Миний тухай Л.Норовсүрэнгийн хүүрнэл

2019.02.02

МУИС-ийн нийгмийн ухааны салбарт Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим гэж бий. Сэтгүүл зүй гэдгээрээ алдаршсан. Төгсөгчид нь гэхэд бараг мянга давсан байх. Тэр олон мянган сэтгүүлчдэд хичээл зааж сэтгүүл зүйд мөр гаргалцаж явсан ахмад багш доктор Л.Норовсүрэн гэж найз маань «Монголын нийтлэл» хэмээх бүтээлдээ миний уран бүтээлийн талаар хэрхэн өгүүлснээ надад софтоор илгээснийг хоёр хуваан baabar.mn дэх сайтдаа тавья гэж шийдлээ. Би өөрийгөө сурталчлуулах хорон санаа агуулаагүй. Монголын шилдэг нийтлэлчдийн клубт эрхбиш данстай, насан туршийн гишүүн нь гэсэн үнэмлэх бичигтэйн хувьд сэтгүүл зүйн ухааны докторын өнцгөөс миний уншигч фээн, дайснуудад намайг нэг удаа тольдож үзэх боломж олгох гэсэн ядмагхан санаа юм. Хүлцэн таалаарай. Хараал ерөөл аль алиныг нь тэснээ, би!

Д.Баярхүүгийн нийтлэлийн бас нэг чиглэл нь олон улсын харилцааны орчин үеийн чиг хандлага, түүнд Монгол улсын эзлэх байр суурийг тодорхойлох явдал ажээ. Энэ чиглэлээр бичсэн өгүүлэл, тайлбаруудын дотроос «Хятадтай хэрхэн харилцах вэ?» (“Засгийн газрын мэдээ”. 1994. ¹92), «Хоёр хөрштэй харилцах асуудал ба бодит байдал» (“Стратеги судлал” сэтгүүл. 1995. ¹1), «БНСУ-ын орчин үеийн түүхэнд “Умардын бодлого”-ын эзлэх байр» зэрэг нь олон улсын харилцаа, улс төрийн шинэ нөхцөл байдлыг бодитой харгалзан үзсэн чансаатай бүтээл болсон юм. Тэрбээр «Хятадтай хэрхэн харилцах вэ?» гэдэг өгүүлэлдээ уг харилцаанд Монгол улс бодит байдал, бүс нутаг, дэлхий дахинд эзлэх байр сууриа зөв тодорхойлж, Хятад ба Монголын харилцааны түүхэн уламжлал, эдийн засгийн хүчний харьцаа зэргийг харгалзан үзэхийн чухлыг дурьджээ. Ялангуяа Хятадтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаанд зохицуулалт, судалгаа чухал байгааг онцлон анхааруулсан байна. «Иргэд хооронд, хилийн худалдааны хүрээнд хоёр улсын харилцааг сэвтүүлж мэдэх ноцтой асуудал өдий төдий хуримтлагджээ. Хятадын хууль бус, чанаргүй бараанд хордох явдал ихсэв. Хятад архинд хичнээн аавын хүү амиа алдав. 

Хятад улсын хөгжил, Хятадын ард түмний соёлыг Хятадын чанаргүй бараагаар төсөөлөөд орхив…Бид Хятадтай харилцаа сайжруулах бэлтгэлгүй байсан гэдгийг дахин хэлье. 1990 он хүртэл Хятадын талаар судалгаа хийдэг ганц хүрээлэнтэй байсан. Тэр нь ШУА-ийн Дорно дахин, олон улс судлалын хүрээлэн юм. Өөр газарБХЯ, НАХЯ-нд судалж байсан байж болно. Гэвч цэгц судалгаа байгаагүй юм. Бас эдгээр газарт улс төрийн талаас нь, гол нь “харгис Маоизмд” няцаалт өгөх хэлбэрээр судалж байснаас хэтдээ яах бол гэдгийг нэг их ойшоож байгаагүй. Гэтэл өнөөдөр Хятадыг судлах явдал бүр алга болов. Хятад судлал Монголын хувьд мөхөв гэлтэй…Хятадын асудлаар зөвлөмж боловсруулж байгаа албан газар, хүрээлэн, институт алга. Бүх юмыг зөнд нь орхилоо. Засгийн газар, эрх баригч намд Хятадын талаар цэгцтэй үзэл баримтлал алга. Удирдлага-жолоо цулбуур гэж алга. Худалдаа үйлдвэрийн яамны нүсэр аппарат Хятадтай хийж буй худалдаанд хэр хяналт тавьж байна вэ? гэвэл бэлэн хариулт байхгүй…Ер нь Хятадтай харилцах, гэрээ хэлцэл, арилжаа наймаа хийх нь хэн дуртай хүний хувийн асуудал болчихоод байна гэхэд гүтгэсэн болохгүй. Төвд ингэж хяналтаа алдсан юм чинь орон нутаг-аймаг сумдад Хятадтай яаж харилцаж байгаад хэн ч хариулт өгч чадахгүй. ийнхүү Монгол-Хятадын харилцаабидний хүссэнээс өөрөөр эргэн, эх захаа алдаж, замбараагүй байдалд оржээ» хэмээн бичээд уг харилцаанд голлох үүрэг хүлээх ёстой Гадаад Харилцааны Яам, Худалдаа Үйлдвэрийн Яамны эрхийг өргөтгөж, үүргийг өндөржүүлэхийн сацуу Хятадтай харилцах тухай үзэл баримтлал боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж мөрдөх, хоёр улсын хилээр зорчих, худалдаа наймаа хийхэд тавих хуулийн байгууллагын хяналтыг сайжруулах, Хятадын талаар судалгаа хийх хүрээлэнг дахин байгуулж ажилд нь оруулах зэрэг тодорхой асуудлуудыг дэвшүүлсэн байна. «Хоёр хөрштэй харилцах асуудал ба бодит байдал» гэдэг өгүүлэлд ч мөнэх газарт түгжигдсэн, далайгаас хол, байгаль цаг агаарын эрс тэс бүсэд оршдог зэрэг бодит байдалдаа дүгнэлт хийж, хоёр хөрштэйгөө тогтоосон уламжлалт харилцааг олон улсын харилцааны хэм хэмжээг мөрдлөг болгон хөгжүүлэх тухай өгүүлсэн байна. 

Д.Баярхүүгийн зарим нийтлэлд асуудлыг хэт хурцатгасан, зөвхөн өөрийн үзэл бодлын үүднээс цочмог дүгнэлт хийсэн байдал ажиглагддаг боловч энэ ньардчилсан нийгмийн нөхцөл дэх үзэл бодлын сэтгүүл зүйд гайхмаар зүйл биш юм. Олон улсын амьдралыг дагнан судалж, үйл явдлын түүхэн үндэс, учир шалтгааныг нарийн тодруулж, уншигч, үзэгчдэд цэгцтэй ойлголт өгдөг олон улсынтойм, тайлбар, өгүүлэл илт үгүйлэгдэж байгаа өнөө үед тэрхүү хоосон орон зайг нөхөж байгаад Д.Баярхүүгийн нийтлэлийн үнэ цэн оршиж байгаа юм.

Д.Баярхүү сүүлийн үед өөрийн орны улс төрийн амьдрал, хөгжил дэвшилд санаа болохуйц шүүмжлэлт, шог хошин аястай өгүүлэл, нийтлэл нэлээдийг бичжээ. Ийм бүтээлийн тоонд «Барын идэштэй муур буюу шилдэг 76, 99, 108», «Тэрслүү прогноз буюу 2020 оны Монгол», «Ухаарал гэгээрэлд хүрэх Монголын зам», «Доктор профессор Монгол улс мандтугай», «Одон медаль ба галзуугийн больницын амьдрал», «Урлагийн хур ядуу Монголыг боймлов», «Монголын тухай марзан дурсамж», «Жанжин Сүхбаатар ба атаман Семенов», «Социализмаа санагалзан капитализмаа байгуулъя» зэргийг дурьдаж болно. 

Тэрбээр «Барын идэштэй муур буюу шилдэг 76, 99, 108» гэдэг бичлэгтээ нийгэм эд хөрөнгө, эрх мэдэлтэй нэгнийг даган хуйларч, тэднийгээ тойрон хүрээлж, бялдуучлан зусардах аргаа олж ядахдаа зууны, оны хийгээд тийм, ийм салбарын шилдгүүд гэж биесээ үндэслэлгүйгээр тодруулан хийрхдэг гаж зуршил тогтсоныг егөөдөн шүүмжилсэн бол, «Доктор профессор Монгол улс мандтугай», «Одон медаль ба галзуугийн больницын амьдрал» гэдэг ойролцоо сэдэвтэй нийтлэлдээ Монгол улс зах зээл рүү оронгуут л баахан Ерөнхийлөгч, Захирал, Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал гарч ирээд, одоо бараг хоёр хүний нэг нь ийм зэрэг дэвтэй болсон төдийгүй олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр олж авдаг элдэв цол хэргэмийг ч “нохойн гуя”-аар даллаад авчихдаг болсон хачирхалтай үнэнийг шоглон бичжээ. Тухайлбал «Эдүгээ Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрчид, тэдэн дээр нэмэгдээд бараг бүгдээрээ нэрийнхээ өмнө “доктор, профессор” хэмээх цол гуншинг ичихгүй зүүх болов. Хүн амын жар гаруй хувь нь “боржигон” овогтон болж нэг цус ойртсоноо одоо эх захгүй, дэндүү хяналтгүйгээр эрдмийн цус ойртов бололтой» гэж бодит байдлыг их хурц тусгасан байна. Мөнсүүлийн үед одон медаль, цол хэргэм олгох явдал хэмээс хэтэрсэн тухайд «Ингэхэд одон медаль гэж юу вэ? Тэр нь ямар ач холбогдолтой, ялангуяа хүртсэн хүндээ юу өгдөг вэ гэдэгт тодорхой хариу тайлбар өгөх хүн ховор байх. Гэвч хэн ч татгалздаггүй энэ эдэд ямар нэгэн ид шидийн зүйл оршоод байна уу?, үхэхэд гашуудлын үгэнд дурсагддаг энэ хэдэн өнгөлсөн төмөр ер эзэндээ хэр өгөөжтэй эд вэ?» гэдэгт өөрийн үзэл бодлын үүднээс зоримог хариу өгсөн байна.

Д.Баярхүү «Урлагийн хур ядуу Монголыг боймлов» гэдэг өгүүлэлдээ аль ч улс орны хөгжлийн тэргүүлэгч хүчин зүйлд эдийн засаг, санхүү, экспорт, капиталын хуримтлал ордог бол дагалдагч хүчин зүйлд урлаг, уран сайхан, утга зохиол ордог. Гэтэл ядуу Монголын хувьд урлаг тэргүүлэгч хүчин зүйл мэт болчихоод байгааг шүүмжилж, үүнээс учирч болох үр дагаврыг сэрэмжлүүлжээ. Уг нийтлэлд «Урлаг, дуу хуураа хөгжүүлсний ачаар өөдөлж дэгжсэн улс орон дэлхийд нэг ч байхгүй. Энэ бол хөгжлийн түлхүүр биш гэдэг нь нэгэнт батлагдсан. Ардчиллын буянаар зад тавьсан энэ их дуу хуур, концерт шоу Монголчуудын генид дэвшил авчирсангүй, харин ч гэмт хэргийн өсөлт гэрлийн хурдаар өсч, ядуурал, золбин тэнэмэл амьдрал, ажилгүйдэл, архидалт, эрүүл мэндийн доройтол газар авлаа» гэхчилэн бичсэн байна.

Д.Баярхүү улс төр, нийгмийн аль ч асуудлыг авч үзэхдээ дэлхий дахины чиг хандлагыг баримжаа болгож, өргөн цар хүрээгээр сэтгэж бичдэг нийтлэлч юм. Олон нийтийн анхааралд төдийлөн өртөөд байдаггүйч хор хохирол нь далдуур мэрэн идэж байдаг зохисгүй явдал, гаж тогтолцоог олж хараад оновчтой санал дүгнэлт гаргаж бичдэг нь түүний нийтлэлийн бас нэг онцлог мөн. Тэрбээр саяхан «Хамгаалуулах зөвлөл ба “доктор үйлдвэрлэл» гэсэн гарчигтай өгүүлэл бичсэн нь шинжлэх ухаан, боловсролын салбарынхны анхаарлыг зүй ёсоор татав. Энэ салбарынхны дунд байнга яригдаж, нэр төр, атаа жөтөөний аль алийг дагуулж ирсэн эмзэг асуудлын нэг нь эрдмийн зэрэг цол олгох явдал юм. Наяад оны хоёрдугаар хагаст сэтгүүлч Ц.Дашдондов «Дээд комиссын доод ажил» гэдэг асуудал дэвшүүлсэн өгүүллээрээ эрдмийн зэрэг цол олгох ажилд оршиж ирсэн олон жилийн дутагдал доголдлыг уудлан илчилсэн билээ. Гэвч түүнээс хойших хориод жилд дахиад л олон асуудал гарч ирсэн байна. Тийнхүү хуримтлагдсан зохисгүй явдал Д.Баярхүүгийн өгүүлэлд тусгагджээ.

Зохиогч энэ өгүүлэлдээ, эрдмийн зэрэг цол олгох ажил хэт хавтгайрч чанар нь доройтсон, хамгаалуулах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд тавих хяналт суларсан, нэр төр, албан тушаалаа ахиулахын тулд эрдмийн зэрэг, цолыг шударга бус аргаар олж авах явдал илэрхий болсон зэрэг ноцтой асуудлыг хөндсөн юм. Монголд эрдмийн зэргийг хоёр шаттай олгодог бөгөөд доод шатны доктор хамгаалуулах эрхийг их, дээд сургуулиуд, дээд шатныхыг нь ШУА эзэмшдэг. Аль алинд нь “Хамгаалуулах зөвлөл” гэж бий. Олон улсын жишгээр бол тэдгээр зөвлөлд тухайн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтдийг шилж оруулах ёстой байдаг. Гэтэл Монголд энэ зарчим төдийлөн хэрэгжихгүй байгааг зохиогч баримтаар шүүмжилжээ. Тухайлбал МУИС-ийн ОУХС-ийн Олон улсын харилцааны магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд тухайн салбарт огт хамааралгүй хүмүүсийг олноор оруулсны дээр зөвлөлийн гишүүдийн нэлээд хэсэг ньхориод жилийн тэртээ социализм, коммунизмыг магтан дуулж эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс байгааг онцлон буруушаасан байна. Нөгөө талаар Хамгаалуулах зөвлөл нь ядуу Монголд мөнгө хүүдийлэх нэг боломжит суваг болж, зэрэг горилогчдоос хэдэн зуун мянга, бүр сая хүртэл төгрөг нэхдэг, түүн дээр зөвлөлийн гишүүдийн гарыг цайлгах, хооллож ундлах, хамгаалсны дараа хөлгүй их найр хийх зэргээр асар их зардал гардаг, шуудхан хэлэхэд номтой нь биш, мөнгөтэй нь хамгаалдаг цаг ирснийг хурц шүүмжилсэн юм. 

Зохиогчийн дэвшүүлэн тавьсан бас нэг асуудал нь олон салбарын хамгаалуулах зөвлөлд тавих хяналтыг чангатгаж, янз бүрийн “академи”-иудыг цэгцэлж, цол, зэрэг олгох ажлыг журамлах явдал ажээ. Тэрбээр эрдэмтэн төрөн гарч байгаа өнөөгийн байдлыг харуулж «Зардал чирэгдлийг нь гэж тээршаахгүй бол ШУА, Их, Дээд сургуулийн эрдэмтэн багш нартай үнэ ханшаа тохиролцоод нэг их зовлонгүй болсон байна. Миний танил нэгэн сэтгүүлч хэдэн сая төгрөгөөр нэгэн компанийн захирлын түүхийн доктор горилсон диссертацийг бичиж өгснөө хуучлав. Хэрэв та доктор болоод авбал бараг тэр жилдээ академич болчих боломжтой. Учир нь ШУА-даа гомдож мөчөөрхсөн хэсэг эрдэмтэн “Үндэсний ШУА” хэмээн өрх тусгаарласан, бас төрөл мэргэжлээрээ болон хувь хүний төөргөөр маш олон академи үүссэн. Зурхай, хүн судлалын академийн академич, доктор, профессоруудтай та бид томхон хийд , хүнсний томхон захуудад алхам тутамдаа тааралдаж байгаа. Хүн амьтны алганы хээ үзэх, мэргэ төлөг буулгах, засал хийх, сан тавих зэргээр тэдний аяглахыг эрдэм шинжилгээний ажил гэх үү, эсвэл шилжилтийн Монголын өнөөгийн нийгмийн нүүр царай гэх үү, та өөрөө дүгнэлт хийгээрэй. Хэд хэдэн академийн гишүүнээр өргөмжлөгдөөд ганц биедээ ахдахаар олон цол тээж яваа хүн Монголд зөндөө бий болсон тул одоо жинхэнэ нь юм уу, хуурамч нь юм уу гэдгийг ялгаж салгах боломж үнэндээ алга. Нийгэм тэр хүний өөрийнх нь зарласнаар л шууд хүлээн авдаг завсрын буянтай цаг ирээ юү гэлтэй» хэмээн их л шоолонгуй өгүүлжээ. 

Зохиогч цааш нь «Хэрэв та Монголдоо докторын эрхэм тэр цолыг олж авч эс чадваас, эсвэл жинхэнэ доктор гэж хэлүүлье гэвэл хойшоо хил алхаад Улаан-Үд, Эрхүү, Новосибирскт ямар ч салбарт, ямар ч саадгүйгээр доктор хийчих боломжтой. Бэлээхэн тэнд диссертацийг чинь бичээд тавьчихсан бүхэл бүтэн мафийн сүлжээ тосоод авна. Нэг их зовлон удахгүйгээр таны хамгаалалтыг амжуулаад өгнө» гэхчилэн бичсэн байна. Энэ нь манай зарим бэлтэй мөнгөтэйчүүд тэнд энд очоод, тийм ийм докторын диплом аваад иржээ гэсэн явган яриаг анх удаа хариуцлагатай хэвлэлийн хуудсаар мэдэгдсэн хэрэг болжээ. Зохиогч өгүүллийнхээ эцэст Дорнод Европын зарим орон ардчилсан тогтолцоонд шилжсэнийхээ дараа коммунист нийгмийн үеийн үзэл сурталжсан диссертациудыг хүчингүй болгосон хатуу ч гэсэн шударга шийдвэрийг манайд хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлсэн юм. 

Д.Баярхүү нийгмийн тулгамдсан асуудлыг гярхай мэдэрч, асуудалд хэний ч санаанд оромгүй өвөрмөц талаас нь хандан, заримдаа бүр этгээд, сөргүү агуулгатай ч гэж болмоор сонин барилтай бичдэг нийтлэлч болохыг түүний бүтээл гэрчилж байна. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бодит зүйл болсон өнөө үед уран бүтээлчдэд олгогдсон оюуны эрх чөлөөг эдэлж байгаа хэрэг юм.

Д.Баярхүү


ИХ УНШСАН
    Сонин хачин