• Эхлэл
  • М.Энхсайхан:Орлогоо ирээдүй үетэйгээ хуваалцья гэвэл хамаагүй эрүүл байхсан

М.Энхсайхан:Орлогоо ирээдүй үетэйгээ хуваалцья гэвэл хамаагүй эрүүл байхсан

2019/02/18

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Оюун-Эрдэнэ Норвегийн сангийн талаар хөндсөн нь олон нийтийн дунд бас нэгэн хэлэлцүүлгийг дэгдээгээд байгаа. Сангуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.

 

Дэлхийн улс орнууд хойчийн ирээдүйгээ бодоод хөрөнгө мөнгө хадгалах гэж оролдож байсан нь Баялгийн сан нэртэй эдийн засгийн том үзэгдэл болж ялангуяа 2000-аад оны үед их л хүч авч байсан байдаг.

Энэ үзэгдэл Монголыг бас тойроогүй. Нэн ялангуяа суперциклийн үед уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байх үед тун моодонд орсон яриа болж байсан.

Бусад орнуудаас хоцроод яахав гэсэн бололтой Норвегийн сан руу олон ч хүмүүс очиж туршлага судалж байж. Манайх шиг зэс ихтэй Чили орноос суралцья хэмээн тэднийхээс эрдэмтэн мэргэдийг залж өөрсдөө ч зөндөө очсон. Гэвч Монголд Баялгийн сан жинхэнэ утгаараа байгуулагдаж чадаагүй. Харин Монгол яаж бүтэлгүйтснийг хичээл болгон Оксфордод ярьж байхыг энэ муу дэлдэнгээрээ сонссон нь саяхан даа. Яагаад бүтэлгүйтсэн тухай, юу хийх ёстой талаар  зарим санааг хэлбэл энэ асуудлыг дахин сөхөж буй хүмүүст хэрэг болох буйзаа.

Уул уурхайн түүхий эд дахин нөхөгдөхгүй байгалийн нөөц учир түүнийг олборлож, ашигласнаас олсон орлогыг зөвхөн энэ үеийнхэн идэж ууж, хэрэглэх биш мөн ирээдүй болсон хойч үедээ нэг хэсгийг нь үлдээх гэдэг үндсэн зарчмаас энэхүү сан байгуулах санаа үүсэлтэй юм.

Манайхны зарим нь байгалийн нөөцөө онгон хэлбэрээр нь хойч үедээ үлдээх шахуу юм ярьдаг. Энэ нь оюуны залхуурал, өөрсдөө энэ үеийнхэн хоцрогдолтойгоо байя гэсэнтэй агаар нэгэн сонсогдох юм. Үүний оронд байгалийн нөөцийг зохистой ашиглая, олсон орлогоо ирээдүй үетэйгээ Сан байгуулж хуваалцья гэвэл хамаагүй эрүүл байхсан.

Хойчоо боддоггүй өнөөдрөөр амьдрагсад уул уурхайгаас олсон орлогыг бушуухан зарцуулахыг хүсдэг. Хүний л араншин юм шиг байгаа юм. Монголчуудад энэ хандлага маш хүчтэй.

Уул уурхайгаас олсон хэдэн мөнгөө нэгэн улс төрч “иргэн бүрт нэг нэг сая төгрөг болгоно тараана” гэсэн. Өрсөлдөгч тал нь “1,5 сая төгрөг өгнө” гэв. Шинээр гэр бүл бологсдод 500К тараана гэлээ. Гэх мэтээр Уул уурхайгаас олж буй орлогоо тарааж цацаж эхлэв. “Гэнэтийн ашгийн татвар” гэж хойч үетэйгээ хуваалцах хөрөнгийг төсвөөр дамжуулан “идлээ”.

Хамгийн гол нь энэ мөнгийг авч байснаа ихэнх нь мартчихсан өнөөдөр уул уурхайг харааж суугаа байх.

Монголд тохиолдсон явдал бусад оронд мөн л гарч болох байж. Тэд арай л ухаалаг хандсан байдаг. Яаж? Хамгийн түрүүнд санг хэрхэн нэрлэх вэ гэдгээс эхэлсэн байдаг. Баялгийн санг Баялгийн гэж нэрийдвээс хүмүүс  сангийн хөрөнгө мөнгийг хадгалах биш зарцуулахыг улс төрчдөөс илүүтэй шаарддаг байна. Тийм шаардлагын эсрэг зогссон хэнбугайч дараачийн сонгуульд унах тавилантай юм.

Улс орнууд Нөөц сан, Тогтворжуулах сан гээд янз бүрийн нэр томьёо гаргасан байдаг. Норвеги өөрийн сангаа Тэтгэврийн сан гэж нэрлэв. Тэтгэвэртэй ямар ч холбоогүй л дээ. Гэхдээ Тэтгэврийн сан гэсэн нэршил олон хүмүүсийг олсон мөнгөө зарцуулах бус, хадгалах ёстой гэдэгт итгүүлсэн байна.

Монголд иймэрхүү сан байгуулах яриа гарч байх үед миний бие “Зовох цагийн сан” гэсэн нэр томьёо санал болгож байв. Ярьж ярьж, туршлага судалж судалж олонхи нь 2009 онд “Хүний хөгжлийн сан” гэгчийг байгуулсан. Ингэж үрлэгийн үүд нээгдэж, Хүнээ хөгжүүлэх хэрэгтэй гээд уул уурхайгаас олсон мөнгөө цацаж эхэлсэн. Мөнгө нь дуусахаар Төрийн өмчит компанийн нэрээр зээл авч баахан өрөнд орсон байдаг.

Тэр их цацсан мөнгөө улс төрчдийн хармаанд орсон гэж хавтгай хардагсад нь дийлэнх болчихоод Монгол өөрийгөө өнөөдөр зовоож байх шиг.

Үйлийн үр юмуу даа гэж бодогдох.

Нөхцөл байдлаа ухаарах аядаж 2016 онд “Ирээдүйн өв сангийн тухай” хууль гаргаснаар  “Хүний хөгжлийн сан” гэдэг үрлэгийн үүд хаалга хаагдсан. Хамгийн гол нь супкерцикл дуусч сул мөнгө орж ирэхээ болисон явдал манай улс төрчдийг ухаарал руу түлхээд байгаа. Яг ухаарсан уу гэдэг тун эргэлзээтэй. Түүний нотолгоо нь ЖДҮ болон бусад сангууд.

“Ирээдүйн өв сан” гэдэг нэршил “Хүний хөгжлийн сан” гэдэгтэй харьцуулбал сэтгэлгээний хувьд нэг алхам урагш болсон байх. Гэвч хууль нь байж л байдаг хөрөнгө мөнгө нь байхгүй л байна. 

Хоног хоногоор дундарч байдаг байгалийн нөөцөөс олсон орлогоос ирээдүй үедээ өнөөдөр Монголчууд юу ч үлдээхгүй байна л гэсэн үг.

Үйлийн үр гэж байдаг л юм билээ.

Мэндсайханы Энхсайхан. 2019.02.17

ЭХ СУРВАЛЖ:paxmongolica.org

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин