Илэрхий сэтгэл

2019.02.11

Хув хуурай шөнийн хүйтэнд хотын гэрлүүд улам цогтой тодоор гялалзана. Алдарт дуурийн дуулаач МУГЖ, профессор СУИС-ийн багш Очирбатын Ичинхорлоотой уулзахаар явж байв. Ихо багш хуучнаар сайд нарын II эмнэлэгт хэвтэж байгаагаа утсаар хэлсэн юм. Хуучны эмнэлгийн цэвэрхэн урт хонгилууд, намхан тааз, андуурмаар адилхан хаалганууд. Ив ижилхэн, цав цагаан энэ олон хаалганы алинд нь Ихо багш намайг хүлээн суугаа юм бол...?

Хүний амьдралд ирдэг хувь заяа, сонголт, боломжууд яг эдгээр хаалга шиг нууцлаг хаалттай чигээрээ хүлээж байдаг байхдаа. Амьдралын олон хаалгыг анхлан татаж өчнөөн хүнд цэлийтэл нь нээж өгсөн их замч энд түр биеэ сувилан суугаа.

Ихо багш дуурийн дуулаач биш бүжгэн жүжигчин бүр цагаан хун шиг... Хачин дэгжин, уян налархай хэрнээ ихэмсэг ялдам. Өглөө бүр эртлэн босч цэмцийтэл үс гэзгээ янзалж, нүүрээ ялдамхнаар будаж хэвшжээ.

Эмнэлгийнхээ орон дээр өд шиг хөнгөхнөөр хөлөө ачин суусан 70 гаруй настай алдарт дуучин ягаанаар уруулаа будаж, номин ногоон сул цамц өмсч үргэлж инээд хөөртэйгөөр ярих нь автам сайхан аж. Бүжгэн жүжгийн сургуулилт хийх нь үү дээ гэмээр зузаан ноосон оймстой хөлөө үе үе шаланд хүргэнэ. Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж энэ л байх даа.

 

Их хувь заяа

Ихо багш Орос хэлний нэлээд акценттай дуудлагаар ярих нь сонин. МУГЖ, профессор дуурийн дуулаач О.Ичинхорлоо бол Монголын ууган сэхээтнүүдийн нэг яах аргагүй мөн юм. Тэр арван тавхан насандаа Болгар улсын Хөгжмийн Академийн дуурийн дуучны ангид Болгарын нэрт сурган хүмүүжүүлэгч Добри Спесареевски багшийн гарын анхны монгол шавь болж онц төгсчээ. Доктор, профессор Добри Спесареевски бол зургаан орны хэл мэддэг дэлхийн дуурийн урлагийн хэд хэдэн школыг нэгэн зэрэг эзэмшсэн дэг сургуулийн эксперт хүн юм.

Монголын суут хүмүүсийн шавь байна гэдэг их хувь заяа. О.Ичинхорлоо гуайн багш бол Монголын урлагийн ноён оргил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нар юм. Ийм л агуу дөрвөн багшийн шавьд энгийн явах, эгэл биш амьдрах эрх эхнээсээ өгөгдөөгүй биз. Гэхдээ энэ их хувь заяагаа тэр өөрөө эрж хайж, таньж атгасан түүхтэй. Эх орны дайны дараа хаа холын Завхан нутгаас их нүүдлээр хотод ирсэн Очирбатынх бяцхан охиноо Амгаланд айлд суулгаад Түнхэлийн модон заводыг барааджээ. Охин өлсөх, ганцаардах, гадуурхагдахын эрхэнд Богд ууланд гялалзах одон орны шар оройг бишрэн ширтэж “Би ерөөсөө тэнд л ажилладаг хүн болно” гэж мөрөөдөж байв. Суусан айлаасаа явбал, хөдөө гэртээ очно. Хөдөө гэртээ харивал хэн болохоо үл мэднэ. Тэртээд гялалзан харагдагч газар ажиллахын тулд тоондоо сайн байх ёстой гэдгийг томчуудаас мэдэв. Ингээд Ихо толгой өөд татдаггүй тоочин болсон байна.

Амралтаараа модон заводод очиж тариачин хятад өвгөний зааж өгснөөр ойр зуурын хятад хэл сурч амжиж. Харин Баянчандманийн дунд сургуульд найман настайдаа элсэн орохдоо тэр хөршийнхөө орос хүүтэй хамт орос хэл заалгаснаар унаган орос хэлтэй болжээ. Тоондоо толгой цохидог охин долдугаар ангиа 1962 онд төгсөхөд нь төр засаг эдийн засагчаар эгнээгээ нэмэхээр гэрчилгээг нь санхүүгийн хоёр жилийн сургуульд илгээчихэж. Аргагүйн эрхэнд Сангийн аж ахуйд явж ирээд хичээлдээ явсангүй. Нагац ах нь дэвтрийг нь шалгах юм болтол баригдаж “хэрэг” мандаж дээ. Ах дүү хоёр хөдөө суугаа аав ижийдээ юу гэж хэлэхээ эс мэдэж байх хооронд цовоо охин Монголын радиогоор “Улсын ардын дуу бүжгийн чуулгын их найрал хөгжимд хүн шалгаруулж авна” гэсэн зар сонссоноо “тэнд л ормоор байна” гээд ахдаа тулгачихаж.

Баянчандманийн дунд сургуульд байхдаа ЗХУ-ын маршал Воршилов гэгч хүнийг угтахад л ганц удаа орос дуу дуулж түүнээс хойш багшдаа зодуулахаас айхдаа “...залуу жолооч машиндаа залуураа бариад мушгинаа” хэмээн дуулж үзсэн охиныг ингэж хэлнэ чинээ санаагүй нагац ах нь гайхаж хоцорчээ. Охин суран бүсний амт үзсэн ч тэр газарт л хүргэж өгөхийг “шаардсаар” байв. Ингээд санасандаа ч хүрэв.

Шалгуулахаар ирсэн бяцхан охин их хуур дарахаар “ноцолдож” байхыг харсан Л.Цогзолмаа багш нь өхөөрдөж бас өрөвдөн “Чи эмэгтэйчүүдийн найралд очоо энд ингэж зүдрээд яахав. Нэг дуу аялаадхаач” гэжээ. Гэтэл нөгөө шазруун шар охин “Үгүй” гэсэн гэдэг. Сүүлд нь Болгарт сурахаар дуучнаар тэнцсэн хойноо Цоцо багшаасаа “хүн хуурдаг” гэдэг донго авсан удаатай. Тэр үеийн хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн (Ардын жүжигчин, УГЗ) “Энэ нөхрийг найрал дуунд чирч аваач” гэж байсан ч хожмоо Иход олон сайхан дуурийн бүтээлүүдээ зориулсан гэдэг. Харин Мөөеө багш нь “За яахав дээ, энэ муу охин ядарсан жаахан амьтан байна” гэснээр шалгуулахыг зөвшөөрчээ. Амьдралдаа хөгжим гээчийн бараа ч хараагүй охин шөнөжин ажил дээрээ ахдаа цоожлуулж сургуулилсны хүчинд хөгжмийн зохиолч Ардын жүжигчин Л.Мөрдөржийн байгуулж буй чуулгад ийнхүү тэнцэж Монголын анхны их хуурч эмэгтэй болсон түүхтэй.

Арайхийн санасандаа хүрч байтал нэг удаа жигтэйхэн гоё ах, эгч нарын (Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Ардын жүжигчин А.Загдсүрэн) дуулахыг үзээд дотроос нь нэг зүйл оволзоод ирж. Тэр хоёрын дууг дагаж аялсаар сурчихаж. Чуулгынх нь ах эгч нарын дуурь гээчийг байгуулахаар шалгаруулалт явуулж буй тухай яриа чихийг нь дэлдийлгээд болсонгүй. Чуулгынхаа нэг эгчийг “Та намайг тэнд хүргэж өгөөч” гээд шалж гарч дээ. Мэргэжлийн эрэгтэй дуучид хоёр сар бэлдээд тэнцээгүй чи юугаа хийх вэ гэж цааргалсан ч шалсаар хүргүүлсэн байна.

Цэл залуухан Г.Хайдав, Д.Лувсаншарав гурван орос мэргэжилтний хамт сууж байж. Шалгуулах гэтэл дуулах дуугүй гэж үнэнээ хэлж гялалзсан ганган Г.Хайдавт зад загнуулж хөөгджээ. Гэнэтхэн шазруун зан нь хөдөлсөн Ихо Г.Хайдав дуучны өөрийнх нь хоолойг яг дуурайгаад “аваад хаячихав”. Гурван мэргэжилтэн орос ч Г.Хайдавыг шоолж нэг сайн инээж авч дээ. Харин Д.Лувсаншарав гуай “энэ жаахан охин эрэгтэй хүнийг ийм сайн дуурайж дуулах гэж” хэмээн ихэд тоосон аж. Москвагийн консерваторыг төгссөн Г.Хайдав, А.Загдсүрэн хоёрыг алдалгүй дуурайж дуулаад бас болоогүй оросоор талархлаа илэрхийлснээр амьдралынхаа хаалганы алтан түлхүүрийг баттай атгасан бяцхан охин бол О.Ичинхорлоо байлаа. Ингээд л томчуудын нүдийг орой дээр нь гаргасан жижигхэн “Жигтэйхэн амьтан бэ?” нь Болгар улсыг зорьж мэргэжлийн дуурийн дуучны 100 гаруй жилийн түүхтэй сургуульд зургаан жил суралцаж Монголын анхны сопрано хоолойтон төгсөж иржээ. О.Ичинхорлоо манай дуурийн урлагийн анхны солистуудын нь нэг юм.

О.Ичинхорлоо эмэгтэй хүнийхээ хувьд өөрийгөө сайн ханьтай учирсан азтай эмэгтэй гэдэг. Тэр Тээврийн яамны сайд Ядамсүрэнгийн ганц хүү тэр үеийн тэргүүний сэхээтнүүдийн нэг Болд агсны эхнэр юм.

О.Ичинхорлоо багш Луяа, Мөеө, Хайдав багшийгаа санан дурсаж эмнэлгийн цонхоор алсыг ширтэн “Энэ хүрэх замыг минь гэрэлтүүлсэн их бурхад минь” хэмээн гунигтайгаар санаа алдсан юм.

 

Хөөрхөн Хоролмаа

О.Ичинхорлоо 1966-1973 онд Улсын Дуурь Бүжгийн театрт гоцлол дуучнаар ажиллаж Дж Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Кети Пинкертон, В.Мураделийн “Октябрь” дуурийн Мануша, Ш.Гуногийн “Фауст” дуурийн Маргирита, А.Бородинийн “Игорь Ван” дуурийн эмэг эх, С.Рахманиновийн “Алеко” дуурийн Земфира, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа, “Тэмцэл” дуурийн Дуламсүрэн, Л.Мөрдорж “Хөхөө намжил”-ын Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд”-ийн Норовлхам зэрэг давтагдашгүй сайхан дүрүүдийг бүтээн урлагийн нандин өвийг үлдээсэн дуучин юм. Монголын дуурийн тайзнаа ид гялалзаж олон орноор аялан тоглож, олон улсын уралдаануудаас тэргүүн байруудыг нь авч байхад гадны судлаачид түүний тухай бичиж байлаа. 1977 онд Буриадын эрдмийн их театрт П.Чайковский, Дж Пуччини, С.Гончигсумлаа нарын бүтээлээс дуулахад нь Буриадын нэрт театр судлаач, найруулагч Жамсран Церэнжапов “Восточная правда” сонинд өгсөн ярилцлагадаа Монголын залуу дуурийн дуучин Ичинхорлоо манай дуурийн тайзнаа Болгарский школоор гайхуулав” хэмээн уулга алдаж байв.

Ийнхүү эзэгнэж явсан театрынхаа хаалгыг Ихо нэг л өдөр хаагаад дахиж хэзээ ч буцаж очоогүй юм. Нам төрийн хатуу бодлого, үзэл суртлын зиндаархалд өртөж тоглолтод гарахын өмнө өөр дуучинд хувцсаа тайлж өгөхийг “шаардсан”-аас болж тэр дахиж ирэхгүйгээр буцав. Дуурийн урлагийн тайзыг өндөр дээд тэнгэрлиг, цэвэр ариун байлгахыг хүсэгч нь Ихо багш. Тиймээс л тэр явсан. Хэтэрхий зарчимч, эрс шулуун замаасаа тэр хэзээ ч буцаагүй. Шавь Г.Ариунбаатарыгаа дуурийн ганц театр нь урихыг хүлээсэн боловч уриагүй учир гуйгаагүй бас тоогоогүй. Ихо багш ариун тайзанд алдар нэрийн төлөөх ашиг сонирхол шургалахыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй урлагийн төлөөх ариун сэтгэлт нэгэн юм. Түүний энэ эрхэмсэг оршихуй шавь нараа дэлхийн тайзнаа сойж тэндээс ирэх “Монгол дэг сургууль” гэж тусдаа үүсчээ хэмээн шагшин гайхах, хүлээн зөвшөөрөхийг нь хүртэж суух нь дээдийн аз жаргал байдаг бизээ. Тиймээс ч тэр Г.Ариунбаатарыг дэлхийн тайзнаас анхны шагналаа аваад ирэхэд нь суга таягаа хол шидчихээд хэлсэн амандаа хүрч туфлиэ өмсөөд цагаан хадгаа дэлгэн тосч чадсан багш.

Өөрийн бүтээсэн дүрүүдээсээ Хоролмаа, Чио Чио сан хоёртоо хамгийн их хайртай. Хоролмаагийн дүрийг Ихо багш илэрхий сэтгэлтэй, зоригтой монгол эмэгтэйгээр бүтээхийг мөрөөдөж түүндээ хүрч чадсан урлаач. Тэр энэ тухайгаа “Хоролмаа муу санаатай, муухай эмэгтэй биш. Тэр бол маш зоригтой, илэрхий сэтгэлтэй” бүсгүй хүн. Энэ бол хүн гэдэг амьтанд байдаг л чанар юм хэмээн өмөөрсөн юм. Түүнийг Хоролмаагийн дүрийг анх бүтээхэд дүрлэгэр алаг нүдтэй дэндүү хөөрхөн Хоролмаа гэцгээж байж. Ихо багш бүхнийг гэгээн сайхнаар сэтгэж, эерүү зөөлнөөр хүлээн авдаг хэтэрхий гэмээр зөв хүн. Тэр энэ л сэтгэлээрээ Хоролмаагаа бүтээжээ. Түүнд үгийнхээ цаана нуух битүүлэг утга, үйлс бүтээлээсээ гуйвах зан огтхон ч үгүй. Ихо багш өөрөө хэтэрхий гэгээн, илэрхий сэтгэлтэй энгүүн эмэгтэй билээ.

О.Ичинхорлоо дуурийн театраас явснаасаа хойш шинээр үүсгэн байгуулагдаж байсан Улсын филармонийн тайзнаа дуулсан юм. Улсын филармонийн симфони найрал хөгжим, Эстрадын “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ” хамтлагуудтай 4000 гаруй концертонд хамтран тоглож Монголынхоо бүх хотууд, сум, сууриудад хүрч ард түмэндээ ая дуугаа хүргэсэн нэрт дуучин.

Дуучин О.Ичинхорлоо Ж.Пуччини, Ж.Вөрди, Ш.Гуно, И.С.Бах, П.Чайковский, С.Рахманинов, Ф.Шуберт, Р.Шуман, Ф.Лист, Б.Шарав, Н.Жанцанноров, С.Гончигсумлаа нарын бүтээлүүдээр нийт 25 удаа концерт тоглосон нөр их хөдөлмөрийн эзэн. Мөн телеконцерт 10, дуу, ари, романсын нийт 20 дууны клип болон бусад олон уран бүтээлийг урын сандаа багтаажээ.

Замыг минь гэрэлтүүлэгч

Ихо багшийн бүх шавь “Багшдаа маш их хайртай” гэж хэлнэ, зарим нь багшийнхаа тухай ярихдаа нүдэнд нь нулимс гялтагнана. Хүний сэтгэлд магтаалын хуурай үгс орох ч зайгүй болтлоо хайраар дүүрэх нь бий. Бид ч заримдаа ачлалт аав ээжийнхээ тухай магтаад байдаггүй “Миний сайхан аав ээж” гээд л чимээгүй болдог шиг... Яг л түүн шиг Ихо багшийн хүүхдүүд багшийгаа хайрладаг. Ихо багш бүх шавиа хүүхдүүд гэж ярина. Төрүүлсэн гурван хүүхдээсээ тэднийгээ дээр доор тавьж байсан удаагүй. Дуурийн урлагт зориулсан 60 жилийнхээ 40 жилийг нь багшлах эрдэмд зориулж яваа гайхамшигтай хөтлөн дагуулагч ажээ. Ихо багш гарынхаа 100 гаруй шавийг бэлтгэснээс МУГЖ, Чингис хааны одонт Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал зэрэг дуурийн болон рок попын олон сайн дуучид өнөөдөр хийж бүтээн гялалзаж яваа. Тэр дундаа дуучин МУГЖ Г.Ариунбаатарыг дэлхийн цараатай дуучин болоход түүний оруулсан хувь нэмрийг мэргэжлийн урлагийн мастерууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Г.Ариунбаатарын авьяасыг таньж шуудхан л М.Глинкийн нэрэмжит уралдаанд сойсон. Багш хүн, хүний хувьд “Маш сайхан хүн байх ёстой” гэдэг үзлийг О.Ичинхорлоо гуай багш нараасаа өвлөн авчээ. Зөвхөн тайзан дээр соёлтой биш амьдрал өөрөө тайз учраас үргэлж өндөр ёс суртахуунтай байхыг тэр хүүхдүүдээсээ шаарддаг зарчимдаа үнэнч, тайзандаа хүндэтгэлтэй багш.

Дэлхийн дуурийн урлагийн мэргэжилтнүүд Ихо багшийн шавь нарын дуулахыг сонсоод “Энэ хаанахын школ вэ?”, “Та хэний шавь бэ?” гэж асуудаг болтол Монголын дуурийн урлагийг хүлээн зөвшөөрүүлж чадсан үлэмж гавьяатай хүн нь О.Ичинхорлоо багш юм. Тэр манай монгол хэл бол Италийн дуурийн хэлэнд яг тохирдог онцгой сайхан хэл хэмээн бахархан ярих дуртай. Бас хүүхдүүдэдээ итали, герман, франц, орос хэлээр дуурийн дууны урлагийг заахдаа авиа бүр дээр нь нямбайлан ажиллаж маш цэвэр тод, зөвөөр дуулуулж сургадаг онцгой мэргэжилтэн. Болгарын хөгжмийн академийн Добри Спесареевски багшийнхаа онцгой ийм эрдмийг өөртөө шингээн авч өдгөө Ихо багшийн дэг сургууль гэдгийг үндэслэн хөгжүүлж чаджээ.

Очирбатын Ичинхорлоо хэмээх хүнийг нээх, хийж бүтээснийг нэг бүрчлэн дурдах гэвэл хэдэн сонины нүүрэнд ч багтахгүй агуу том ертөнц билээ. Харин түүний илэрхий сайхан сэтгэлийг нь бишрэн алмайрч, хэдхэн хоромд ярилцан суухад бурхнаас бидэнд илгээсэн мэт ийм л сайхан хүнтэй нэгэн цаг үед амьдарч байгаадаа өөрийгөө мөн их хувь заяатайд тооцон баясна.

Хүйтэн шөнийн одод, хотын гэрэлтэй өнгө хоршин хорвоо дэлхий улам ч уудам цэлгэр, хот улам ч амар амгалан уянгатай, хөгтэй болсон мэт. Сэтгэлд минь гэгээн сайхан хүний гэрэлтүүлж өгсөн зам дурайж байгаа учраас гарахдаа олон хаалганд огтхон ч будилсангүй.

Ихо багш ингэж л хүний сэтгэлд сүүн зам татуулж, ирээдүйнх нь хаалгыг цэлийтэл нээж өгдөг байх даа...

 

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. А.Мөнхжин


ИХ УНШСАН
    Сонин хачин