• Эхлэл
  • Цагаа олсон цалингийн нэмэгдэл

Цагаа олсон цалингийн нэмэгдэл

2019/01/18

Улс төр бужигнаж, буцалсан нэгэн долоо хоногийн баасан  гаригтай бид золгож байна. Энэ долоо хоногийн шуугиан дунд чих баясгасан мэдээлэл бол тэтгэвэр тэтгэмж болоод төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл байв.

Засгийн газар лхагва гариг /2019.01.16/ -ийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.  Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байгаа бөгөөд  408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.  Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтоосон юм.

Түүнчлэн 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ.  Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдсэнийг Засгийн газар мэдэгдэж буй.  

 Нийт төрийн албан хаагчийн цалинг нэмэх гэсэн зарчмыг баримталсан энэхүү шийдвэр цагаа олсныг энэхүү шийдвэрийг хүлээж авч буй нийгмийн реакциас харж болох юм. Мэдээллийн сайтууд болоод нийгмийн сүлжээгээр энэ удаагийн цалингийн нэмэгдлийг дэмжсэн, “нэмэхээс аргагүй” хэмээн үзэж буй хүн олон байгааг харж болно. Улсын хэмжээнд төрийн албан хаагчийн дундаж цалин 700 мянган төгрөг байсан бөгөөд хувийн хэвшлийн ажилчдын цалинтай харьцуулахад 30 хувиар доогуур байжээ. Төрийн албаны зөвлөлөөс 2017 онд төрийн албан хаагчдын өр зээлийн түүвэр судалгаа хийсэн байдаг. Тэрхүү судалгаанд Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын 44,5 хувь хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан албан хаагчдын 79,2 хувь нь өр зээлтэй болохыг тогтоожээ. Зөвхөн тэдгээр албан хаагчдын өр зээлийн хэмжээ 1 их наяд төгрөг давсан бөгөөд нэг албан хаагч дунджаар 15,5 сая төгрөгийн өр зээлтэй байжээ. 

Судалгааг жил гаруйн өмнө явуулсан хэдий ч үнэлгээ, дүгнэлт одоо хэр нь өөрчлөгдөөгүй гэдэг нь тодорхой.  Харин ч өр зээлийн хэмжээ улам бүр нэмэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ удаагийн цалингийн нэмэгдэл цагаа олжээ гэж дүгнэхэд хүрч буй юм. Төрийн албан хаагчдын цалин тодорхой хувиар нэмэгдсэнээр тэд сар тутамд хураалгадаг өр зээлийнхээ ачааллыг бага боловч хөнгөлж байна. Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.Төрийн албан хаагчийн дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай саналыг Засгийн газар боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалынхны цалингийн зөрүү дээрх судалгаанд дурдсан шиг 20-30 хувиар бус 5 хувиар байсан ч харж үзэх ёстой юм байна.

Б.Тулга

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин