2018/06/28

У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрсдөө малтав. Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэмжжээ. Засгийн газраас гаргасан аливаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй байх хуулийн төсөл боловсруулсан байтал УИХ-ын Байнгын хороо дэмжсэн байна.

“Хэрэв энэ хууль батлагдвал хувь хүн, хуулийн этгээдийн (иргэн, аж ахуйн нэгж) эрх ашигт төрийн байгууллагууд өөрийн дур зоргоор халддаг болно. Жоомоо алах гээд гэрээ шатаах нь байна шүү” гэж хуульчид гадаа нь хашгирсаар байтал манай Засгийн газар “гэрээ шатаахаар” шийдэв. Гал тавих болсон ганц шалтгаан нь Эрдэнэтийн 49 хувийг төрд авах явдал гэдгийг сайд Ц.Нямдорж УИХ дээр ичиж нэрэлхэлгүй ярьсны дараа МАН-ын гишүүд жинхнээсээ сохров. (49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол захиргааны хэргийн шүүх дээр гурван удаа унаад байгаа) Мөнгө цагаан, нүд улаан гэдэг болж байна.

Энэ үйл явцын эхлэлийг тавьсан хүн нь Ц.Нямдоржийн утсан хүүхэлдэй болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Гишүүдийнхээ дунд “хуулийн төслийн ченж” нэр авсан (“Веритас партнерс” хуулийн фирм түүнийг гишүүн болохоосоо өмнө гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэгбайртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай байснаагишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж өссөн, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон тухай мэдэгдэл хийсэн) Х.Нямбаатар гэнэт “Шүүгчид авилгад идэгдсэн байна. Дансандаа сая доллартай шүүгч байна” хэмээн хашгирсан нь ийм учиртай байв. Шүүгчдийн нэр хүндэд халдах замаар шүүхийг татан буулгах, ингэснээр Засгийн газар ямар ч хяналтгүйгээр дур зоргоо хэрэгжүүлэх нь Ц.Нямдорж сайдын зорилго байж. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь түүний халаасанд өөрөө ороод ирэх юм. Далиманд нь иргэд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах боломжгүй ч болно. Гэвч энэ тэдэнд ямар хамаатай.

Гэхдээ муу юманд ч сайн тал бий гэдэг. Засгийн газар Захиргааны хэргийн шүүхийг үгүй хийхээр ингэж улайрч байгаа нь Засгийн газар өөрөө хуулийн хүрээнд шийдвэр гаргах чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Ялангуяа “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр. Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн УИХ Засгийн газарт “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах асуудлыг зохион байгуулах үүрэг өгсөн нь үнэн ч Үндсэн хууль болон УИХ-аас баталсан бусад хууль тогтоомжийг зөрчих эрх олгоогүй. Тэгэхээр хууль зөрчих шийдлийг Засгийн газар өөрөө хийсэн гэсэн үг.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа хууль зөрчсөн шийдвэрийг цуцалж, хуулийн дагуу шийдвэрлэх арга замыг хайх ёстой байсан ч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ “гэрээ шатааж” эхэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав. Хуульчид лав шүүх эрх мэдлийг (иргэний эрхтэй хамтад нь) дарангуйлж буй Засгийн газрын энэ давралын эсрэг акци зохион байгуулаад эхэлчихлээ. Хуульчдын хувьд хууль бол хамгийн хүчтэй зэвсэг. Дээр нь УИХ дахь МАН бүлэг дотооддоо хагаралтай байгаа. У.Хүрэлсүхээс хариуцлага нэхэж эхэлсэн бүлгийн гишүүд нь аманд орсон шар тосыг хэлээр түлхэхгүй нь лав. 

Хууль зүйн сайдтан Байнгын хорооны хуралдаан дээр “Шүүх цагаандаа гарсан шдээ. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс хөдөлж эхэллээ. УИХ-ын даргын хуулийн зөвлөх хөдөлж эхэллээ. Хотын даргын хуулийн зөвлөх ярьж эхэллээ. Ингэж тал талаасаа ашиг сонирхлоо хамгаалж байна” гэв. Угаасаа “Хулгайчийг бариарай” гэж хашгирчихаад араар нь хулгайгаа хийдэг нь энэ хүний гэм биш зан, гэнэт биш хууч юм. “УИХ, Засгийн газрын шийдвэрийг хянах эрхтэй цорын ганц байгууллага нь Үндсэн хуулийн Цэц” гэсэн ч бас худал үг.

Үндсэн хуулийн Цэц бол УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л хянадаг. Бусад хууль зөрчсөн эсэхийг хянадаггүй. Тиймээс Захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулж, Засгийн газар болон захиргааны бусад байгууллагуудын шийдвэр хууль зөрчиж буй эсэхэд хяналт тавьдаг. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын гаргасан захиргааны актыг (Тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, ажилд томилох, чөлөөлөх гэх мэтчилэн хувь хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн, эрх үүсгэж, үүрэг оногдуулсан, үйлчлэл үр дагавар хувь хүн, хуулийн этгээдэд шууд тусдаг шийдвэрүүд) хянадаг байсан бол энэ улс тэр чигээрээ дампуурах байсан биз. Яг үнэндээ Цэцийн есөн гишүүн дотор мэргэжлийн хуульч нь цөөн.

Тийм байхад “Ерөөсөө захиргааны шүүхээр ч яах юм. Үндсэн хуулийн Цэц бүх хяналтаа тавиад яваг” гэх нь галзуу хүний амнаас л гарч болох үг юм. Зөвхөн Засгийн газрын шийдвэр ч биш, түүний шийдвэрийг хэрэгжүүлж байгаа бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг ч шүүхээр хянуулахгүй гэж байна шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин