• Эхлэл
  • Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт гаргалаа

Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт гаргалаа

2019/01/16

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.16/Улсын ерөнхий прокурорын газарт прокуроруудтай албан уулзалт хийлээ.  Тэрээр уулзалтын үеэр

-Өмнө би албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглах зэргээр эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэл иргэд их хэлж байгааг би та бүхэнд дамжуулж, оффшор данстай төрийн албан хаагч нарыг илрүүлэн шалгаж, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж наймаалцахыг хянан шийдвэрлэх тухай хэргийг хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч энэ асуудалд ямар нэгэн хөдөлгөөн гарсангүй. Бүтэн нэг жил өнгөрлөө, та бүхэн санал нэг байгаа байх. Эрдэнэт үйлдвэрийн тухай маш тодорхой мэдээллүүд ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр удтал явлаа. Гэсэн ч ямар нэгэн үр дүн гарсангүй. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой маш олон буруутгал, шинэ хардалт, таамаг иргэдийн дунд их байгаа ч иргэдийн хүлээлтийг зөв тийш хандуулах тодорхой ажил хийгдсэнгүй. Санал нэг байгаа байх. Ингэхээр жилийн өмнө ярьж байсан асуудлууд шийдэгдсэн үү? Би үгүй гэж хариулахаар байна.

Монголын прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй. Гэтэл олны анхаарлыг татсан албан тушаалыг шийдвэрлэх ямар нэгэн ажил хийсэнгүй. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш танай байгууллага болон танай удирдлагатай хамтран ажиллах гэж их чармайж байгааг Ерөнхий прокурор өөрөө мэдэж байгаа.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна” гэж зарлаж асууж байсан. Яг энэ асуултыг би бас энэ танхимд асуумаар байна. Шударга ёсыг та нар бас энэ танхимаас эхлүүлэх ёстой, ийм үүрэгтэй. ЖДҮ-тэй холбоотой бас нэг тодорхой асуудал бол Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дарааллан зээл авсан нь тогтоогдсон, өөрөө ч хүлээсэн. Гэтэл өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй, ажлаа хийгээд сууж байна” хэмээгээд орлогчийнхоо асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүдээс шаардсан шударга ёсоо өөрөө ч биелүүлэхийг сануулав.

Мөн тэрээр олон жил яригдаж, олон зуун тэрбум төгрөг зарцуулсан агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр мөнгө завшсан байж болзошгүй эрх мэдэлтнүүдийн хэргийг сайтар шалгах, сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа Салхитын мөнгөний ордыг Монгол улсын газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байгааг дурдаад Монголын баялгийг гадагш зөөж байгаа хэргийг анхааралдаа авах, энэ хэргийг хийсэн бол нуусан, хамтарсан хүмүүсийг олж хариуцлага тооцох ажлыг шуурхайлахыг хэллээ.

Мөн энэ үеэрээ тэрээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулах 179 хуудас баримтыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өглөө.  Ерөнхийлөгч Х.Баттулга: "Цахиагийн Элбэгдорж гадны компанитай хуйвалдан стратегийн орд газар болох Тавантолгойг 100 жилээр өгөх ажлыг зохион байгуулсан.... баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья" хэмээсэн юм.

Б.ГЭРЭЛ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин